Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Оюунбилэг: ТҮЦ-үүдэд түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн заруулахгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN

Өнгөрсөн сард ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хавчуургатай талхнаас болж 22 иргэн хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хүргэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор НМХГ-аас энэ сарын 15-наас хойш буюу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө стандарт зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг ТҮЦ-ээр худалдаалахгүй байх тухай мэдэгдэл гаргаж, дээрх хугацаанд зөрчлийг арилгаагүй ТҮЦ-үүдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцохыг анхааруулсан.

Энэ талаар бид НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Т.Оюунбилэгээс тодрууллаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

- Юуны өмнө ТҮЦ-нд хүнсний бүтээгдэхүүн яагаад буруу болох тухай манай уншигчдад тайлбарлахгүй юу? 

- Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд нийт 1,100 орчим ТҮЦ ажиллаж байна.

ТҮЦ бол өөрөө ямар ч стандартгүй ажил үйлчилгээ бөгөөд худалдаа үйлчилгээний газрын дагаж, мөрддөг MNS 5021:2007 стандартын наад захын шаардлагыг хангадаггүй.

Тодруулбал, худалдааны стандартад доод тал нь 20 метр квадрат талбайд хүнсний мухлагийн үйл ажиллагааг явуулна гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийн хамгийн том нь л гэхэд 10-15 метр квадрат.

Зөвхөн хэмжээнээс болж ТҮЦ-т хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын лангуу тавиур, худалдааны багаж, хөргүүр хөлдөөгчийг хүрэлцэх хэмжээгээр байрлуулах боломжгүй учраас хүнсний бүтээгдэхүүнийг тасалгааны температурт зарж, борлуулж байна.

Зуны ердийн темпаратур л гэхэд 18-аас дээш градус. Тийм халуун нөхцөлд ил задгай хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулахад нян үржиж, хордлого болон халдварт өвчин үүсэх эрсдэл бий болно.

Ялангуяа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн болох ороомог, бургер, пирошки гэх мэт зүйлийг ТҮЦ-нд огт зарж болохгүй.

Учир нь хоол хүнстэй харьцдаг хүн зургаан сар тутам эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох ёстой байдаг ч ТҮЦ-ийн худалдагчид зургаан сар тутам шинжилгээнд орсон эсэх нь эргэлзээтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ТҮЦ эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангахгүй учир хүнсний бүтээгдэхүүн худалдах боломжгүй гэсэн дүгнэлтийн бүр 2012, 2013 онуудад гаргаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байсан удаатай.

- Тэгвэл ТҮЦ-т худалдаалагдаж буй түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн хэн хэрэглэж байна вэ?

- Чанарын шаардлага хангахгүй нөхцөлд борлуулж байгаа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг ТҮЦ-үүдээс ихэвчлэн сургуулийн эргэн тойронд байгаа хүүхдүүд болон оюутан, сурагчид авч байна гэсэн тандалт судалгаа бий.

Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард гарсан хордлоготой холбоотойгоор наймдугаар сарын 15-наас өмнө ТҮЦ-үүдэд түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг заруулахгүй гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. 

Нэмж хэлэхэд, хоол хүнс гэдэг маш чухал зүйл учраас хүнстэй харьцаж буй тухайн аж ахуйн нэгж нь заавал "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэл"-д бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг.

Гэтэл ТҮЦ ямар ч стандартгүй ажил, үйлчилгээ учраас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулах бүртгэл огт байхгүй.

Зарим ТҮЦ-үүд бэлэн гоймон зарахын зэрэгцээ бүр ус буцалгаад бэлэн гоймонг нь дэвтээж өгөх тохиолдол бий. Энэ бол байж боломгүй асуудал.

Ер нь бэлэн гоймонг сургуулийн насны хүүхдэд зарах нь ч буруу шүү дээ.

Энэ тал дээр тухайн худалдагч өөрөө нийгмийн хариуцлагынхаа талаас, хувь хүнийхээ зүгээс ч анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Зөвхөн хүнс ч гэлтгүй сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор тамхи худалдаалах хориотой. Гэтэл ТҮЦ-нд тамхи зарсаар л байна.

Энэ асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, тамхийг хурааж авч, торгох хүртэл арга хэмжээ авдаг.

Гэвч хашрахгүй дахин дахин энэ төрлийн зөрчлийг гаргасаар байдаг нь харамсалтай.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулиудын эргэн тойронд байдаг худалдаа үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийж эхэлсэн.

Хэрвээ ТҮЦ-т хаяг шошгогүй, хадгалалтын горим алдсан хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.


НМХГ-ын ТҮЦ-үүдэд хүргүүлсэн мэдэгдэл: