Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп гэргийгээ Ким Жон Уныг сайн мэддэг гэж “худал ярьжээ”

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Франц улсад болж байгаа “Их Долоо”-гийн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурал дээр Умард Солонгос бол хөгжлийн асар их ирээдүйтэй улс хэмээн магтсан байна.

“Ким Жон Уныг сайн мэддэг хүнийхээ хувьд тэргүүн хатагтай надтай бас санал нийлж байгаа. Тэр бол хөгжлийн асар их ирээдүйтэй улсын удирдагч юм” хэмээн Трамп ярьжээ.

Энэ мэдэгдлийн дараа АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп үнэхээр Умард Солонгосын удирдагчийг сайн таньдаг эсэх талаар хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийнхний дунд өрнөсөн байна. 

Дональд Трамп Ким Жон Унтай гурван удаа уулзахдаа ганц ч удаа тэргүүн хатагтайг дагуулж яваагүй. Пёньяны удирдагчтай Меланиа Трамп утсаар ярьж байсан тухай баримт огт байхгүй юм.

Тэгвэл Цагаан ордноос энэхүү эргэлзээг арилгах зорилгоор мэдэгдэл хийжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм “Ерөнхийлөгч Трамп гэргийтэйгээ олон сэдвээр чөлөөтэй санал бодлоо солилцдог. Тэр удирдагч Кимтэй хэр гүнзгий харилцаатайгаа тэргүүн хатагтайд олон удаа дэлгэрэнгүй ярьж байсан. Тиймээс гэргий нь Ким Жон Унтай хэзээний танил мэт санагддаг тул ерөнхийлөгч ингэж ярьжээ” гэсэн байна.

Дональд Трамп хэдийгээр Умард Солонгосын удирдагчтай маш сайн харилцаатайгаа удаа дараа давтан илэрхийлж байгаа ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд ахиц гарахгүй байгаа юм.

Тэдний хоёр дахь албан ёсны хэлэлцээрээс хойш Пёньян дөрвөн удаа шинэ зэвсэг туршаад байна.

 

Эх сурвалж: Reuters