Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын армийн цэрэг, техник хилээр нь нэвтэрсэнд Хонг Конгчуудын санаа зовж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө эх газраас Хонг Конгийн хилээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) цэрэг, техникүүд орж иржээ.

Хятадын төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг энэхүү ажиллагааг Хонг Конгод байрладаг ХАЧА-ийн гарнизоны бүрэлдэхүүнийг сэлгэх үйл явц гэж тайлбарласан байна. Жил бүр ингэж гарнизоны цэрэг, техникийг нь шинэчлэн сольдог болохыг мөн тайлбарлажээ.

Тус агентлагийн мэдээнд хуягт тэрэгнүүд, цэрэг ачсан автомашинууд хил дээр байгааг, бас тэнгисийн байлдааны хөлөг Хонг Конгийн боомтод ирснийг гэрэл зургаар харуулсан байна.

Энэ жилийн сэлгэлт нь цэрэг, техникийн тооны хувьд 2017, 2018 онуудад болсон ажиллагаануудынхтай тэнцүү хэмжээнд байгааг Шиньхуа мэдээлжээ.

Гэхдээ нарийн тоо баримтыг дурдаагүй байна.

ХАЧА-ийн Хонг Конгийн гарнизон 8,000-аас 10,000 орчим цэрэгтэй гэсэн тоо байдаг. Сүүлийн бараг гурван сарын турш үймээн самуунтай байгаа Хонг Конгод ирэх Бямба гарагт томоохон эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулагдах юм.

Цагдаагийн газар өнөөдөр зохион байгуулагчдад нь арга хэмжээг хориглох мэдэгдэл хүргүүлжээ.

Хилээр олон тооны цэрэг нэвтэрсэн үйл явдлыг Хонг Конгийн парламентын гишүүн, Иргэний намын төлөөлөгч Дэннис Квок улс төрийн суртал нэвтрүүлгийн нэг хэлбэр гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

“Энэ бол Хонг Конгчуудад анхааруулга өгөх зорилготой үйлдэл гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ цэргийн хүч хэрэглэвэл энэ нь Хонг Конгийн хувьд төгсгөл болно гэдгийг би төв засгийн газрынханд дахин дахин сануулж байгаа. Одоо ч гэсэн сануулж байна” гэж тэрээр ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian