Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын цалин ба хүйсийн ялгаварлал

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 8 сарын 29
iKon.MN
 

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн талаарх хэвшсэн ойлголтыг эвдсэн нэгэн сонирхолтой судалгааг Унгарын Өтвөш Лорандын их сургууль(ELTE)-ийн эдийн засгийн ангийн бакалавр Б.Болдмаа хийжээ.

Өгөгдлийг сайтар байцаавал үнэнээ өчдөг
 – Роналд Көүз, Нобелийн шагналт эдийн засагч

“Монгол дахь эрчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү" хэмээх энэхүү судалгааг хийхдээ Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан Ажиллах хүчний статисик 2017 буюу үндэсний хэмжээний статистик датаг ашигласан байна. Үр дүнд нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өндөр цалин авдаг бус, боловсролын түвшнээс хамаараад эрчүүд эмэгтэйчүүдээс бага цалин авч буйг гаргаж иржээ. Энэ нь цалингийн талаар хүйсээр ялгаж биш, салбар бүрээр нарийвчлан гаргаж, түүнд нь тулгуурласан тогтолцоо бий болгох шаардлагатайн илэрхийлэл хэмээн үзсэн байна.  



Хэрхэн ийм дүгнэлтэд хүрсэн талаар тоо баримтад тулгуурлан задлан тайлбарлая. 

Эрэгтэй, эмэгтэй хүний цалингийн зөрүүг ойлгоход хоёр төрлийн шалтгаан буйг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, боломж бололцооны зөрүү буюу эрэгтэй, эмэгтэй хүний боловсрол

  • ажиллаж буй салбар
  • албан тушаал
  • ажиллаж амьдарч буй нутгийн ялгаа гэх мэт хамаарна. 
Хоёрдугаарт, хүйсийн ялгаварлал буюу яг ижил нас, мэргэжил, боловсрол, гэрлэлтийн  байдал, ажил эрхлэлт, салбарт ажилладаг эрэгтэй, эмэгтэй хүний цалинг харьцуулахад үүсэж буй зөрүү юм. 
Хэн нь илүү өндөр цалинтай вэ? Боломж бололцооны зөрүүг харцгаая!
Арифметик дунджаар харвал эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс цагт 60 төгрөгөөр илүү цалин авч байна. Харин медиан утгыг харвал эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 320 орчим төгрөгөөр илүү цалин авч байгааг СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш С.Өнөр тодотгосон юм. Тэрбээр энэхүү судалгааг энгийн болгон хүргэхэд тусалсан билээ.
 
Боломж бололцооны зөрүүг хамгийн товч, тодорхой харуулах үзүүлэлт бол арифметик дундаж бус медиан цалин юм.

Учир нь арифметик дундаж гэдэг нэлээд асуудалтай ойлголт билээ. Өндөр цалинтай хүмүүсийн цалин ихээр өсөөд, бага цалинтай хүний цалин өөрчлөгдөөгүй эсвэл буурсан байхад дундаж гэдэг тоо өсөөд л явчихна. Энэ талаар доктор Д.Лхагвасүрэн маш энгийнээр тайлбарласан байгааг ЭНД дарж уншина уу. 

График 1. Цагийн дундаж цалин болон медиан цалин, 2017 он
 
Түүнчлэн, цалингийн зөрүүг дундаж гэх ганц тоогоор илэрхийлэх бус, цалингийн түвшин тус бүр дээр судлах шаардлагатай юм. Бага цалинтай ажилчны ажлын байран дээрх харилцаа, орчин нь өндөр цалинтай ажилчныхаас ялгаатай байх боломжтой. Тиймээс эхлээд цалингийн түвшинг харцгаая. 
 
Хүснэгт. Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын цагийн цалингийн түвшин ба зөрүү 

Цалингийн перцентил

Эрэгтэй

Эмэгтэй

Зөрүү
(эр – эм)

Тайлбар

25-р перцентил

1,750

2,083

-19.0%

Эрчүүдийн хамгийн доод 25% нь цагт 1,750-аас бага, эмэгтэйчүүдийн хамгийн доод 25% нь 2,083-аас бага цалин авдаг.

50-р перцентил (медиан)

2,679

3,000

-12.0%

Эрчүүдийн 50% нь цагтт 2,679-аас бага, эмэгтэйчүүдийн 50% нь 3,000-аас бага цалин авдаг. 

75-р перцентил

4,167

3,857

7.4%

Эрчүүдийн хамгийн дээд 25% нь 4,167-аас их, эмэгтэйчүүдийн хамгийн дээд 25% нь 3,857-оос их цалин авдаг

99-р перцентил

17,007

15,000

11.8%

Эрчүүдийн хамгийн дээд 1% нь 17,007-оос их, эмэгтэйчүүдийн хамгийн дээд 1% нь 15,000-аас их цалин авдаг

 
Тайлбар: Перцинтил гэдэг нь тодорхой хувиар ангилан тооцдог арга. Тухайлбал, 25-р перцентил гэдэг нь хамгийн бага түвшний 25% хүртэлх үзүүлэлтийг хэлж буй. 

Цалингийн түвшин өсөх тусам эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү нэмэгдэж  байгаа буюу бага орлоготой эмэгтэйчүүд бага орлоготой эрчүүдтэй харьцуулахад илүү цалин авдаг. Харин орлого өсөх тусам эрчүүдийн цалин эмэгтэйчүүдийн цалингаас илүүтэй нэмэгддэг аж. Тиймээс л дундаж дээрээ эрчүүд илүү өндөр цалинтай, медиан дээрээ эрчүүд бага цалинтай байгаа юм. Цөөн хэдэн “тасархай” өндөр цалинтай эрчүүд л дундаж цалинг нь хөөрөгддөг аж. 

Яагаад эмэгтэйчүүдийн медиан цалин эрчүүдийнхээс илүү байна вэ?
Бүтэн цагаар ажил эрхэлж буй ажилчдын дунд шинжилгээ хийхэд нийт эрчүүдийн 34% бага цалинтай ажил хийж байхад эмэгтэйчүүдийн хувьд ердөө 6% байгаа нь анхаарал татаж байна. Доорх зургаас үзвэл эмэгтэйчүүдийн 87% нь дунд түвшний (бага дунд + өндөр дунд) цалинтай ажил хийж байхад эрчүүдийн ердөө 58% нь л дунд түвшний цалин авч байна. Яагаад ихэнх эмэгтэйчүүд “дажгүй” цалинтай ажил хийж байхад эрчүүдийн олонх нь “сураггүй” байна вэ? 
 
График 2. Ажил эрхлэлт, цалингийн түвшнээр

Боловсрол ба цалин

Бүтэн цагаар ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь өндөр боловсролтой байна. Тиймээс ч эрчүүдээс харьцангуй дээгүүр цалинтай ажил хийж буй хэмээн тайлбарлагдаж байна. Боловсролын түвшин нэмэгдэх тусам ажилчдын дунд эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ нэмэгдэж буй нь ажиглагдсан.
 
Ажил эрхэлж буй эрчүүдийн боловсролын түвшин эмэгтэйчүүдийнхээс харьцангуй сул, ихэнх нь (65%) бага, бага дунд цалинтай ажил хийдэг бол эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ юм.

График 3. Цалингийн зөрүү, боловсролын түвшнээр

Тэмдэглэл: Эрчүүд эмэгтэйчүүдээс X%-иар илүү цалин авдаг. 

Боловсрол өндөр байснаар өндөр цалинтай ажилд ордог уу? 
Бакалавраас дээш боловсролтой ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд тул энгийнээр тайлбарлавал, хамгийн өндөр цалинтай, өндөр албан тушаалтнуудын ихэнх нь эмэгтэйчүүд үү гэх асуулт тулгарна. Гэвч өгөгдөл, статистик бидэнд өөрөөр харуулж байна. 
  • Хамгийн өндөр цалинтай эрэгтэй хүн цагт 17,007 төгрөгөөс эхэлж авдаг бол эмэгтэйчүүд 15,000 төгрөгөөс эхэлж цалинждаг аж. 
  • Өндөр цалинтай ажлын байранд ажиллагчдын 70% нь эрэгтэй, 30% нь эмэгтэй.
  • Хамгийн сонирхолтой нь, боловсролын түвшин дээшлэх тусам эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхээс илүү өндөр болж байна. Магистр ба түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийн 65% нь эмэгтэйчүүд боловч тэдний авч буй цалин эрэгтэй хүмүүстэй харьцуулахад 22%-аар бага байгаа юм.
Эндээс үзвэл боловсролын хүртээмж эрчүүдэд дутмаг байдаг ч нэгэнт боловсрол эзэмшсэний дараа эмэгтэйчүүдийн хувьд боловсролоос хүртэх цалингийн өгөөж тааруу байна. Товчхондоо боловсролын хүртээмж дээр эрчүүд, боловсрол эзэмшсэний дараах цалингийн тархалт дээр эмэгтэйчүүд асуудалтай байгааг харж болно. 

