Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ариунжаргал: Тэтгэлгээр гадаадад сурсан ч зээлээ төлөөгүй оюутны барьцаа хөрөнгийг борлуулах эрх бидэнд бий

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсролын зээлийн санд бүртгэлтэй 13 мянган оюутны 16 тэрбум төгрөгийн үнэ бүхий дипломыг чөлөөлөх асуудал яригдаж байгаа энэ цаг үед тус сангийн захирал М.Ариунжаргалтай ярилцлаа.

Диплом чөлөөлөлтөөс гадна зээлээ төлөлгүй сураггүй болсон оюутнуудын талаар, гадаад, дотоодын их, дээд сургуульд зээлээр хэрхэн суралцах тухай, боловсролын зээлийн сангийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг сэдвээр яриа өрнүүллээ.

-Банкаар дамжихгүйгээр Боловсролын зээлийн сангаас шууд хэлбэрээр зээл олгодог болоод нэлээд хугацааг үдлээ. Шууд сангаар дамжуулж зээл авах нь илүү хялбар болж байгаа байх. Одоогийн зээлийн нөхцөл хэр уян хатан байгаа вэ?

-Сургалтын төрийн сан Боловсролын зээлийн сан болж өөрчлөгдсөнөөс хойш оюутнуудад олгох зээл банкаар дамжихгүй, шууд сангаас олгодог болсон. Оюутныг төлбөрийн дарамтгүй сургах Засгийн газрын бодлого хэрэгжиж байгаа шүү дээ.

Энэ хүрээнд зээлийн хүү тооцохгүй. Барьцаа хөрөнгө шаардахгүй. Хамтран зээлдэгчгүй. Даатгагдсан зээл авна. Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээл авсан бүх оюутан хамрагдсанаар хариуцлага нь хэрэгжих юм.

Оюутан авсан зээлээ төгсөөд зургаан жилийн дотор хэсэгчлэн төлдөг. Бидний тооцооллоор сард 100 орчим мянган төгрөг төлөөд зээлээ төлж дуусах боломжтой юм билээ. Миний бодлоор гол асуудал нь манайхаас олгож байгаа зээлийн тухай хүн бүр төдийлөн сайн мэдэхгүй байна.

Оюутан, суралцагчид залхуу байна. Мэдээлэл олж авахаасаа урьтаж эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээл, ээж, аавынхаа цалингийн зээл, хүүтэй мөнгө олох зэрэг байдлаар сургалтын төлбөрөө төлж байна.

-Хэдэн төрлийн зээл, тэтгэлэг олгодог вэ?

-Буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл, гадаадын магистр, доктор, дэлхийн шилдэг 100 сургууль, Засгийн газар хоорондын тэтгэлгүүдийг олгож байна.

-Танайхаас хэрэгжүүлдэг онцлог ажил гэвэл зорилтот бүлэгт сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог. Эргэн төлөх нөхцөлгүй уг тусламжид хэн хамрагдаж болох вэ?

-Их, дээд сургуульд элссэн хөгжлийн бэрхшээлтэй оюутан, эцэг, эх нь хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувь алдсан оюутан, нэг өрхийн гурван хүүхэд зэрэг суралцаж байгаа тохиолдолд, мөн цаатны хүүхэд бол буцалтгүй тусламжаар сургалтын төлбөрөө төлүүлэх боломжтой.

Мөн багшийн мэргэжлийг дэмжих зорилгоор буцалтгүй тусламж олгодог. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын 751-ээс дээш оноотой хүүхэд багшийн мэргэжлээр элсээд төлбөргүй суралцах боломж бий.

-Дотоодын их, дээд сургуулийн оюутанд оюутны хөгжлийн зээл олгож байгаа. Энэ жилийн хувьд 11 мянган оюутан, суралцагчид олгоно. Зээлийн санхүүжилт ямар байх вэ?

