Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улстай газар нутгийн маргаантай аралд Өмнөд Солонгос байлдааны сургуулилалт эхлүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Өмнөд Солонгосын засгийн газар Докдо арал дээр байлдааны томоохон сургуулилалт эхлүүллээ.

Уг арлыг Өмнөд Солонгос, Япон улсууд өөр өөрийн газар нутаг гэж үзэн маргадаг юм. Өөрийн зүүн тэнгисийн ус болон Докдо арал дээр “газар нутгаа хамгаалах хоёр өдрийн байлдааны сургуулилалт” эхэлснээ Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.

Байлдааны хөлөг онгоцнууд, нисэх онгоцнууд, цэргийн бие бүрэлдэхүүн, зарим шинэ зэвсэг техник оролцож байгаа уг ажиллагааны цар хүрээ түүхэнд хамгийн томд тооцогдож байна. Гурав хоногийн өмнө Сөүлийн засгийн газар Япон улстай байгуулсан тагнуулын мэдээлэл хуваалцах гэрээгээ цуцалсан юм.

Докдо арал орчимд Өмнөд Солонгос 1986 оноос хойш хоёр жил тутамд цэргийн сургуулилалт зохион байгуулдаг болсон. Энэ жилийн сургуулилалт цар хүрээний хувьд хамгийн том нь болж байна.

Япон улсын гадаад хэргийн яам өчигдөр Токио дахь Өмнөд Солонгосын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Сөүлийн захиргаанд орсон Докдо арлыг Япон улс Такешима гэж нэрлэдэг бөгөөд өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг.

Ийнхүү дэлхийн хоёрдугаар дайн, колоничлолын түүхтэй холбоотой маргаан зөрчил хөрш хоёр орны дунд улам гүнзгийрч байна.

 

Эх сурвалж: Yonhap News