Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гүржийн экс тагнуулч Берлинд алагдсан хэрэгт хамаагүй гэдгээ ОХУ мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Гүржийн тагнуулын албанд ажиллаж байсан 40 настай Зелимхан Хангошвили Берлин хотын цэцэрлэгт буудуулж амиа алдсан юм.

Тэрээр дөрвөн жилийн өмнө амь насанд нь заналхийлсэн шалтгаанаар Гүржээс дүрвэж, Германд амьдрах болжээ.

Германы цагдаа аллагын хэрэгт сэжиглэгдсэн ОХУ-ын харьяат, 49 настай чечень эрэгтэйг баривчилсан байна. Энэхүү аллагыг Оросын засгийн газар захиалсан гэх сэжиг таамаг яригдаж байгаа юм.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Энэ хэрэгт Оросын засгийн газар ямар ч хамаагүй. Аллагыг манай албан тушаалтнуудтай холбох гэсэн аливаа оролдлогыг би эрс няцааж байна” гэж ярьжээ.

Тэрээр хилийн чанадад баривчлагдсан Оросын иргэний талаар гадаад хэргийн яамнаас лавлах нь илүү зохимжтой гэж нэмж хэлсэн байна.

Германы хуулийнхан уг аллагын цаана гадаадын тусгай албад байгаа эсэхийг нарийвчлан шалгаж байгааг Spiegel Online сэтгүүл мэдээлжээ.

Аллагын цаана ОХУ-ын эрх баригчид байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагаа нэрээ нууцалсан албаны хүн тус сэтгүүлд ярьсан байна.

“Хэргийн цаана Оросын засгийн газар байгаа нь батлагдвал хоёр дахь Скрипалийн хэрэгтэй бид тулгарах болоод байна” гэж албаны өөр нэг эх сурвалж ярьжээ.

Өрнөдийн орнууд гадаадад байгаа иргэдээ Оросын эрх баригчид захиалгаар хөнөөлгөдөг гэж буруутгадаг. Жишээ нь үүнд Британийн нутагт Александр Литвиненко, Сергей Скрипаль нарын амийг хөнөөсөн хэргүүд яригддаг юм.

Хангошвили нь 1999-ээс 2009 онд үргэлжилсэн Чечений хоёрдугаар дайнд ОХУ-ын эсрэг тулалдаж явсан цэргийн командлагч байсан гэдэг. Сүүлд тэр Гүржийн терроризмтай тэмцэх албанд ажиллах болжээ.

2012 онд түүний удирдсан Гүржийн тусгай тасаг Дагестаны хилийн ойролцоо Лопота хавцалд барьцааны хүмүүсийг зэвсэгт этгээдүүдээс суллах ажиллагаанд оролцож байсан юм.

Гүрж, Украины эх сурвалжууд түүнийг исламист бүлэглэлүүдийн дунд шургалж, тагнуулын ажиллагаа явуулдаг байсан гэдэг. Харин ОХУ түүнийг “Кавказын Эмират” нэртэй жихадист бүлгийн гишүүн гэж үздэг тухай Spiegel Online мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP