Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ: Монголын гурван тамирчин жүдогийн ДАШТ-ээ өндөрлүүлэв

Э.Аззаяа, iKON.MN
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы улсын нийслэл Токио хотноо үргэлжилж байна.

Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Ё.Басхүү шагналт байр буюу 5-р байрт орж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тэгвэл гурав дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын баг тамирчид харамсалтайгаар тэмцээнийг өндөрлүүлж байна. Тухайлбал, 73 кг-ын жинд барилдаж байгаа Г.Одбаяр шөвгийн 16-д шалгарсан ч Турк улсын жүдочин Жилоглу Билалтай хүндхэн барилдаан хийв. Тэрбээр нэмэлт цаг сунгаж барилдсан боловч гурван удаа торгуулсан юм. 

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Л.Энх-Отгон, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар нарын хувьд мөн ДАШТ өнөөдрөөр дуусаж байна. 

Маргааш болох дөрөв дэх өдрийн барилдаанд  манай улсаас эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд О.Ууганбаатар барилдана. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Ази, Номхон далайн бүсийн аврага шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Азийн аварга болсон билээ. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг болон Олон улсын “Их дуулга” тэмцээний хүрэл медальт Б.Ганхайч нар барилдах юм.

ДАШТ-ий үлдсэн өдрүүдэд барилдах монгол тамирчид:
 
Эрэгтэй
  • 90кг: Олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана
  • -100кг: ДАШТ-ын хүрэл медальт, Азийн аврага Л.Отгонбаатар
  • +100кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт,мөнгөн медальт, ДАШТ-ын хүрэл медальт Н. Түвшинбаяр, ДАШТ-ын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 70кг: Олон улсын хэмжээний мастер Ц.Энхчимэг
  • 78кг: Олон улсын хэмжээний мастер О.Мөнхцэцэг нар ДАШТ-ийг үргэлжлүүлнэ.