Дунд орлоготой эрчүүд 6.4%-аар, өндөр орлоготой эрчүүд 10.3%-аар эмэгтэйчүүдээс илүү цалин авч байгаа нь хүйсийн ялгаварлал

Яг ижил боловсролын түвшин, нас, гэрлэлт, ажил эрхлэлттэй, мөн ижилхэн салбарт, адилхан цалингийн түвшинд, хотод (эсвэл хоёулаа хөдөө байж болно) ажилладаг гэх мэт ижил шинж чанартай эрэгтэй, эмэгтэй хүний цалинг харьцуулж, цалинд хүйсийн ялгаварлал байгаа эсэхийг шалгав. Түүнчлэн ялгаварлал нь бага, дунд, их цалинтай ажилчид дунд ялгаатай байх боломжтой тул квантил регресс [quantile regression] хэмээх аргазүй ашиглав.
 
Шинжилгээний гол үр дүнг товчхон танилцуулъя. 
 
Ижил шинж чанартай ажилчдыг харьцуулахад бага орлоготой эрчүүд, эмэгтэйчүүд дунд ялгаварлал ажиглагдаагүй бол дунд орлоготой эрчүүд 6.4%-аар, өндөр орлоготой эрчүүд 10.3%-аар эмэгтэйчүүдээс илүү цалин авч байгаа нь зөвхөн хүйсээс хамаарсан цалингийн ялгаварлал байгааг илтгэнэ.
Тэгвэл яах ёстой вэ?
Нэгдүгээрт, цалингийн зөрүүний талаар нэлээд нухацтай харж, тоо мэдээнд тулгуурлаж байж тэгш бус байдлыг бууруулах бодлого боловсруулах нь чухал. Тэрнээс биш, “Бүгд л мэднэ шүү дээ”, “Ойлгомжтой шүү дээ” гэх хар таамгаар, үзэмжээр дүгнэлт гаргаж болохгүй. Цаашлаад зөвхөн тоон шинжилгээ бус, чанарын судалгаа явуулах хэрэгтэй. Монгол Улсад энэ чиглэлээр хийгдээд буй  хамгийн өргөн хүрээний чанарын судалгааг ЭНД дарж уншина уу. 
 
Хоёрдугаарт, бид зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах гэсэн ганцхан өнцгийг харж болохгүй. Нэн ялангуяа, цалингийн доод түвшинд, боловсролын хүртээмж дээр хүйсийн эсрэг зөрүү [inverse gender gap] үүссэн бөгөөд эрэгтэйчүүд боломж бололцооны хомсдолтой байна. Өөрөөр хэлбэл, цалингийн түвшин багатай ажлын байран дээр эрэгтэйчүүдийг чадавхжуулах, боловсролын хүртээмж тал дээр эрэгтэйчүүдийг дэмжих шаардлагатай. Энэ нь нэн ялангуяа хөдөө орон нутаг, сумын төвд түгээмэл ажиглагдана.
 
График 4. Цалингийн зөрүү, бүсээр
 
Харин эмэгтэйчүүдийн хувьд боловсрол эзэмшсэний дараах ажлын байр, цалингийн ялгаварлалыг анхаарах шаардлага тулгарч байна. Энэ нь төрийн албанд түгээмэл ажиглагдаж байгаа юм. 
 
График 5. Цалингийн зөрүү, ажиллаж буй байгууллагын эзэмшлээр 
 

Эцэст нь, зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн ерөнхий бүлэгт хувааж бодлого боловсруулах бус харин цалингийн аль түвшин (перцентил)-д, хаана, ямар салбарт ажил эрхэлж байгаа зэрэг олон хүчин зүйлсээр ялгаатай сегментэд хувааж, тулхтай тоон болон чанарын шинжилгээ хийж байж л байгаа оносон, үр дүнтэй бодлого гарна гэдгийг сануулахыг хүслээ.

Тус судалгааны ажлыг бүтнээр ЭНД дарж уншина уу.