Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Урьдчилсан байдлаар гурил үйлдвэрлэлд 333.2 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ жил улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийсэн.

Тариалалтаас урьдчилсан байдлаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтойг улсын ургацын комисс мэдээллээ.

Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас тус бүс нутгуудаар ургац бага зэрэг буурах төлөвтэй байгаа аж.

Тодруулбал, байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 11 мянган га талбайд хураалт хийх боломжгүй байгаа бол болц дутуу байснаас 3.5 мянган га талбай тэжээлд шилжих төлөвтэй байгааг комиссын хуралдааны үеэр онцоллоо.

Өнгөрөгч зургаадугаар сарын 25-наас, зарим бүс нутгуудад их хэмжээний бороо, нийт нутгаар долоодугаар сарын 4-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлжээ.

УРГАЦ ХУРААЛТАД ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДАЛ 82 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Энэ жил ургац хураалтад 1,216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллах судалгаа гарчээ.

Одоогийн байдлаар техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай байна. Түүнчлэн ургац хураалтын үед ажиллах тээврийн хэрэгсэл болон цэргийн албан хаагч, оюутны захиалга, ургац тээвэрт ашиглах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авч байгаа гэнэ. Ургацын урьдчилсан тооцооллоор нийт 420 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна.

Үүнээс энэ оны тариалалтад аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50 мянган тонн буудайн үр нөөцөлж, үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулах санал ирсэн байгаа аж.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар гурил үйлдвэрлэлд нийт 333.2 мянган тонн буудай нийлүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна.

Ц.РЭНЧИНСЭНГЭЭ: НЭГ САРЫН ДОТОР ТАРИАЛАНГИЙН ГОЛ ТАЛБАЙДЫН УРГАЦЫГ ХУРААНА ГЭСЭН ТООЦОО ХЭЛЭХЭЭР БАЙНА

Ургац хураалт, тариалангийн бүс нутаг болон тариалан эрхлэгчдийн нөхцөл байдлын талаар Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээгээс тодрууллаа.

-Улсын хэмжээнд ургац хураалтын ажил эхэлж байгаатай холбогдуулаад тариалангийн бүс нутгаар нөхцөл байдал ямархуу байгааг сонирхъё?

-Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүрээнд тариаланчид ургацаа хураахаар эрчимтэй ажиллаж эхэллээ. Цаг агаарын хувьд хавар хуралдсан зөвлөгөөний үеэс төлөвлөж байснаас өөр нөхцөл байдлууд үүссэн.

Тариалалтын дараа буюу долоодугаар сарын эх хүртэл тариалангийн гол бүс нутгаар гантай байлаа. Ялангуяа, хуурсан тариалангийн талбай үндсэндээ ургацаа алдсан. Мөн долоо, наймдугаар сард орсон бороо ургацын болцод харилцан адилгүй нөлөөлж байна.

Тариаланчид нэг үеэ бодвол хөрсний үржил шимээ сайжруулахад анхаарч, бордоог сайжруулж, хог ургамалтай тэмцэх ажилд цаг зав, хөрөнгө хүч зарцуулдаг болоод байгаа.

Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө тариаланчдын ажилд намрын ургац хураалтад хүндрэл учруулах магадлал өндөр байна. Тиймээс болц дүнгээрээ бага зэрэг оройтсон. Өдийд эхний ангилан хадалт эхэлсэн байдаг. Гэтэл одоо урьдчилсан байдлаар есдүгээр сарын 6-наас хойш эхний ангилан хадалт орох болов уу гэсэн төлөв байдал ажиглагдаж байна.

-Ургацын болц дүнгээрээ бага зэрэг оройтсон. Өдийд эхний ангилан хадалт эхэлсэн байдаг ч хэд хоногоор оройтож байгааг та хэллээ. Энэ нөхцөл байдалд юу нөлөөлөв?

-Намар оройтсон борооноос ургацын нөхцөл байдал хүндэрч байна. Болцыг гүйцээх дулааны хангамж дутагдаж, хөрсний чийг бага байгаа учраас эргэж нялхрах асуудал үүсгээд байгаа. Тиймээс заавал ангилж хатааж, стандартын шаардлага хангасан будаа авахгүй бол үтрэм дээр нойтон будаа авах магадлал ихсэж байна.

-Тариалалтад цаг агаарын нөхцөл байдал чухал нь мэдээж. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс гадна тариалан эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?

-Энэ жил тариаланчдад үүсч байгаа нэг бэрхшээл нь буудайн үнийн асуудал. Нэг га талбайд ногдож байгаа өртөг, зардлын хэмжээ, түлш шатахууны үнэ, техник, тоног төхөөрөмжийн үнэ, бордоо гэх мэт тариаланд хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг ихэвчлэн вапютаар авдаг.

