Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 100 айлын шинэ зам 20 ус зайлуулах хоолойтой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Зуун айл 32-ын тойргийг холбосон 1.6 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна.

Шинэ зам нь 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий юм. Үндсэн замын барилгын ажил дууссан тул зорчих хэсгийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нээж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан онцоллоо.

Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхэгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригджээ.

 20 гаруй ус зайлуулах хоолой шинээр хийсэн

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх "Удахгүй хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан 100 айлын замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байна. Харин тохижилтын асуудлыг есөн сард бүрэн дуусгана.

Өмнө нь энэхүү замд 40 жилийн турш том хэмжээний ийм засвар хийгдээгүй. Замыг засварлахдаа 20 гаруй ус зайлуулах хоолой шинээр хийсэн. 

Мөн стандартын дагуу таван зогсоол хийсэнд эко машинуудын цэнэглэгчтэй зогсоол бий.

100 айл орчмын зам нь өөрөө байгалийн намгархуу газар байрладаг гэдгээрээ онцлогтой учраас бид дугуйн болон явган хүний замыг хийхийн тулд хөрсийг 30-50 сантиметр ухаж, явган хүний замаа тавина.

Бороо устай холбогдуулан энэ жил нэлээд зам эвдэрч байгаа нь чанар стандарт муутайгаас гадна ус зайлуулах шугам байхгүйгээс үүдэлтэй. Тиймээс бид цаашид Улаанбаатар хотод тавигдах бүх замуудын чанар, стандарт дээр онцгойлон анхаарч байна

Зам тавьснаас хойш гурван жилийг компани хариуцах байх хуультай" гэв.

Бид аравдугаар сарын 1-н гэхэд зарим замын тохижилтын ажлыг хийж дуусахаар төлөвлөж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн автозамын хөгжлийн газраас энэ жил 100 гаруй төслийг хэрэгжүүлж байна.

Удахгүй Хайлааст болон Дарь-Эхийн замыг холбосон 1.4 километр замтай 57 метр гүүр нээгдэнэ. Энэ жилийн бүтээн байгуулалтад зориулсан автозамын сангийн нийт 37.5 тэрбум төгрөг байгаа нь холбоос замыг хийх, авто замыг өргөтхөх, шинэчлэх гэх мэт төсөл арга хэмжээнд зарцуулагдаж байна. Бид аравдугаар сарын 1-н гэхэд зарим замын тохижилтын ажлыг хийж дуусахаар төлөвлөж байна" гэсэн юм.

Энэхүү 1.6 км авто зам нь стандартын дагуу долоон сантиметрын хучилттай

Тус замын стандартын талаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын орлогч дарга Б.Алагаа хэлэхдээ "Энэхүү 1.6 км авто зам нь стандартын дагуу долоон сантиметрын хучилттай. Замыг тэгшитгэсэн зарим газар нь 12-13 сантиметрын хучилттай байгаа.

Мөн зам өөрөө бетон суурьтай учраас маш өндөр даацтай. Ялангуяа энэ замаар барилгын материал зөөдөг хүнд машин механизмууд их явдаг учраас онцгой анхаарч ажилласан.

Бид замын доорх шугам хоолойг хамгийн түрүүнд шийдсэн учраас шунам хоолойг засаж янзлахын тулд зориудаар замын хэсгээс эвдлэх шаардлага гарахгүй.

Зарим иргэд зам тавих ажлын дэс дарааллыг сайн мэдэхгүйгээс болж бэлэн болоогүй өөрөөр хэлбэл зам засварын явцын үеийн зургийг аван зориудаар сошиалд тарааж байгаад харамсаж байна" гэсэн юм.

Замын бусад тоноглолын ажлыг есдүгээр сард дуусах бөгөөд нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг юм. Зам барилгын ажлыг "Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ"-ийн хамт олон гүйцэтгэжээ.

Гэрэл зургийг Mpa.mn