Бангладеш улсын дээд шүүх тус улсын иргэдийн гэрлэлтийн баталгаанаас “онгон” гэдэг үгийг хасах шийдвэр гаргасан нь исламын шашны хатуу дэг ёстой нийгэмд томоохон шинэчлэлт боллоо.
Тус улсын хуулинд зааснаар бэр болж буй эмэгтэй нь гэрлэлтийн баталгаанд өөрийгөө тодорхойлох гурван үгнээс заавал сонгох ёстой болдог.
Эдгээр гурван сонголт нь “онгон”, “бэлэвсэн”, “салсан” гэх үгнүүд юм.
Ням гарагт Бангладешийн дээд шүүх гаргасан дүгнэлтдээ “онгон” гэх тодорхойлолтыг “гэрлээгүй” гэсэн үгээр солихыг засгийн газарт даалгажээ.
Аравдугаар сард дээд шүүхийн шийдвэр албан ёсоор нийтэд хүрснээр гэрлэлтийн баталгаа шинэчлэгдэх юм.
Ийм шийдвэр гаргуулахаар 2014 оноос хойш тэмцэж байгаа хүний эрхийн зүтгэлтнүүд өнөөдөр ялалтаа тэмдэглэж байна.
1961 оноос хойш хэрэгжиж ирсэн гэрлэлтийн хуулийг тэд эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхсан, хувь хүний эрхэнд халдсан агуулгатай хэмээн шүүмжилж байжээ.
Бангладеш бол дэлхийн гурав дахь том исламын шашинт үндэстэн бөгөөд 168 сая хүн амын 90 орчим хувь нь энэ шашныг шүтдэг юм.
Эх сурвалж: AFP