Тэдгээр валютаар авдаг зүйлсийн үнэ өссөн учраас нэг га-д гарах бодит зардал ойролцоогоор 550-600 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхээр тариаланчдын зүгээс холбоондоо тавьж байгаа гол асуудал бол үнийн тухай байна.

Гурилын үнийг өсгөхгүйгээр барихад буудайн урамшууллаа багадаа 120 мянган төгрөгт хүргээч ээ гэсэн саналууд хэлээд байгаа. Хэрвээ урамшууллаа нэмж чадахгүй бол нэг тонн улаанбуудайн улсад тушаах үнийг ойролцоогоор 650 мянгаас доошгүй үнээр өгөхгүй бол тариаланчид цаашдаа алдагдалд орох нөхцөл байдал үүснэ хэмээн буудай үйлдвэрлэж байгаа гол тариаланчид хэлж байгаа юм.

Эрт ургацын дийлэнхийг усалгаагаар шийддэг учраас төмс, хүнсний ногооны ургац харьцангуй боломжийн байгаа. Харин төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамддаг хамгийн чухал асуудал бол зоорийн аж ахуй юм. Дараа нь томоохон төв, суурийн газрууд дахь борлуулалтын асуудал тулгамддаг. 

-Зоорийн аж ахуйн технологи, нөхцөл байдлыг сайжруулах боломж харагдаж байна уу?

-Аж ахуй эрхлэгч ногоочид зээлээс зээлийн хооронд амьдардаг. Бага талбайд үйлдвэрлэл эрхэлж, ихэнх ажиллагаа буюу ажлын 60-70 хувь нь гар ажиллагаагаар явдаг. Тийм учраас техник, тоног төхөөрөмжийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байхад зоорио шууд механикжуулаад явах боломж хомс.

Нөгөө талаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшуулал бараг байдаггүй. Бор зүрхээрээ, банкны зээлээр үйлдвэрлэл нь явж байдаг хүмүүс.

-Удахгүй хүйтрэх төлөвтэй байна. Ургац хураалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Есдүгээр сарын сүүлээс цаг, агаар хүндэрнэ гэсэн урьдчилсан дүгнэлт явж байгаа. Гэвч тодорхой хэлж мэдэхгүй юм. Үр, тарианы үйлдвэрлэлд ашиглагдах хураах техникийн хүчин чадал өмнөх жилүүдийг бодвол харьцангуй сайжирсан.

Одоо дахиад ОХУ-ын зээлээр ч техник орж ирж магадгүй. Тиймээс нэг сарын дотор тариалангийн бүс нутгийн гол хэсгүүдийн ургацыг хураана гэсэн тооцоо хэлэхээр байна. Түүнчлэн ургацыг ангилах хадах шаардлага үүсэж магадгүй. Тиймээс ангилангийн техникийн дутагдал гарах вий гэж сэрэмжилж байна.

-Хөдөө, орон нутгийн хүмүүс хот руу суурьших нь ихэсч байгаа энэ цаг үед газар, тариалан эрхлэх хүн хүч дутагдалтай байгаа болов уу?

-Хүний нөөц их дутагдалтай байна. Оюутан, цэргийн албан хаагч гэхээс илүү сум, орон нутагтаа байгаа запуус тариалангийн ажилд өдөр өдрөөр ч юм уу тусалдаг байсан бол одоо тийм хүмүүс байхгүй болжээ. Уул уурхайг дагах, хот, суурин газрыг бараадах зэрэг нөхцөл байдлаас үүдэн газар, тариалан эрхлэгчид ажлын байр, ажиллах хүчний хомсдолд ороод байна.

Жишээлбэл, үтрэм дээр их хэмжээний нойтон будаа буулаа гэхэд сэлгэх, ачиж буулгахаас эхлээд хүндрэлтэй асуудлууд үүснэ. Засгийн газрын зүгээс оюутан, сурагчдын хичээлийг ядаж аравдугаар сарын 15 болтол түр хойшлуулж, намрын ургацын ажилд туслуулах, хугацаат цэргийн албан хаагчдыг хамруулах гэх мэтээр өмнө ашиглаж байсан туршлага дээрээ үндэслэж, тариаланчдыг бодлогын зохицуулалтаар дэмжээсэй.

Газар

тариалангийн

үзүүлэлт

2017 оны ургацын урьдчилсан баланс /мян.тонн/

2018 оны ургацын урьдчилсан баланс /мян.тонн/

2019 оны ургацын урьдчилсан баланс /мян.тонн/

Үр тариа

271.8

450.3

441.9

Буудай

259.2

425.8

420

Төмс

102.3

151

176.8

Хүнсний ногоо

75.7

95.1

91.2

Тосны ургамал

23.6

30.1

38

Малын тэжээл

47.3

86.3

80.4

Зураг