Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс яг 70 жилийн өмнө Зөвлөлт Холбоот Улс анхны цөмийн зэвсгээ туршиж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс яг 70 жилийн өмнө буюу 1949 оны наймдугаар сарын 29-ний өдөр Зөвлөлт Холбоот Улс анхны цөмийн зэвсгээ туршиж байв. Энэ үйл явдал Хүйтэн дайны түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

Японы хоёр хотод АНУ атомын бөмбөг хаяснаас дөрвөн жилийн дараа өнөөгийн Казахстаны Семипалатинскийн туршилтын талбайд Зөвлөлт улс анхны цөмийн зэвсгээ туршжээ.

АНУ өөрийн хяналтын системийн тусламжтайгаар цөмийн дэлбэрэлт болсныг мэдсэний дараа ерөнхийлөгч Харри Трумэн өрсөлдөгч гүрэн нь цөмийн зэвсэгтэй болсныг зарлаж байв.

Өрнөдийн орнууд Зөвлөлт Холбоот Улс цөмийн зэвсэгтэй болоход олон жил шаардлагатай гэж тооцоолж байсан юм. Гэвч АНУ-ын цөмийн судалгааны байгууллагуудад шургaлсан тагнуулын тусламжтайгаар Зөвлөлтийн эрх баригчид энэ хугацааг богиносгож чадсан гэж үздэг.

Тухайн үед Америкийн цахилгааны инженер Юлиус Розенбэргийг Зөвлөлтийн талд атомын бөмбөгний нууц технологийг дамжуулсан гэж буруутгажээ.

1949 онд Зөвлөлтийн туршсан бөмбөгийг АНУ-ын арми Японы Нагасаки хотод 1945 онд хаяж байсан “Fat-Man” нэртэй бөмбөгний хуулбар гэж үздэг.

Анхны цөмийн зэвсгийн хор хөнөөлийг хэмжих зорилгоор туршилтын талбайд нисэх онгоцнууд, зэвсэг техник, 1,500 гаруй мал амьтныг оруулж байжээ.

Үр дүн нь Зөвлөлтийн инженерүүдийн төсөөлж байснаас хавьгүй илүү байсан гэдэг. Анхны туршилтаас хойш Семипалатинскт хамгийн багадаа 456 удаа цөмийн бөмбөг дэлбэлсэн гэх тоо бий. Туршилтын талбайг анхны дэлбэрэлтээс хойш яг 42 жилийн дараа буюу 1991 оны наймдугаар сарын 29-нд албан ёсоор хааж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty