Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг агаарын улмаас Өлгий сумын бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор аравдугаар сард ашиглалтад орохоор болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN

Боловсролын салбарын барилга, байгууламжийн ажлууд орон даяар үргэлжилж байна.

БСШУСЯ-наас энэ оныг дуустал нийт 603 төсөл хэрэгжүүлж байгаагаас 222 нь өмнөх оноос шилжсэн төсөл юм. Эдгээрээс хоёр нь Баян-Өлгий аймагт хэрэгжиж байна.

Тухайлбал,

  • 150 хүүхдийн дотуур байр-Дэлүүн сум
  • 250 хүүхдийн суудалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор-Өлгий сум

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төлөвлөгдсөн 150 хүүхдийн дотуур байр 2019 оны тавдугаар сард Улсын комисс хүлээн авснаар ашиглалтад оржээ.

Зураг, Дэлүүн суманд баригдсан 150 хүүхдийн ортой дотуур байр

Аймгийн хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд 4,247 хүүхэд дотуур байранд хамрагджээ. Тус аймагт 48 дотуур байр байгаа нь нийт 4,010 хүүхдийг хамруулах хүчин чадалтай.

Харин Өлгий суманд баригдаж буй Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ашиглалтад орох хугацаа хойшилжээ. 

Энэ талаар гүйцэтгэгч компани “Агайын” ХХК-иас тодруулахад “Их хэмжээний усархаг бороо орсны улмаас сар гаруй ажил явуулахад хүндрэлтэй болж, түр зогссон. Гэрээ ёсоор есдүгээр сарын 15-нд хүлээлгэн өгөх ёстой ч аравдугаар сарын сүүлээр ашиглалтад өгнө” хэмээв.

Зураг, Ажлын явц, наймдугаар сарын 19-ний байдлаар

2018-2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 23,192 хүүхэд суралцсанаас 11,025 нь бага ангийн сурагч байна. Харин 7,238 хүүхэд цэцэрлэгт хүмүүжжээ.