-Энэ жил 11 мянган оюутан, суралцагчид 33 тэрбум төгрөгийн оюутны хөгжлийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь банкаар дамжиж зээл олгохдоо диплом барьцаалдаг байсан. 2004 онд Засгийн газрын 22 дугаар тогтоолоор шалгуургүйгээр бүх дипломыг чөлөөлж байсан. Энэ үеэр нийт 11 мянган оюутны найман тэрбум төгрөгийн дипломыг чөлөөлсөн.

Тэгэхээр 2004 оноос өмнө төгссөн бүх төгсөгч төлбөр төлөхгүй дипломоо авч болно. Дараа нь 2008 онд Засгийн газрын 178 дугаар тогтоолоор 2982 оюутны 2.9 тэрбум төгрөгийн дипломыг чөлөөлсөн. Энэ үед 3.2-оос дээш голчтой төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан бүх хүний дипломыг зээлээс чөлөөлсөн. Одоогоор Боловсролын зээлийн санд 16 тэрбум төгрөгийн 13 мянган оюутны диплом байна.

-Таны хэлээд байгаа 13 мянган оюутны дипломыг нэгэнт чөлөөлөхөөр болчихсон уу. Засгийн газрын хуралдаанаар ч дэмжигдлээ?

-Саяхан Засгийн газрын хуралдаанд журмын өөрчлөлт болон диплом чөлөөлөлтийн тухай асуудлыг оруулсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журмын өөрчлөлтийн хувьд үг үсэг, найруулгын алдаатай зүйлсийг ч өөрчлөх тухай танилцуулсан байгаа.

Тухайлбал, багш мэргэжлээр элсэгч болон суралцаж байгаа оюутны хамрагдах буцалтгүй тусламжийн хөнгөлөлтийг зөвхөн “элсэгч” авах юм шигээр журамд заасан байгааг “суралцагч” гэж өөрчлөх нь зүйтэй.

Диплом чөлөөлөлтийн тухайд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд чөлөөлөлт, хөнгөлөлтийн асуудлыг УИХ шийднэ хэмээн заасан. Иймээс Засгийн газрын гишүүд дэмжсэн ч хуулиа дагаад УИХ-д оруул гэсэн шийдвэр гарсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд мэдээлэл хийхэд зарим хэвлэлээр 13 мянган оюутны дипломыг чөлөөлсөн гэсэн андуу ташаа мэдээлэл гарсан байсан.

Тодорхой хэлье. Чөлөөлөлтийг Засгийн газар дэмжсэн боловч УИХ-аар орж дэмжигдвэл батлагдана. УИХ-д материалаа өгчихсөн байгаа. Намрын чуулганд багтан шийдэгдвэл диплом чөлөөлөлт яригдана. Зээлийн санд нэг өрөө дүүрэн диплом хадгалаастай байна. Тэдгээр дипломыг бүхэл бүтэн нэг мэргэжилтэн хариуцаж ажиллахаас өөр аргагүй байна. Диплом чөлөөлснөөр энэ мэт асуудал ч шийдэгдэнэ.

-Диплом чөлөөлөх нь чөлөөлөгдөж байгаа хүмүүст ашигтай. Таны хэлсэн шиг зарим давуу тал үүсэж болох юм. Гэвч улсын төсвөөс гарсан 16 тэрбум төгрөгийн хохирлыг зээл авсан хүмүүс нь төлөхгүй гэхээр өөр хэн төлөх юм бэ. Эсвэл улсад төлсөн татвар төлөгчдийн хөдөлмөр үнэгүй юм уу. Энэ удаагийн чөлөөлөлт батлагдвал нийт гурван удаагийн диплом чөлөөлөлт гэхээр өр тавьж сурдаг. Хэсэг хугацааны дараа өрөөс чөлөөлөгдөнө гэсэн сэтгэлгээ хүмүүст суух вий дээ. Та ямар бодолтой байгаа вэ?

