Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонсүх: Замын цагдаагийн үндсэн гүүрийн хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 15-нд нээнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил автозамтай холбоотой нийт 100 гаруй төсөл, бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байгаа юм.

Үүний нэг болох 100 айл 32-ын тойргийг холбосон 1.6 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн билээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлгөөнийг нээх үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх бусад замын ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2019 онд Налайхын 20.9 километр зам, Замын цагдаагийн болон Сонсголонгийн гүүр, Хайлааст Дарь-Эхийг холбосон зам, 100 айлын зам гэх мэтчилэн нийслэлийн автозамтай холбоотой том болон дунд бүтээн байгуулалтууд хийгдэж байна.

Өнөөдөр бид 100 айлын замын хөдөлгөөний зорчих хэсгийг нээж байна.

Харин Хайлааст Дарь-Эхийн замыг энэ сарын 30-нд нээнэ. Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад орсноор лагерын замын түгжрэл 30 хувиар буурах юм.

Энэхүү замын ажил 2017 оноос эхэлж, нийт 108 нэгж талбарыг чөлөөлж гурван жил үргэлжилж байна. Сүүлийн хоёр жил замын ажил гурав дөрөвхөн айлаас болж гацаад байсан.

Налайхын замын хувьд хөдөлгөөний эрчим ихтэй бөгөөд өдөрт 15-18 мянган машин зорчдог, 60 жил засвар хийгдээгүй. Энэ замыг бид аравдугаар сарын 30-нд зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 40 орчим хувьтай байна.

Мал, амьтны нүхэн гарцууд хийгдэж, далангийн ажил нь дуусах шатандаа орсон учраас ирэх сарын 10-нд хучилтын ажилдаа орно. 

Түүнчлэн Замын цагдаагийн гүүр ашиглалтад орсноор тэр хавийн замын хөдөлгөөний эрчим нь 30 хувиар буурах бол Сонсголонгийн гүүр ашиглалтад орсноор гүүрний орчимд ямар ч түгжрэл үүсэхгүй гэж үзэж байна.

Замын цагдаагийн үндсэн гүүрийн зорчих хэсгийг есдүгээр сарын 15-нд нээх бөгөөд одоогоор үндсэн гүүрийн ажил 78 хувийн гүйцэтгэлтэй байна" гэсэн юм.

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөр бетон гүүр баригдаж үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1,077 метрийн урт гүүр ба налуу замууд, Их Монгол улсын гудамж, Олимпын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Ирэх сард үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх юм.