Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

УБ Эмпати сургуулийн төгсөгч Б.Удвал: Сэтгэл зүй, сэтгэлийн хат ер нь хамгийн чухал гэдгийг ойлгосон

ikon.mn
2019 оны 8 сарын 26
Сурталчилгаа
 

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө долоо хоног үлджээ. Сурагчид шинэ дүрэмт хувцсаа өмсөөд зунжин уулзаагүй ангийн найзуудаа харахыг тэсэн ядан хүлээж байгаа бол зарим нь дэлхийн томоохон их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо явахаар бэлдэж байна.

Тэдний төлөөлөл болох “Эмпати” сургуулиудын зарим сурагчтай уулзаж ярилцлаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний боловсролыг монгол сурагчдад анхлан олгож эхэлсэн “Эмпати” сургууль энэ жил 25 дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож байгаа юм. Тус сургуулиуд бүх цаг үеийн төгсөгчдөө олон улсад боловсрол эзэмшихэд нь тусалж дэмжиж ирсэн билээ.

А.Одгэрэл: Багш нар маань миний мэргэжлийн талаар ярилцаж, зөвлөж, зөв чигийг минь олж өгсөн гэж бодож байгаа

Би 2018 онд “Эмпати” дунд сургуулиудад сурч төгссөн.

Одоо БНСУ-ын Бусан хотын их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны ангийн оюутан. Тус сургуульд элсэх математикийн шалгалтандаа өндөр оноо авч ярилцлагадаа сайн бэлдэж орсноор 100 хувийн “Платинум” тэтгэлэгтэй дөрвөн жилийн турш суралцах эрхтэй болсон.

Их сургуулийн элсэлтийн шалгалтандаа бэлтгэх зорилгоор 2017 оны есдүгээр сараас эхлээд “Edu Zone” сургалтын төвд явж эхэлсэн юм. Сургалтын төвч явж байхдаа математик, англи хэлний хичээлээ сонгон суралцахын зэрэгцээ Японы Засгийн газрын тэтгэлэгт бэлтгэдэг Монбүшогийн ангид мөн явсан. Тэр анги нь математикийн хичээлийг илүү гүнзгийрүүлж, шахаж заадаг байсан нь Бусаны их сургуулийн тэтгэлэгт шалгалтад тэнцэхэд дөхөм болсон.

 

Хамгийн гол нь хичээлээс гадна “Эмпати” сургуулиуд болон “Edu Zone”-ийн багш нар маань надтай зөвлөж, ярилцаж, ойр ажилласан нь маш чухал байсан. Жишээ нь Г.Олдохзаяа багш надад хичээл ордоггүй байсан ч гэсэн яаж байна, бэлтгэл ямар байна, юу болохгүй байна гэгчлэн санаа тавьдаг. Багш нар маань миний мэргэжлийн талаар ярилцаж, зөвлөж, зөв чигийг минь олж өгсөн гэж бодож байгаа. Тухайлбал, Бусаны их сургуульд орох талаар огт бодолгүй байсан надад “Өгөөд үз, чамд чамд боломж байгаа” гэж санал болгосноор би өнөөдөр тус сургуульд, хүссэн ангидаа тэтгэлэгтэй суралцаж байна. Мэргэжил сонголтоо зөв хийхэд минь тусалж, манай сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан мэдээллийн технологийн компани дээр хүртэл танилцах дадлага хийлгэж, үүсгэн байгуулагч ах нараас нь мэргэжлийн зөвлөгөө авч байсан. Энэ бүхэн миний хувьд мэргэжлээ ойлгож, дурлаж, зөв сонголтоо хийхэд минь тус болсон.

Тэнд суралцахад гадаад орон гэдэг утгаараа соёл, хоол, цаг уур зэрэг хүндрэл байдаг ч бэрхшээл бол хувь хүнээс л шалтгаална. Миний хувьд хайрцагнаасаа гарч чадсан гэж бодож байгаа. Доод ангийн дүү нартаа, бусад сурагчдадаа сууриа сайн тавьж, дан нэг хичээл барьж авах биш, дор хаяж хоёр хичээл хослуулж бэлдэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Математик-физик ч юм уу, биологи-математик ч юм уу. Мөн үүний хажуугаар хэлнийхээ чадварыг өөрийнхөө боломжоор сайжруулаад явах ёстой байх. Заавал үнэтэй сургалтад хамрагдахдаа биш, гол нь интернэт ашиглаад фэйсбүүк, инстаграм ухахын оронд онлайн хичээл судалж, ядаж кино үздэг ч юм уу, хэлнийхээ мэдлэгийг сайжруулах хэрэгтэй болов уу.

Б.Удвал: Сэтгэл зүй, сэтгэлийн хат ер нь хамгийн чухал гэж ойлгосон

 

“Улаанбаатар Эмпати” сургуулийг 2019 онд төгсөн.