-Диплом чөлөөлөлтийг 2008 оноос хойш хийгээгүй. Анх зээлийг зөвхөн зорилтот бүлэгт олгож байсан. Өөрөөр хэлбэл, малчдын хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доош орлоготой, хагас өнчин хүмүүст сургалтын төлбөрийн зээл олгож байсан. Мөн 2008 оноос хойш зээлээ төлсөн хүмүүс эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан.

Гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүс ч цөөнгүй бий. Энэ мэт байдлыг бодолцоод журмын дагуу тэдгээр хүмүүсийн дипломыг чөлөөлье гэсэн. Зөвхөн дотоодын их, дээд сур-гуулийн зээл чөлөөлөгдөнө шүү дээ.

-Ер нь диплом чөлөөлөөд байгаа нь зөв үү, буруу юу?

-Гэрээний үүргээ биелүүлсэн бол чөлөөлөх нь зөв. Хавтгайруулж чөлөөлөх нь буруу.

-Зээлээ төлөөгүй 179 оюутан сургуулиа төгсөөд олдоогүй учраас тэдний төлөөгүй 150 гаруй тэрбум төгрөгийн зээл олны анхааралд байсан нь саяхан. Хүмүүс нь олдож, зээл нь төлөгдөж байна уу?

-Одоо бүртгэгдээгүй хайж байгаа 154 хүн үлдсэн. Асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шийдүүлж байгаа. Цаашид хайж байгаа хүмүүс олдох тусам зээлийн төлөлт нэмэгдэх нь тодорхой.

-Хавраас хойш зээлээ төлөөгүй 25 хүн л нэмж бүртгэгдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. 179 оюутны нэрийг Сангийн яамны сайт дээр ил тод тавьсан учраас харсан хүмүүс ирж бүртгүүлсэн нь ч бий. Мөн гэрээний үүргээ биелүүлсэн чөлөөлөлтөд хамрагдахаар 130 орчим хүн материалаа ирүүлснээс нягталж шалган 60-ийг нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд яам руу материалыг нь явуулсан байгаа.

ТАВДУГААР САРД ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛЬД СУРАЛЦАХ 40 ОЮУТАНД ЗЭЭЛ ОЛГОСОН

-Танайхаас дэлхийн шилдэг 100 сургуульд сургаад удаагүй байгаа. Суралцагчдын төгсөх хугацаа болоогүй буюу зээлээ төлөх хугацаа хараахан эхлээгүй гэсэн. Тэдний зээлийн эргэн төлөлт хэр байгаа вэ?

-Тэдний төгсөх хугацаа болоогүй учраас төгсөж ирэнгүүт гэрээний үүргийн биелэлтийг нь хангуулна. Төгсөж ирээд эх орондоо таван жил ажиллах хугацаанд зээл төлөх, хөнгөлөх, чөлөөлөх асуудал яригдана. Одоогоор төгсөөгүй, сургуулиа хаясан 51 оюутан байгаа. Тэднээс 30 нь зээлээ бүрэн төлсөн. Дөрөв нь төлөөгүй. 17 нь манайхтай гэрээ хийгээд хуваарийн дагуу зээлээ төлж байгаа.

-Дотоодын зээлд дипломоо барьцаалдаг бол гадаадын зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг байх?

-Гадаадын зээл авч байгаа бол авсан зээлтэйгээ дүйцэхүйц хэмжээний үл хөдлөх хөрөнгө барьцаална. Итгэмжлэлтэй бол эцэг, эх, ах, эгч, найз нөхдийн хэнийх нь ч үл хөдлөх хөрөнгө байж болно. Харин зээлээ төлөөгүй тохиолдолд Боловсролын зээлийн сангаас барьцаа хөрөнгийг борлуулж, зээлийг төлүүлэх эрхтэй.

-Тэгвэл гадаадад суралцаад зээлээ төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгөө алдсан тохиолдол байгаа юу?

