Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

20 жилийн турш нэг ижил тоонуудаар сугалаанд оролцсон Канадын иргэн $60 саяыг хожжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Канадын нэгэн иргэн 20 жилийн турш нэг ижил тоонуудаар хонжворт сугалаанд цөхрөлтгүй оролцсоны эцэст $60 саяыг хожжээ.

Эдмонтон хотын оршин суугч Бон Труонг 2018 оны аравдугаар сарын 26-нд Lotto Max сугалаанаас анх их хэмжээний мөнгө хожсоноо мэдсэн байна.

Гэхдээ тэр сэтгэлийн хөөрлөө дарж, мөнгөө ухаалаг зарцуулахын тулд хонжвороо авалгүй арван сар хүлээхээр шийджээ.

Труонг азтан болсон эсэхээ хэдэн цагийн турш олон дахин шалгасан гэнэ. “Энэ аз миний гэр бүлд ямар утга учиртай зүйл болохыг би удаан бодсон. Амьдралд том өөрчлөлт авчрах тул энэ өөрчлөлтөд бүгд бэлтгэлтэй байх нь зөв гэдгийг би ойлгосон юм” гэж тэр хонжвороо авсныхаа дараа ярьжээ.

Труонгийн азтай тоонууд нь 2, 3, 4, 8, 9, 20, 30 юм байна. Тэдгээр нь түүний амьдралын чухал үйл явдлуудын он, сар, өдөр, гэр бүлийнхнийх нь төрсөн он, сар, өдрүүдийн эвлүүлэг ажээ.

Одоо тэр эхний ээлжинд шинэ байр худалдаж авах бөгөөд ирээдүйдээ зориулж багагүй мөнгө хадгалахаар төлөвлөсөн гэнэ.

Труонг нь Канадын Альберта мужийн түүхэнд Lotto Max сугалаанаас хамгийн их мөнгө хожсон хүн болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: CNN