Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагналтан Ноёори Рёожи: Монгол Улс бакалаврын дараах түвшинд онцгой анхаарах хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МУИС нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх үүрэг болон зорилтынхоо хүрээнд "МУИС-ийн Нобелийн шагналтны цуврал лекц"-ийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн зочноор Химийн салбарын Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи Монгол Улсад айлчлан ирж, “Where am I from? Where are you going?” сэдэвт лекцийг Монголын их дээд сургуулиуд, ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, багш судлаачдад зориулан уншсан юм. 

Тэрбээр яриандаа Монгол Улсын дээд боловсролын салбарын хөтөлбөр, зорилгыг сайшаагаад түүнд хүрэхэд шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолж байв. 

Ийнхүү лекцийн дараагаар Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи дээд боловсролын талаар сэтгүүлчдийн асуултад цөөн хором хариулт өгснийг хүргэе.

- Япон улсын дээд боловсролын системээс манай улс авч хэрэгжүүлбэл зохих туршлагын тухайд ямар бодолтой байдаг вэ?

- Миний хувьд Монголын боловсролын системийн суурь болон бага дунд боловсролын талаар мэдлэг багатай. Харин дээд боловсролын хувьд Япон улс шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг хамгийн их чухалчилж үздэг. Учир нь Японы засгийн газраас шинжлэх ухаан, технологийг үндэсний өрсөлдөх чадварын гол тулгуур гэж үздэг.

Мөн дээд боловсролын хувьд бакалаврын хичээл чухал. Гэхдээ үүнээс илүү магистр, докторын хичээл илүү чухал юм. Энэ талаар Монгол Улсын хувьд Японоос хоцорч явж байна гэж ойлгодог.

Ирээдүйн нийгмээ бодож байгаа бол бакалаврын дараах түвшинд онцгой анхаарах хэрэгтэй. Тухайлбал, бакалавраа төгсөөд ажиллахад мэдээж хэрэг цалин авдаг. Тэр ч утгаараа магистр, докторт суралцаж байгаа оюутнуудыг дэмжиж, урамшуулах замаар сургалтыг нь дэмжвэл шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгцээгээ гүйцээж чадна гэсэн үг.

- Өнөөдрийн лекцээрээ та ямар санааг илүүтэй онцолж ойлгуулахыг зорьсон бэ? 

- Би олон жил судлаач эрдэмтэн хийж байна. Миний бодлоор шинжлэх ухааны мэдлэг нь бүх юмны эх үүсвэр гэж ойлгодог. Энэ мэдлэгээс бид дээд зэргийн гайхалтай технологийг гаргаж чаддаг. Ингэж технологийн дэвшлийг нийгэмд бий болгосноос эдийн засгийн үр өгөөж нь гарч ирдэг.

Иймд шинжлэх ухаан нь Монгол Улс төдийгүй хүн төрөлхтөнд ач тустай зүйл юм.

- Та хэлэхдээ тогтвортой хөгжил, хамтын  ажиллагаа гэдэг зүйлийг их онцолсон. Яагаад ийнхүү онцолж ярих болов. Дээд боловсролыг хөгжүүлэхэд ямар хамтын ажиллагаа чухал болохыг тодруулж өгнө үү?

- Хөгжил бол өсөлт биш. Хөгжилд хязгаар гэж байхгүй төдийгүй тоогоор биш чанараар хэмжигдэх ёстой гэж боддог. Хүн төрөлхтөн болон энэ дэлхийн бүх зүйл хязгаар дунд байдаг.

Аль ч улс орны аж үйлдвэрийн салбарын хөгжлийг харахад дангаараа оршин тогтнож чаддаггүй. Заавал хамтран зүтгэсний дүнд хөгжин дэвшиж байгаа. Миний бодлоор аливаа зүйл дээр өрсөлдөхүйц байх ёстой гэдэгтэй санал нийлдэггүй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвараас хамтран ажиллах чадвар нь илүү чухал гэж боддог.