-Намайг ажил авсан хугацаанаас хойш гадаадын тэтгэлэгт зээлээ төлөлгүй барьцаа хөрөнгөө алдсан тохиолдол алга. Харин Монголд ирж ажиллаагүй ч гэсэн зээлээ төлдөг хүмүүс байна.

Жишээлбэл, саяхан Америкт програмист мэргэжлээр ажилладаг залуу 32 мянган ам.долларын зээлээ төллөө. Мөн гадаад руу суралцахаар явж амжаагүй хэр нь нэг жилийн ч юм уу сургалтын төлбөр авсан хүмүүс зээлээ буцаан төлж байна. Тэгэхээр залуус маань боловсрол эзэмшихийн хэрээр ухамсартай болж байгаа.

-Дэлхийн шилдэг 100 сургуульд яаж сурах вэ?

-Жил бүр дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалт гардаг. Тус жагсаалтад орсон сургуульд тэнцсэн хүмүүст бакалаврын зээл олгоно.

Элсэгч англи хэлний шалгалт өгч сургуульдаа тэнцсэн тохиолдолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сонгон шалгаруулалтад тэнцсэн Дэлхийн шилдэг 100 их сургуулийн эхний 20-д багтдаг сургуулиудад өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцахаар эрх авсан оюутан, мөн жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцах оюутнууд Боловсролын зээлийн сангаас зээл авах эрхтэй. Амьжиргааны зардал олгодоггүй. Зөвхөн сургалтын төлбөрийг олгодог.

Харин гадаадын магистр, докторт сургууль заахгүйгээр жилийн 16 мянган ам.долларын санхүүжилт олгодог гэдгээрээ ялгаатай.

-Сүүлийн байдлаар хэдэн оюутан дэлхийн шилдэг сургуульд суралцахаар явсан бэ?

-Суралцагч өөрөө хичээгээд дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн бол асуудал байхгүй. Өнгөрсөн тавдугаар сард 40 оюутан тэнцээд явсан. Энэ тухай зар нь гэхэд нэг cap яамны сайт дээр байршсан. Сургуулиудын төлбөр янз бүр. Зарим хүүхэд сургуулиасаа тодорхой хувийн тэтгэлэг авдаг учраас сургуульдаа тэнцэж, урилга авсан хүүхдүүдэд боловсролын зээлийн сангийн жилийн төсвөөс хамаарч санхүүжилт хийдэг.

-Дотоодын их, дээд сургуулиас сургалтын төлбөрийн зээлд хамрагдахыг хүссэн оюутан яаж зээл авах вэ?

-Их, дээд сургуульд шинээр элсэтдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш, суралцаж байгаа оюутны хувьд 2.8-аас дээш голч оноотой байх хэрэгтэй. Шинээр элсэгчид ЭЕШ-ын дүн, сургуульд орсон батламж, цаашдын зорилгоо тусгасан эссе бичиж, сургуульдаа хандана.

Сургуульд суралцаж байгаа оюутны хувьд даатгал төлсөн, эссе бичсэн, манайхтай гэрээ хийсэн байхад хангалттай. Энэ жилийн хувьд оюутны хөгжлийн зээлд шинээр элсэгч болон суралцаж байгаа оюутныг хамруулахын тулд их, дээд сургуулиудыг “Төлбөрөө төлсний дараа хичээлээ сонго” гэсэн шаардлага тавихгүй байхыг яамны зүгээс болон зээлийн сангаас уриалж байгаа.

-Оюутнууд одооноос зээлд хамрагдаж эхэлж байгаа байх. Хэзээг хүртэл материал бүрдүүлж, шалгаруулах вэ?

-Дээр дурдсан материалыг бүрдүүлээд сургуульдаа өгөхөд тухайн сургууль манай мэдээллийн санд оюутны мэдээллийг бүртгэнэ. Энэ бүртгэл эхэлсэн байгаа. Тэдгээр мэдээллийг манай мэргэжилтнүүд хянаж, баталгаажуулаад, гэрээ хийснээр сургуулийн дансанд зээл авсан хүүхдийн нэрээр сургалтын төлбөрийг нь шилжүүлдэг. Сургууль мэдээллээ эрт шивэх тусам л үйл явц хурдасна гэсэн үг.

ИРГЭН ХАРЬЯАТААС ГАРАХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ЗЭЭЛТЭЙ ЭСЭХ ЛАВЛАГАА ИХ АВДАГ 

-Гадаадын их, дээд сургуульд суралцахад олгож байгаа зээлд баячуудын хүүхэд хамрагддаг гэсэн хардлага олны дунд байсаар байна. Дундаж орлоготой иргэдийн хувьд зээлийн барьцаанаас эхлээд л шийдэж боломгүй асуудлууд үүснэ. Нээрээ л баячуудын хүүхэд зээлд хамрагдаад байна уу. Та энэ асуудлаар хүүхдээ дагуулаад ирж байсан албан тушаалтантай таарч байв уу?

-Нуулгүй хэлэхэд ирж байгаагүй ээ. Тэглээ ч шийдвэр гаргадаг хүн нь би биш шүү дээ. Бид зээлийн талаар мэдээллийг чадлаараа сурталчилж байгаа боловч манайхан өөрсдөө мэдээллээс хол байна.

Ялангуяа, орон нутгийн иргэдэд иймэрхүү мэдээлэл хүрэх нь хомс. Тиймээс мэдээлэл хамгийн түрүүнд очиж байгаа хэсэгт давуу байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэглээ гээд мэдээлэл аваад өөрийн хүчээр тэнцсэн оюутнуудад эцэг, эх нь өндөр албан тушаалтай гээд ч юм уу хязгаарлалт тавих нь утгагүй.

-Зээл авахаар бүрдүүлэх баримт бичиг дунд оюутны эцэг, эхийн талаарх мэдээлэл та бүхэнд ирдэг үү?

-Яг оюутны эцэг, эхийн мэдээлэл гэсэн тусдаа зүйл байхгүй ээ. Яах вэ зарим хүүхэд өргөдөл, эссэ дээрээ тэр талаарх мэдээллээ бичих нь бий л дээ.

-Боловсролын зээлийн санд үйл ажиллагааны хувьд сайжруулах зүйлс байгаа л байх. Энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Хариуцлага тооцох гэхээр 1990 оноос хойш мэдээлэлгүй, барьцаагүй бүртгэгдсэн олон хүн байна. Тиймээс бүх зээлдэгчийн материалыг дахин хянаж, шинэчилсэн программд оруулж байгаа.

Алга болсон хүмүүсийг эрэн сурвалжилж байна. Нэгдүгээрт, дүрэм, журмаа боловсронгуй болгох, хоёрдугаарт, өр авлагыг цэгцэлж, санхүүгийн сахилга батыг сайжруулах, гуравдугаарт, ажиллаж байгаа хүмүүсийнхээ боловсролыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Боловсролын яаман дээр дээд боловсролыг чадавхжуулах төсөл хэрэгждэг.

Үүнд ажилчдаа хамруулахыг зорьж байгаа. Сонирхуулахад, манайхаас иргэн харьяатаас гарах гэж байгаа хүмүүс зээлтэй эсэх талаар лавлагаа их авч байна. Тэр дунд гадаад эцэг, эхтэй хүмүүс ч байна. Зээлтэй хүмүүсийн хувьд зээлээ төлж байж лавлагаа авах нь бас бидэнд хэрэгтэй л байна.

-Өнгөрсөн жил нийт хэдэн төгрөгийн зээл олгосон бэ?

-Буцалтгүй тусламжид 12.5 тэрбум, багш мэргэжлийн буцалтгүй тусламжаар 2.7 тэрбум, оюутны хөгжлийн зээлд 13.5 тэрбум, багшлах дадлага 530 сая, дэлхийн шилдэг 100 сургуульд 14.5 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгосон байна.

Зураг