Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарт гарсан анхны гэмт хэргийг шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сансрын нисгэгч тойрог замд ажиллаж байх үедээ  бусдын банкны дансыг зөвшөөрөлгүй шалгасан гэх гомдлыг NASA шалгаж эхэлснээ өчигдөр мэдэгджээ.

Үүнийг сансарт үйлдэгдсэн гэмт хэргийг шалгаж буй анхны тохиолдол гэж үзэж байна. АНУ-ын сансрын нисгэгч Энн Маккэйн Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байхдаа салсан эхнэрийнхээ нэр, нууц үгийг ашиглан банкны данс руу нэвтэрсэн нь батлагдсан ажээ.

Түүний эхнэр асан Саммер Уорден энэ талаар хуулийн байгууллагад гомдол гаргасан байна.

Түүхэнд ижил хүйстэн гэдгээ анх удаа ил тод зарласан сансрын нисгэгч бол Энн Маккэйн юм. Тэрээр Саммер Уордентай 2014 онд гэрлэж, 2018 онд салж байжээ.

Хамт амьдрах хугацаандаа Маккэйн нь Уордены өмнөх гэрлэлтээс төрсөн хүүг халамжилж, мөнгө төгрөг харамгүй зарцуулдаг байсан гэнэ.

Тухайн үед хосууд дансныхаа мэдээллийг дундаа ашигладаг байсан бөгөөд салсныхаа дараа ч Маккэйн экс эхнэрээ өгсөн мөнгийг нь хэрхэн зарцуулж байгааг хянаж байжээ.

Маккэйн өөрт нь дансанд хандах эрх байгааг Уорден мэдэж байгаа тул хууль зөрчсөн хэрэг биш гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол Уорден түүнд ийм эрх өгөөгүй гэж гомдол гаргасан байна.

Энн Маккэйн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд сансарт нисэж, гуравдугаар сард анх удаа задгай сансарт ажилласан юм. Тэр зургаадугаар сарын 24-нд дэлхийд буцаж ирсэн байна. Энэ хугацаандаа Маккэйн NASA-гийн компьютер, интернэт сүлжээг ашиглан банкны дансанд нэвтэрсэн ажээ.

Олон Улсын Сансрын Станцыг хамтран байгуулж, үйл ажиллагааг нь зохицуулдаг ОХУ, АНУ, Япон, Европ, Канадын талууд сансрын нисгэгч тойрог замд байхдаа гэмт хэрэг үйлдвэл хэрхэн шийдэх дүрэмтэй байдаг.

Гэвч энэ дүрмийг өмнө нь огт хэрэгжүүлж байгаагүй бөгөөд Энн Маккэйнд анх удаа хэрэглэх болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian