Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэг барих компанид нөөц бололцоог нь тооцолгүй тендер өгснөөс зөрчил гарч байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц сургууль, цэцэрлэгүүдэд ямар байгаа талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн төвийн зургаан дүрэгт бүх шатны боловсролын байгууллагын нийт 190 обьект байгаа аж.

Есдүгээр сарын 1-нд төрийн өмчийн 15 цэцэрлэг, 9 сургууль шинээр ашиглалтад орно

 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Шинээр баригдаж буй барилга болон сургууль, цэцэрлэгийн өргөтгөлд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга танилцуулав.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар бид нийт 81 барилга байгууламжид хяналт, шалгалт хийсэн. Нийт 154 зөрчил илэрснээс бид 140 зөрчлийг арилгуулсан.

Барилгын тухай хууль зөрчсөн буюу барилга угсралтын гэрчилгээ аваагүй гэсэн зөрчилтэй таван аж ахуйн нэгжийн ажлыг түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 21 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд баригдаж байсан "Хангайн хитрун" гэх компанийн гүйцэтгэж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр ноцтой зөрчил илэрсэн учраас барилгын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард түр хугацаагаар зогсоож, өнөөдрийн байдлаар ажил гүйцэтгэгч компанийг солиод байна. 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байсан 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компани болох "Улаанбаатар Барилга" нь зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулсан учраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу таван сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоосон.

Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгааар Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд мөн зөрчил илэрсэн учраас торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах чиглэлээр үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна.

Сургууль цэцэрлэгтэй холбоотой барилгын ажил дээр нийтлэг илэрч буй зөрчил дутагдал нь зарим сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахдаа хүчин чадал, хүн хүч, дотоодын нөөц бололцоог нь тооцолгүйгээр тендерийг өгсөн учраас эдгээр компани шаардлага хангаж ажиллаж чадахгүй байгаа юм.

Мөн төрийн байгууллагууд захиалагчийн хяналтыг шаардлагын хэмжээнд хүртэл хэрэгжүүлэхгүй байна.

Уг нь хөрөнгө оруулалтын хувьд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь өөрөө хяналтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зураг төсөлд хөндлөнгийн хяналтыг тавьж байгаа.

Гэвч хяналтууд шаардлагад хүрэхгүй, хууль дүрмийн хүрээнд явагдахгүй байгаагаас зарим ААН-ийн барилга угсралтын ажил нь норм, дүрмийн шаардлага хангахгүй зөрчлүүд илэрч байна.

Мөн Төрийн өмчийн нийт 15 цэцэрлэг 9 сургууль есдүгээр сарын 1-нд шинээр ашиглалтад орохоор байна.

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 онд хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын 38 төсөл хөтөлбөрийн 29 нь ирэх сарын 1-ний байдлаар ашиглалтад орохоор байгаа" гэлээ.