Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн салбарын орлогын 37.2%-ийг авто тээвэр бүрдүүлж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд 2018 оны эцсийн байдлаар тээвэр, агуулахын салбарт 3,423 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдсэний 1,666 буюу 48.7 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Энэ нь улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААН-ийн 1.9 хувийг эзэлж буй бөгөөд 2017 оныхоос 12.5 өсжээ. 

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 онд урьдчилсан гүйцэтгэлээр 32.2 их наяд төгрөг болсон. Үүнээс 1.5 их наяд төгрөг буюу 4.7 хувийг тээвэр, агуулахын салбар бүрдүүлсэн нь 2017 онтой харьцуулахад 0.2 пунктээр буурсан үзүүлэлт аж. 

Зураг. ДНБ-нд эзлэх хувь, үйлдвэрлэлийн аргаар, оны үнээр

 
Эх сурвалж: ҮСХ

Улсын хэмжээнд 2018 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийт үйлдвэрлэл, үйлчилгээний 76.5 хувийг бүрдүүлсэн бөгөөд тээврийн салбарын хувьд 52.3 хувийг
эзэлж байгаа юм. Үлдсэн 47.7 хувийг МИАТ, УБТЗ зэрэг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН, байгууллагууд бүрдүүлжээ. 

Тээврийн салбарт ажиллаж буй 15 ба түүнээс дээш насны ажиллагчдын тоо 2018 оны байдлаар 64.3 мянган хүн байна. Энэ нь ХАА, боловсрол, худалдаа, боловсруулах үйлдвэрийн салбарын дараагаар орох үзүүлэлт юм. 

Тээврийн салбарын дийлэнх хувийг эрэгтэй ажиллагчид эзэлдэг ба тэдний дундаж цалин өнгөрсөн онд 1.147 сая төгрөг болжээ. 

Тээврийн салбарын 2018 оны нийт орлого 1.7 их наяд төгрөгт хүрч 

  • өмнөх оноос 264.0 тэрбум төгрөг буюу 18.6%
  • 2012 оноос 645 тэрбум төгрөг буюу 62%
  • 2010 оноос 1.1 их наяд төгрөг буюу 2.8 дахин өсжээ. 

2018 оны нийт орлогын 

  • 37.2 хувь нь авто тээврээс
  • 36.5 хувь нь төмөр замын тээврээс
  • 26.2 хувь нь агаарын тээврээс
  • 0.01 хувь нь усан замын тээврээс орж ирсэн байна. 

2017 оноос авто тээврийн салбараас орсон орлогын эзлэх хувь 1.6 пунктээр нэмэгдэж, агаарын тээврийнх 0.9 пункт, төмөр замын тээвэрийнх 0.7 пункт, усан замын тээврийнх 0.01 пунктээр буурсан байна.