Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Берлин хот байрны түрээсийн үнийн дээд хязгаарыг тогтоохоор төлөвлөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Германы нийслэл нь хямд үнэтэй түрээсийн орон сууцнуудтайгаараа алдартай. Гэхдээ сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгөөр ашиг олох гэсэн хүмүүс Америк, Хятад, Европын бусад орнуудаас энд ихээр ирж, үнэ ханш өсөх хандлагатай байгаа.

Тиймээс Берлин хотын захиргаа энэхүү алдар нэрээ баталгаажуулах зорилгоор түрээсийн үнийг дээд хязгаартай болгох хуулийн төслийг саяхан боловсруулсан байна. Үүнээс гадна зургаадугаар сард тус хотын удирдлага түрээсийн байрны үнийг 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд царцаах арга хэмжээ авсан.

3.7 сая хүнтэй Берлин хотын оршин суугчдын 85 хувь нь түрээсийн сууцанд, дөнгөж 15 хувь нь өөрийн өмчийн сууцанд амьдардаг ажээ.

Тэгвэл Социал Демократууд, Ногоон намын хамтарсан захиргаа түрээсийн байрны үнийг нэг метр квадрат талбай тутамд дээд тал нь 7.97 еврод хязгаарлах тохиролцоонд хүрээд байгаа гэнэ. Энэ үнээр бол 100 м.кв талбайтай байрны сарын түрээс 800 евро орчмоос хэтрэхгүй болно.

Гэхдээ энэ хязгаарлалт 2014 оноос өмнө баригдсан байрнуудад үйлчлэх юм. Хууль батлагдвал ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Шинэ хуулийн төслийг дэмжигчид нь Германы нийслэл бол баян, ядуугаараа хуваагдаж амьдардаггүй хот байх ёстой гэж үзэж байна.

Мөн хямд түрээс нь дэлхийн өнцөг булан бүрээс зохиолчид, зураачид зэрэг оюуны хөдөлмөр эрхлэгчид Берлинд ирж бүтээлээ туурвих таатай боломж олгодог гэж тайлбарлажээ.

Үүнээс гадна Германы үндсэн хуулинд иргэн бүр амьдрах орон байраар хангагдах эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл амьдрах байртай байх нь эд хөрөнгөтэйгээ харуулах зүйл биш гэж үздэг байна.

Харин шинэ хуулийг шүүмжлэгчид нь түрээсийн үнэнд хязгаар тавьснаар Берлин хот хөрөнгө оруулагчдыг үргээж, орон байрны хомсдол улам нэмэгдэнэ гэж айж байгаа юм.

1989 онд Берлиний хана нурснаас хойш 20 орчим жилийн хугацаанд тус хотын хүн амын тоо бараг өсөөгүй бол сүүлийн арван жилийн хугацаанд жилд 40,000-аар нэмэгдсэн байна. Гэтэл өнгөрсөн онд ердөө 16,000 айлын орон сууц шинээр нэмэгджээ.

1862 онд батлагдсан хуулиар Берлин хотод 22 метрээс өндөр орон сууцны барилга барих хориотой. Энэ нь таван давхраас илүү өндөр барилга бариулдаггүй гэсэн үг бөгөөд галын аюулаас сэргийлэх зорилготой анх тавигдаж байсан шаардлага ажээ. Хуучны энэ хууль одоо болтол үйлчилж байгаа тул шинэ орон сууцнууд нь олон давхар баригддаггүй байна.

Өнөөдөр энэ хотод зочид буудал, оффис зэрэг ердөө 14 барилга л 100 метрээс илүү өндөртэй байдаг.

Энэ хязгаарлалт нь бас иргэдийг орон сууцаар хангахад саад болдог байна.

Гэхдээ энэ хот Хонг Конг, Нью Йорк зэрэг хотууд шиг өндөр өртөгтэй, баян хоосноороо ялгарч амьдардаг хот болох ёсгүй гэдэгт Берлин хотын захиргаа итгэлтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post, Deutsche Welle