Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун шинэ зэвсэг туршиж, Дональд Трамп харамслаа илэрхийлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Умард Солонгос улс “үлэмж том хэмжээний пуужин харвагч” туршиж, тус улсын удирдагч Ким Жон Ун биечлэн удирдсан тухай Пёньяны төв мэдээллийн агентлаг өчигдөр зарлажээ.

“Их Долоо”-гийн уулзалтад оролцож байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Би энэ мэдээг хүлээж аваад сэтгэл дундуур байна. Гэхдээ уг туршилт бидний тохиролцоог зөрчөөгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Харин түүнтэй хамт “Их Долоо”-гийн уулзалтад оролцож байгаа Японы ерөнхий сайд Абэ Шинзо “Ойрын тусгалын баллистик пуужинг Умард Солонгос туршсан нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчсөн нь тодорхой байна” гэж мэдэгджээ. 

Бямба гарагт Умард Солонгосын дэглэм хоёр ширхэг ойрын тусгалын баллистик пуужинг зүүн тэнгисийнхээ ус руу харвасныг Өмнөд Солонгосын арми мэдээлсэн юм.

Пёньяны хэвлэлийн мэдээнд найман дугуйтай автомашины дээр суурилуулсан том хоолойноос пуужин харваж байгааг үзүүлжээ.

 

Трамп, Ким нарын сүүлийн уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Умард Солонгос дөрөв дэх шинэ зэвсгээ туршаад байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Туршилтын үеэр Ким Жон Ун “дайсагнагч улсуудын зүгээс аюул нэмэгдсээр байгаа тул стратегийн болон тактикийн шинэ зэвсэгтэй болох нь нэн чухал” байгааг албаныханд ярьсан тухай Пёньян мэдээлжээ.

Мөн шинэ зэвсгийг бүтээсэн залуу мэргэжилтнүүдээ “манай улсын юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ, баялаг” гэж Ким Жон Ун магтсан гэнэ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ гацаанд орсныг сэргээхээр Вашингтоны засаг захиргаа ажиллаж байгаа. Дональд Трамп Умард Солонгос зэвсэг турших бүрт үүнийг нь хоёр орны хооронд байгуулсан гэрээг зөрчөөгүй, Ким Жон Унтай сайн харилцаатай хэвээр байгаа хэмээн өмгөөлсөөр байна.

 

Эх сурвалж: Reuters