Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Махны үнийн өсөлтөд экспорт биш, бодлогын алдаа нөлөөлж байна уу?

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсад 2018 оны байдлаар 66,460,180 толгой мал тоологдсон.
 
Тэдний хэд нь ямар мал болохыг ЭНД-ээс дэлгэрэнгүй харж болно. Товчхондоо нийт малын 40% нь ямаа, 46% нь хонь. 
 
Тэгвэл Монгол Улс чухам ямар малын махыг түлхүү экспортолж буйг Гаалийн ерөнхий газрын статистикт тулгуурласан дараах графикаас харж болно.
 
График 1. Монгол Улсын махны экспорт 2016-2018 он (тонн)

Энэхүү графикт үзүүлсэнчлэн махны экспорт нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа адуу, хонь, ямааны мах илүүтэй гаргах болсон нь харагдаж байна. Тооцоолоод үзвэл, 2018 оныг 2017 оныхтой нь харьцуулахад үхрийн махны экспорт 75%, адууных 81%, хонь, ямааных 135% өсжээ. Харин нийт экспортод гаргаж буй махны 80 гаруй хувийг адууны мах дангаараа эзэлж байгаа юм.

Нөгөө талаар манай улсад хамгийн их байгаа хонь, ямааны махны экспортын хэмжээ болон импортлогч орнуудын тоо нэмэгдэж буйг доорх хүснэгт илтгэж байна. 

Хүснэгт. Монгол Улсын махны экспорт 2017, 2018 (улсаар)

Он   Үхрийн мах Хонь, ямааны мах Адууны мах НИЙТ
2017 он Хэмжээ 600 тонн 2,602 тонн 23,119 тонн 29,320 тонн
Үнэлгээ $1.64 сая $8.3 сая $44.5 сая  $54.4 сая
Экспортлосон улс

ОХУ-д 600 тонн

- Иранд - 2,601 тонн

- Катарт - 277.6 кг

-БНХАУ-д - 23,423 тонн

-ОХУ-д - 2,198 тонн

-Казахстанд - 497.5 тонн

-Японд - 389.1 кг

-
2018 он Хэмжээ 1,055 тонн 6,131 тонн 32,201 тонн 39,387 тонн
Үнэлгээ $3.2 сая $15.6 сая  $65 сая  $83.7 сая 
Экспортлосон улс

-ОХУ-д - 762.6 тонн

-Узбекстанд - 136 тонн

-Вьетнамд - 116.5 тонн

-Казахстанд - 20 тонн

-БНАСАУ-д - 19.5 тонн

-Вьетнамд - 3,085 тонн

-Иранд - 2,290 тонн

-Хонг Конгт - 591.3 тонн

-Малайзад - 86.5 тонн

-Казахстанд - 34.2 тонн

-БНХАУ-д - 24 тонн

-Киргизистанд - 20 тонн

-Катарт - 430 кг

-АНЭмират - 252 кг

-БНХАУ-д - 29,446 тонн

-ОХУ-д - 2,066 тонн

-Казахстанд - 688.6 тонн

-

2017-2018 онд мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн таваарлаг байдлыг өсгөх үүднээс

  • хонь, ямаан сүргийн 25-аас доошгүй
  • үхэр, адуун сүргийн 15-аас ихгүй
  • тэмээн сүргийн 3-аас ихгүй хувийг тус тус хүнсэнд хэрэглэх бодлого баримталж байгаа аж.

Энэ дагуу сүүлийн таван жилийн статистик судалгаагаар жилд 10-12 сая толгой малыг хүнсэнд нийлүүлснийг нийт сүрэгт харьцуулбал: 

  • хонь 23%
  • ямаа 21%
  • үхэр 16%-ийг
  • адуу 10%
  • тэмээ 7%-ийг тус тус эзэлж байна.

Харин нийт экспортод эзэлж байгаа үхрийн махны эзлэх хувь 2016 онд 7.8% байсан бол 2017 онд 2.0%, 2018 онд 2.6% болж буурчээ.   

Махны үнэ 2019 онд нэмэгдсээр байгааг Үндэсний статистикийн хорооны долоо хоног бүр гаргадаг үнийн судалгаанаас харж болно. 

График 2. ҮСХ-ны махны үнийн судалгаа

Тэгвэл үнийн өсөлтөд юу нөлөөлсөн байх боломжтой вэ?

Зах зээлийн хуулиар бол эрэлт нэмэгдсэнээр үнэ өсдөг. Нөгөө талаар өртөг нэмэгдсэнээр үнэ өснө. Үүнд инфляц ч мөн хамаатай гэсэн үг.

Тэгвэл инфляц Улаанбаатар хотод л гэхэд зургаадугаар сард сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрсэн талаар бид мэдээлсэн. Үүнд тээврийн бүлгийн үнийн өсөлт жин дарж буйг дурдах хэрэгтэй.

График 3. Сүүлийн таван жил дэх улсын болон Улаанбаатар хотын инфляцийн түвшинг харуулахдаа жил бүрийн зургаадугаар сарыг үзүүлэв. Эх сур: ҮСХ, Монголбанк

Үүнээс гадна, 2010 оноос хойш хамгийн олон мал 2018 онд хорогдсоныг Үндэсний статистикийн хорооны судалгаанд тусгажээ.

2010 оны зуднаар малчид 10.3 сая малаа алдсан бол үүнээс хойш 2016 онд 1.5 сая мал хорогдуулаад байсан билээ. Тэгвэл 2018 онд Монгол Улсын хэмжээнд 2.6 сая толгой мал хорогджээ.

Тиймээс нийлүүлэлтэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх боломжтой. 

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар дунджаар нэг хүнд жилд 70 кг мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохыг тогтоосон.

Манай улсын дотоодын жилийн хэрэглээ дунджаар 10-12 сая толгой мал буюу 300 гаруй мянган тонн мах байдгийг ХХААХҮЯ мэдээлсэн.

Монгол Улсын сүүлийн гурван жилийн статистикийг харвал жилд дунжаар 20 сая мал бойжуулж иржээ. Үүнээс дотоодын хэрэгцээний 10-12 сая толгойг хасвал найман сая толгой мал жил бүр экспортлоод байх нөөц байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 240 мянган тонн мах экспортлох боломжтойгоос манай улс 20 хүрэхгүй хувийг л ашиглаж байна гэсэн үг. 

Тиймээс Монгол Улс махны экспортоо цаашид нэмэгдүүлэх боломжтой.

Экспорт нэмэгдэх тусам эдийн засагт ч, малчдын амьдралд ч тустай. Өнгөрсөн жил л гэхэд мах, махан бүтээгдэхүүний экспортоос 160 орчим сая доллар буюу 400 орчим тэрбум төгрөг олсныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлж байв. 

Харин үнийн хувьд дотоодын хэрэглэгчдийг хөлдөө чирэхгүйн тулд ХХААХҮЯ жаахан зохицуулалт хийхэд хангалттай мэт.

Жил бүрийн хавар махны нийлүүлэлт багасдагтай холбоотойгоор махны үнэ өсдөг нь жам болсон.

Хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн гэдгийг ХХААХҮЯ тооцоолон гаргасан байдаг.

Тиймээс жил бүр 10-12 тонн мах нөөцлөн бэлтгэдэг байсан бол 2019 оны хавар ердөө дөрвөн тонн нөөцийн махыг л худалдаанд гаргасан билээ. 

Харин 2019 оны хавар яагаад ийм бага мах бэлтгэсэн талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох “Арилжааны банкны эх үүсвэртэй холбоотой юм. Манай яаманд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр материалаа өгсөн ААН-үүдэд арилжааны банкууд тодорхой шаардлага тавьж, нээлттэй сонгон шалгаруулсан. Шаардлага хангасан ААН-ийн бүтээгдэхүүнд мэргэжлийн баг өнгөрсөн 12 дугаар сард шалгалт хийсэн. Эхний ээлжинд шаардлага хангаад буй гурван ААН махаа худалдаанд гаргаж байна” хэмээн хэвлэлд ярьж байв. 

ХХААХҮЯ-ны энэхүү бодлого зохицуулалтын алдаанаас үүдэн махны үнийн өсөлт зун дамнан үргэлжилж, өнөөдөр бараг 20,000-д дөхөөд байна. Тиймээс энэ жил салбарын яам дорвитой бодлого барихгүй бол махны үнийн шок жил дамнахыг үгүйсгэх аргагүй. Экспортод хориг тавих биш, энэ жаахан зах зээл дээрээ л зөв зохицуулалт хийх хэрэгтэй байна.