Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын армийн туршилтын хөлөг тойрог замд 718 хоногийг өнгөрөөж өөрийн дээд амжилтыг тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын агаарын хүчний X-37B сансрын хөлөг өчигдөр тойрог замд яг 718 дахь өдрөө өнгөрөөжээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд тус улсын арми нисгэгчгүй ийм хөлгийн таван хувилбарыг туршилтаар хөөргөснөөс тойрог замд хамгийн удаан аялсан нь одоогийн хөлөг болж байна. X-37B хөлөг бүр өмнөх хувилбараасаа илүү удаан хугацааг тойрог замд өнгөрүүлсээр иржээ.

Одоогийн хөлөг цаашдаа хэр удах нь тодорхойгүй байна. X-37B хөлөг ямар зорилготой, юу туршиж байгааг Пентагон чандлан нууцалдаг. Зарим мэргэжилтнүүд тагнуулын зориулалттай, эсвэл сансрын шинэ зэвсэг туршиж байгаа гэж таамагладаг байна.

Тойрог замд аялж яваа байрлалыг нь ч ил зарладаггүй юм. Ганц тодорхой зүйл нь олон дахин ашиглагдах сансрын хөлгийн технологийг ашиглаж байгаа.

X-37B хөлөг пуужинд тээвэрлэгдэн нам өндрийн тойрог замд хүрдэг. Дараа нь буцаад дэлхийн агаар мандалд орж ирээд ердийн нисэх онгоц шиг хэвтээ чиглэлд газарддаг юм.

Одоогийн хувилбар болох OTV-5 нь 2017 оны есдүгээр сард SpaceX компанийн Falcon 9 пуужинд тээвэрлэгдэж хөөрсөн. Түүний өмнөх OTV-4 хувилбар нь тойрог замд яг 718 хоногийг өнгөрүүлээд 2017 оны тавдугаар сард газардсан байна.

X-37B хөлгийн анхны хувилбар 2010 оны дөрөвдүгээр сард хөөрөөд 225 хоногийн дараа дэлхийд буцан ирж байжээ.

Туршилтын хөлгийг АНУ-ын агаарын зэвсэгт хүчин Боинг компанид захиалж үйлдвэрлүүлсэн бөгөөд ямар үнэ өртгөөр бүтэж байгаа нь ч нууц байгаа юм.

 

Эх сурвалж: CNN