Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад жуулчид 2019 онд Оросын эдийн засагт нэг тэрбум ам.доллар оруулна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2019 онд Хятадын жуулчид Оросын эдийн засагт хамгийн багадаа нэг тэрбум ам.доллар оруулахаар байгааг 200 орчим аялал жуулчлалын компанийг нэгтгэдэг “Хил хязгааргүй дэлхий” байгууллага өчигдөр мэдээлжээ.

Энэ тооцоог бодохдоо ОХУ-ын төв банкнаас гаргасан 2019 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн тоо баримтыг үндэслэсэн байна.

Уг баримтад өгүүлснээр 2019 оны нэгээс гуравдугаар сард Хятадын иргэд ОХУ-д аялахдаа $264 саяыг зарцуулжээ. Мөн хугацаанд Оросын хилээр Хятад улсын 342,000 иргэн нэвтэрсэн байна.

Аялал жуулчлалын идэвхтэй саруудыг тооцвол 2019 онд Хятадын жуулчдын ОХУ-ын нутаг дэвсгэрт зарцуулах мөнгөний хэмжээ хамгийн багадаа $1.1 тэрбум хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Хятадаас Орост ирэх жуулчдын тоо энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24.5 хувиар нэмэгдсэн байна. Хятад жуулчдын хамгийн их зорчдог хотууд нь Москва, Санкт Петербург байгаа ажээ.

 

Эх сурвалж: ТАСС