Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагчийн авлигын хэргийг дахин шүүхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын дээд шүүх Самсунг группийн өв залгамжлагчийн авлигын хэргийг дахин шүүх шийдвэр гаргажээ. Сөүл хотын дунд шатны шүүх Ли Жэ Ёний хэрэгт хэтэрхий хөнгөн ял оноосон гэж дээд шүүх дүгнэсэн байна.

Ли нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, түүний найз Чой Сүн Сил нарт авлига өгсөн хэргээр 2017 онд яллагдаж байв.

Одоо 51 настай Ли Жэ Ён жил орчим хугацаанд хоригдсоны дараа таван жилийн хорих ялаа дөрвөн жилийн тэнсэн харгалзах ялаар солиулж, өнгөрсөн оны хоёрдугаар сард суллагдсан юм.

Шүүхийн шийдвэрийг алдаатай гэж үзсэн прокурорууд болон төрийн бус байгууллагууд дээд шүүхэд давж заалдсанаар ийнхүү дахин шүүхээр болж байна.

Экс ерөнхийлөгчийн шадар хүн Чой Сүн Силийн охины морин спортын бэлтгэлд зориулж Самсунг группээс тусгай үүлдрийн гурван морь бэлэглэж байсныг дунд шатны шүүх авлигад тооцоогүй юм. Тэгвэл дээд шүүх уг бэлгийг Самсунг группийн удирдах эрх мэдлийг авахын тулд ерөнхийлөгчид өгсөн авлига гэж дүгнэжээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын тэтгэврийн сан нь Самсунг группийн том хувь эзэмшигч учраас эрх мэдэл хуваарилахад нөлөөлүүлэх зорилгоор Ли Жэ Ён уг бэлгийг өгсөн байна.

Японы засгийн газрын экспортын хоригийн үр дүнд бизнесийн нөхцөл нь хүндрээд байгаа Самсунг Электрониксийн хувьд өнөөдрийн шийдвэр том цохилт болж байгаа юм. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Самсунг Электрониксийн хувьцааны ханш 2 хувиар унаж, Samsung BioLogics, Samsung C&T компаниудын хувьцаа 8 ба 6 хувиар тус тус унажээ.

 

Эх сурвалж: Reuters