Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бразил улс “Их Долоо”-гийн санал болгосон $20 саяын тусламжаас татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Амазоны ширэнгэд шатаж буй түймрийг унтраахад зориулж “Их Долоо”-гийн бүлгийн гишүүн орнууд Бразил улсад $20 саяын тусламж санал болгосон юм.

Тэгвэл Бразилын засгийн газар энэхүү тусламжаас татгалзаж байгаагаа Даваа гарагт мэдэгджээ. “Бид тусламж санал болгосонд талархаж байна. Гэхдээ энэ мөнгө Европ тивийг дахин ойжуулахад хэрэг болох байх. Макрон дэлхийн соёлын өвд тооцогддог сүмээ гал түймрээс хамгаалж чадаагүй. Тэгэхээр тэр манай улсад заах хүн мөн үү?” гэж Бразилын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч Оникс Лорензони орон нутгийн хэвлэлд ярьсан байна. Тэрээр дөрөвдүгээр сард түймэрт шатсан Нотр Дамын сүмийг хэлсэн бололтой.

Энэ мэдэгдлээс өмнө тус улсын байгаль орчны сайд “Их Долоо”-гийн амласан тусламжийг хүлээж авах тухай ярьж, талархлаа илэрхийлж байв.

Гэвч тэр ерөнхийлөгч Жайр Болсонару болон засгийн газрын бусад сайд нартай уулзсаны дараа шийдвэр өөрчлөгдсөн байна.

Лорензони цааш ярихдаа “Бразил бол Францын Макрон шиг колоничлогч, империалист үзэлгүй, ардчилсан, чөлөөт улс орон” гэж онцолжээ.

Амазоны ширэнгэд шатаж буй гал түймэртэй холбоотой Бразил, Франц улсуудын харилцаа муудаад байгаа. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа биелүүлэхгүй байгаа Бразилын ерөнхийлөгчийг зэмлэж, хариуд нь Жайр Болсонару Францын ерөнхийлөгчийг бусад улс орнуудад заадаг “колоничлогчийн сэтгэлгээ”-тэй хэмээн шүүмжилсэн юм.

Ням гарагт Бразилын зэвсэгт хүчний хоёр ширхэг C-130 Hercules нисэх онгоц олон мянган литр ус түймрийн голомт дээр асгасан ч үр дүн гараагүй байна.

Манай гарагийн уур амьсгалд чухал нөлөө үзүүлдэг Амазоны ширэнгэ ойд одоогийн байдлаар 950,000 гектар талбайг хамарсан гал түймэр шатаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP