Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймаг олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлын аэродромын явгалах замд өргөтгөл хийж, наймдугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа. 

Хархираа хайрханы өвөрт орших 330 гаруй жилийн түүхтэй Улаангом хотод анх 1956 оны намар хоёр эсгий гэртэй сууриа тавьж байсан "Дэглий цагаан" нисэх буудал эдүгээ улам бүр өргөжиж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад орууллаа. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа юм.

Увс аймгийн ЗДТГ болон Увс АЗЗА ХК-иудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаан шугам хүлээлцэж тус ажлыг эхлүүлсэн. Нийт явгалах замын хэмжээг 415.6х15 метрээс 415.6х18 метрийн өргөнтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 500 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий энэ ажлыг “Ростов” ХХК-ны зураг төслөөр технологийн дагуу хийж гүйцэтгэжээ.

Алслагдсан аймаг руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдүүлэх зорилготой Засгийн газраас баталсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг энэ өвлийн улирлаас хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг албаныхан хэлж байна.   

 

Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны 3 дугаар сард “Дэглийн цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх шатанд байна. Ингэснээр “Дэглий цагаан” нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм.

Мөн сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын нисэх буудал болоход ойрхон байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн Увс аймаг нь малын гоц халдваргүй бүс бөгөөд ОХУ, Казахстан зэрэг улсуудаас олон жилийн турш санал болгосоор ирсэн малын мах экспортлох асуудалд ахиц гарч, улс орны эдийн засаг хүрээгээ тэлэх боломжтой.

 

Нисэх зурвасын нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Орон нутгийн удирдлагууд оролцов гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.