Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгчууд өнөөдөр “Балтийн гинж” үүсгэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн тэмцэгчид өнөөдөр хэд хэдэн эсэргүүцлийн арга хэмжээ төлөвлөөд байгаа ажээ.

Тэдгээрийн нэг нь “Балтийн гинж” (Baltic Chain) гэгддэг тайван жагсаалын хэлбэр юм. 1989 оны наймдугаар сард Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцсэн хоёр сая орчим хүн Балтийн тэнгисийн эргийн Эстони, Латви, Литва улсуудыг дамнасан 675 км урт хүн гинж үүсгэж байсан нь ийн нэрлэгдэх болжээ. