Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бразил улс Амазоны түймрийг унтраахаар зэвсэгт хүчнээ илгээх шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ихэнх хэсэг нь Бразил улсын нутаг дэвсгэрт оршдог Амазоны ширэнгэ ой түүхэндээ хамгийн том гал түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа.

Манай гарагийн хүчилтөрөгчийн 20 хувийг үйлдвэрлэдэг ой мод шатаж байгаад дэлхий нийтээр анхаарлаа хандуулаад байна.

Өнөөдрийг хүртэл Бразилын засгийн газар түймрийг унтраах ажилд хойрго хандаж, гал гарсан шалтгааныг улс төржүүлж байв.

Тэгвэл Европын орнуудын дарамт шахалтанд орсон Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару өчигдөр тус улсын зэвсэгт хүчнийг гал түймэр унтраахаар Амазон руу илгээх шийдвэр гаргажээ.

Шийдвэр гаргахаас өмнө Франц, Ирланд улсуудын удирдагчид Амазоны галыг унтраах арга хэмжээ авахгүй бол Бразил улстай байгуулах томоохон худалдааны гэрээг батлахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Бас Финланд улсын сангийн сайд Бразилын үхрийн махны импортод хориг тавих саналаа Европын Холбоонд тавих тухай мэдэгдэж байв.

Финланд улс одоо Европын Холбооны зөвлөлийг даргалж байгаа тул ийм санал оруулж, хэлэлцүүлэх эрхтэй юм. Мөн Герман, Британи улсуудын удирдагчид Амазонд шатаж буй түймэрт санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнээс гадна Бразилын хотуудад байгаль хамгаалагчид жагсаал зохион байгуулж, Лондон, Берлин, Мумбай, Парис зэрэг хотууд дахь Бразилын элчин сайдын яамдын гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагджээ.

Энэ бүх шахалтын үр дүнд Бразилын эрх баригчид гал түймрийг унтраах арга хэмжээ авч эхэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Бразилын ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Амазоны түймрийг унтраахад тусламж үзүүлэх санал тавьжээ.

Шийдвэр гаргахын урд өдөр Бразилын төрийн тэргүүн Жайр Болсонару түймрийг унтраах нөөц боломж засгийн газарт нь байхгүй тухай сэтгүүлчдэд мэдэгдэж байв.

Өнгөрсөн оны сүүлээр ерөнхийлөгч болсон Болсонару Амазоны ширэнгийн моддыг огтолж, газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхнаасаа дэмжиж байсан юм. Пүрэв гарагт хэвлэлд ярихдаа тэр энэхүү бодлогыг нь эсэргүүцэгч төрийн бус байгууллагууд өөрийг нь буруутай харагдуулахын тулд зориуд Амазонд гал тавьсан гэж сэжиглэж байгаагаа ярьж байжээ.

Жил бүр хуурайшлын улмаас Амазоны ширэнгэд гал гардаг ч ийм өргөн хүрээг хамарч байгаагүй юм. Энэ жилийн түймрийн хамрах хүрээ өмнөх оныхоос 85 хувиар нэмэгдсэн байгааг хиймэл дагуулаас авсан зураг баталж байна.

 

Эх сурвалж: BBC