Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны шалгаруулалтад худал материал өгсөн иргэд шууд хар жагсаалтад орно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зурггийг Mpa.mn

Нийслэлийн орон сууцны корпарацаас "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Өнгөрсөн долдугаар сарын 22-ноос хойш 14 хоног үргэлжилсэн түрээсийн орон сууцны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн бүртгүүлжээ. Эдгээрээс одоогийн байдлаар 60 хувь нь буюу 580 иргэн тэнцсэн байна. 

Харин үлдсэн 40 хувь буюу 392 айлыг сонгон шалгаруулж газрыг нь чөлөөлж, түрээсийн орон сууцад хамруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн эхний шалгаруулалтад тэнцсэн 580 иргэний материалыг цаасан хэлбэрээр дахин шалган, тулгаж байгаа. Хэрвээ мэдээлэл нь зөрсөн тохиолдолд хар жагсаалтад орно гэдгийг Нийслэлийн орон сууцны корпарацын холбогдох албаныхан онцолж байв.

Хэрвээ дахиад 3,000 орон сууц баригдвал 70-аас дээш настай ахмадууд бүгд орон сууцад хамрагдах боломжтой

 
Гэрэл зурггийг Mpa.mn

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар "Бүртгүүлсэн иргэдийн материалыг үндэслэн сонгон шалгаруулах комисс хуралдаж, журамд заасны дагуу эрэмбэлсэн. Бид өнгөрсөн долоо хоногт эхний шатанд шалгарсан иргэдээс материалыг нь дахин цаасан хэлбэрээр авч дууссан. Сонгон шалгаруулах комисс маргааш дахин хуралдаж, хоёр материалыг нэг бүрчлэн шалгана.

Хэрвээ иргэд буруу бүртгүүлсэн, эсвэл худал материал өгсөн тохиолдолд шууд хар жагсаалтад оруулна.

Хар жагсаалтад орсон иргэд манайхаас явуулж буй ямар нэг арга хэмжээнд дахиж хамрагдах эрхгүй болно.

Ийм учраас эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн зарим нь хар жагсаалтад орохгүйн тулд цаасаар материалаа өгөхөөс татгалзсан тохиолдол гарч байна.

Цахим бүртгэлийн давуу тал нь олон иргэдийг бүртгэлд хамрагдах боломжийг хангаж өгсөн. Мөн сонгон шалгаруулалтыг хэн нэгний оролцоогүйгээр хамгийн шударгаар явуулж байна.

Хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Учир нь бид зөвхөн батлагдсан журмын дагуу л сонгон шалгаруулж байгаа.

Тухайлбал, Залуу гэр бүлийн энгийн түрээсийн орон сууцад 6-14 жил ажиллаж, нийгмийн даатгал төлсөн залуус тэнцсэн бол түрээслээд өмчлөх хэлбэрт дандаа 12-16 жил ажилласан иргэд орж байна.

Ахмад настан дээр энгийн түрээс дээр 87-100 настай ахмадууд орсон гэх мэт зөвхөн журмын дагуу л ажиллана.

Цахим бүтгэлийн бас нэг давуу тал нь маш том судалгаа болж өгч байгаа.

Тухайлбал, тоо баримтаас харахад хэрвээ дахиад 3,000 орон сууц баригдвал 70-аас дээш настай ахмадууд бүгд орон сууцад хамрагдах боломжтой байна. 

Мөн бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 хувь нь Монгол гэрт, 9 хувь нь нийтийн байранд, 41 хувь нь дэд бүтэцгүй байшинд, 2 хувь нь чингэлэг болон амбаарт амьдарч байгаа бол бусад нь үлдсэн 9 хувьд багтаж байна гэсэн үзүүлэлт гарсан.

Энэ нь түрээслээд өмчлөх орон сууцыг улам түлхүү явуулах шаардлагатайг харуулж байна. Бид анх удаа түрээслээд өмчлөх хөтөлбөрийг хэрэгжүүлж, анх удаа олон айлын хамгийн багадаа 4 га газрыг орон сууцаар сольж эхэлж байна.  

Харин бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэг асуудал гараагүй бөгөөд ажил гацаж зогссон зүйл байхгүй. 

Зарим иргэд болон хэвлэлийн байгууллага сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлига авсан гэх мэтээр буруу ташаа мэдээллийг явуулж байна.

НОСК-ийн албан хаагчдаас Авлигатай тэмцэх газар асуудалд орсон эсвэл шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт хэвийн явагдаж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

НОСК ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм "2019 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам батлуулсан.

Тус журмын дагуу л бид ажиллаж байгаа. Маргааш бид хоёр асуудал шийднэ.

Нэгдүгээрт, эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн хоёр материал ямар ч зөрүүгүй бөгөөд мэдээлэл нь үнэн бодитой иргэдийн орон сууцад хамрагдах эсэхийг эцэслэн батална. Батлуулсан иргэд бидэнтэй гэрээгээ байгуулж, байр талбай болон давхраа сонгоно гэсэн үг.

Хоёрдугаарт, гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн ангилал нь шалгаруулахад нэлээд төвөгтэй байсан. Эдгээр иргэдийн эхний сонгон шалгаруулалт хийгдсэн учраас маргааш эцэслэн шийдвэрлэж квотын дагуу тэнцсэн 30 айл нь гамшигт нэрвэгдсэн иргэдийн орон сууцны материалаа бүрдүүлнэ.

Тэнцсэн иргэдэд нэг бүрчлэн утсаар мэдээлэл өгнө. Энэ мэтээр түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт хэвийн явагдаж байна.  

Зарим хэвлэлээр НОСК-ийн гурван ажилтан хоёр тэрбум төгрөгийн авлига авч шалгагдаж байна гэсэн үндэслэлгүй мэдээлэл гарсан.

Тийм хариуцлагагүй мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бид холбогдох байгууллагуудад мэдэгдэж байгууллагынхаа нэр хүндийг сэргээх талаар албан хүсэлтээ гаргасан" гэсэн юм.

Сэтгүүлчид шалгаруулалтад тэнцсэн иргэд хэзээ орон сууцандаа орох талаар асуухад "972 айлын орон сууц бэлэн. Одоо зөвхөн Улсын комисс л хүлээж авах дутуу байна. Маргаашийн хуралдаанаар тэнцсэн иргэд шууд л батламжаа аваад орон сууцны хуваарилалтдаа ороод эхэлнэ" гэж НОСК-ын захирал Б.Сүхбаатар хариулав.