Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп далайн хар салхийг АНУ-д ирэхээс нь өмнө бөмбөгдөх санаа гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп далайн хар салхийг өөрийн улсын эрэгт хүрэхээс нь өмнө цөмийн бөмбөгөөр бөмбөгдөх санаа гаргаж байсныг Axios сайтад өчигдөр мэдээлжээ.

Африкийн эрэг орчим үүсээд Атлантын далайг туулж АНУ-ын эрэгт хүрдэг далайн хар салхи тус улсын эдийн засагт жил бүр их хэмжээний хохирол учруулдаг.

Тэгвэл энэхүү үзэгдлийг дундаас нь тасалдуулахын тулд цөмийн бөмбөг хэрэглэх боломжтой эсэх талаар Трамп албаны хүмүүсээс асууж байжээ.

2017 онд ерөнхийлөгч болсныхоо дараахан Трамп мөн ийм санаа гаргаж байсан гэдэг.

Гэхдээ Трампын энэ санаа цоо шинэ зүйл биш гэнэ. 1950-аад оны үед ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын засаг захиргааны үед анх ийм санаа яригдаж байжээ.

Гэхдээ эрдэмтэд тухай бүрт нь боломжгүй гэдгийг тайлбарлаж байсан гэнэ.

Энэ санааны талаар АНУ-ын Үндэсний Далай тэнгис, Атмосферын захиргааны хуудсанд тайлбарлахдаа “Хар салхины улирал эхлэх бүрт энэ үзэгдлийг таслан зогсоохын тулд цөмийн зэвсэг хэрэглэх санаа гардаг. Энэ бол зөв санаа биш юм” гэжээ.

Бөмбөг хар салхийг зогсоож чадахгүйгээс гадна салхины урсгал цацраг идэвхит бодисыг ойр орчмын газар нутагт тараах аюултай гэнэ.

 

Эх сурвалж: AFP