Наймдугаар ангиасаа “Улаанбаатар Эмпати” сургуулийг сонгон суралцахаар шийдсэн. Ийнхүү сонгосон гол шалтгаан нь дотуур байр байсан. Аав, ээжээсээ тусдаа амьдраад,  биеэ даагаад үзье гэж шийдсэн. Яг миний бодож байсанчлан дотуур байранд орсноор би маш их зүйл сурсан. Гэртээ аав, ээжтэйгээ л байдаг байсан би өөр өөр зан ааштай 11 хүүхэдтэй нэг байранд орсноор хүнтэй зөв харилцах, нийтэч байх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх гэх мэт чухал зүйлсийг амьдралаас сурсан.

Мэргэжлийн хувьд би гэрийнхэнтэйгээ ярьж байгаад эдийн засаг, банк санхүүгээр сурахаар шийдсэн. Ингээд Канад улсын University of British Columbia их сургуулиас урилга авсан. Ер нь Канадад сурна гэдгээ аравдугаар ангийнхаа сүүлчээс бодоод, төлөвлөж эхэлсэн байсан. Тэнд сурахын тулд ямар шалгалтууд өгч, ямар шалгуур хангасан байх ёстойгоо судлаад, өгөх шалгалтуудынхаа жагсаалтыг гаргасан. Арваннэгдүгээр ангид ороод IELTS шалгалтандаа бэлтгэж байгаад шалгалтаа өгч шаардлагатай оноогоо авч чадсан. Ингээд арванхоёрдугаар ангидаа санаа зовох зүйлгүйгээр зөвхөн эссэйн дээрээ анхаарсан. Тэр үед багш нар маань надад маш их тусалсан. Англи хэлний Отгончимэг багш маань зөвхөн эссэйн дээр зааж зөвлөхөөс гадна бүх зүйлд анхаарч, аппликэйшн бөглөж эхлэхээс хариугаа авах хүртэл надтай хамт хичээж, догдолж хүлээж байсан. Ингээд урилгаа аваад бид маш их баярласан. Дашрамд дурдахад манай ангийн Цэцэн гэдэг хүүхэд мөн Канад улсын Торонто хотын Их сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцахаар болсон. Манай сургуулийн олон төгсөгч гадаадын их дээд сургуулиудад суралцахаар болж, зарим нь хүлгийн жолоогоо суралцах улсруугаа залсан байгаа.

Миний хувьд одоогоор урилгаа нэг жил хойшлуулж байгаа. Заавал төгсөөд шууд сурахын оронд өөрийгөө хөгжүүлэх боломжоо ашиглаж, мөн ээж, аавтайгаа нэг жил хамт байхыг хүссэн. Сэтгэл зүй, сэтгэлийн хат, сайн бэлтгэл ер нь хамгийн чухал гэдгийг ойлгосон. Энэ хугацаандаа франц хэл сурч, олон нийтийн ажил, төсөлд идэвхтэй оролцох бодолтой байгаа.  

Хүүхдүүд төлөвлөөд, дараалалтай хийгээд хичээвэл бүх зүйл боломжтой. Яг аппликэйшн бөглөх үйл явц маш их стресстэй байдаг тул сэтгэл зүйн хувьд бэлэн байж, ачаалал даах чадвартай, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Энэ бүх хугацаанд бидний хайрлаж, халамжилж, зөвлөж, зааж тусалдаг байсан багш нартаа хайртай шүү гэж хэлмээр байна.

Ц. Батжаргал: Шалгалтуудаа амжилттай өгөхөд минь “Edu Zone” сургалтын төв тусалсан

Одгэрэл бид хоёр нэг ангид сурч хамт төгссөн. Манай ангийнхан бараг бүгд гадаадын их дээд сургуулиудад элсэн орч сурч байгааг хэлмээр байна, сургуулиараа, найз нөхдөөрөө бахархаж байна. 

 

Өмнө нь “Дархан Эмпати”-д сурч байгаад төгсөх ангидаа энд ирсэн. Улаанбаатарт ангийн хүүхдүүд, гадаад багш нартай англиар маш сайн ярьж байсан тул миний хэлний, тэр тусмаа ярианы чадвар сургуулийн орчинд хурдан сайжирсан. Манай сургуулийн орчин нь маш нээлттэй. Тиймээс энэ сургуульдаа шилжиж ирээд би их нээлттэй болсон. Бас багш нар маань байнга ярилцаж, зөвлөдөг байсан. Багш нартай байнга уулзаж, тэд нар маань мэргэжлийн тал дээр зөвлөгөө өгсөн нь үнэхээр хэрэг болсон. Тэр дагуу би чадваруудаа сайжруулсаар Италийн Турины Политехникийн Их сургуульд тэнцэж, ирэх есдүгээр сард явах гээд бэлтгэлээ базааж байна.

 

Өнгөрсөн жилийн тухайд би нэг жил завсарлага (gap year) авсан. Энэ хугацаандаа SAT, IELTS-ийн шалгалтуудаа амжилттай өгч, одоо сурах гэж сургуулийнхаа шалгалтыг Бээжинд очиж өгөөд тэнцчихээд ирсэн. Шалгалтуудаа амжилттай өгөхөд минь “Edu Zone” сургалтын төв тусалсан. Сонгосон хичээлүүдийг минь маш системтэй зааж бэлтгэсэн тул толгойд сайн тогтдог. Тийм ч учраас шалгалт өгөхөд хүндрэл байгаагүй.

Мөн оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж, цэрэгт яваад ирлээ. Зуны хоёр сард цэргийн алба хаадаг гэдгээрээ давуу талтай. Хичээл ном ч цалгардахгүй учраас явахаар шийдсэн. Гадаадад сураад ирэхдээ цэргийн алба хаачихсан байна гэдэг нь том давуу тал болно. Эх орныхоо өмнө хүлээсэн нэг үүргээ амжилттай биелүүллээ. Нэг талаас хугацаа хожсон. Нөгөө талаар өөрийгөө таньж мэдэж, тэвчээр хатуужилтай, үг даадаг болоод ирсэн (инээв). Яагаад гэвэл өлсөөд, нойр муутай мөртлөө ачаалал авахаар хувийн зан араншин илэрдэг юм билээ. Тиймээс өөрийгөө хянаж сурсан гэж боддог.

Б.Ринчен: Боломжгүй мэт санагдаж байсан ч зүтгээд л байх хэрэгтэй

Би “Улаанбаатар Эмпати” 2015-2019 онд суралцаж, хавар төгссөн.

Анх зөндөө олон танихгүй, мэдэхгүй хүүхдүүдийн дунд орж ирэхэд намайг маш найрсгаар угтаж, хүлээж авсанд нь их баярладаг. Бас тэр үед сургуулийнхаа “Эмпати” гэдэг нэрийг ямар утгатай юм бол гэж бодож байсан. Тэр нь хүний оронд өөрийгөө тавьж үзээд ямар мэдрэмж авч байна,  ямар нөхцөлд байгааг өөр өнцгөөс харж мэдрэх гэсэн утгатай байсан. Би дөврөн жил сургуульдаа сурахдаа яг энэ утга шиг, аливааг илүү өргөн хүрээнд хардаг болсон. Ямар нэгэн зүйл болохгүй байлаа гэхэд бүтээх арга чарга байна уу гэж эрэлхийлдэг болсон. Илүү их нийтэч, чөлөөтэй, өөртөө итгэлтэй болсон гээд олон сайн чанарыг олж авсан. Багш нартайгаа нээлттэй харилцдаг байсан. Маш олон шинэ зүйлийг сурч авсан. Хөгжим тоглож, хамтлагтай болж, олон хүүхдүүдийн өмнө гарч, авьяасаа ч хөгжүүлсэн.

ЭЕШ өгөх үеэр би өөрийнхөө хувьд шинэ лимит тогтоосон. Өөрийгөө шахдаггүй байсан юм билээ. Яг дайчлаад ирсэн чинь шинэ түвшинд очиж, “Би ийм зүйл хийж чадах юм байна”  гэж мэдэж авсан.

Одоо би Польшийн Краковын их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр сурахаар явах гэж байгаа. Мэргэжлээ багш нар, аав, ээжтэйгээ яриад аавынхаа мэргэжлийг өвлөж авья гэсэн боловч миний нас одоохондоо арай бага гээд сурах боломжгүй болсон. Манай аав нисгэгч хүн л дээ. Тиймээс өөрийнхөө бас нэг сонирхлыг хөгжүүлж, програм хангамжаар сурахаар болсон.

 

Боломж хаа сайгүй байгаа. Хайгаад, оролдоод л байх хэрэгтэй гэж үеийнхэндээ, дүү нартаа хэлмээр байна. Миний хувьд олон орны сургуульд шалгалт өгч, олон сонголтоос  өөрт хамгийн их боломж олгоно гэж үзсэн сургуулиа сонгосон.

Тиймээс тэтгэлэг олчихлоо гээд зүгээр сууж болохгүй. Орчлон ертөнцтэй танилцаж, илүү их боломжийг хайх хэрэгтэй. Мөн авьяас чадвараа орхиж болохгүй гэж боддог. Яагаад гэвэл хувь хүн хэн бэ гэдгээ олж нээх нь маш чухал. Өөрийнхөө дуртай мэргэжлээ л сонгоорой гэж хэлмээр байна. Боломжгүй мэт санагдаж байсан ч, шантрах үе тохиолдсон ч ирээдүйнхээ төлөө, мөрөөдлийнхөө зүг зүтгээд л байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.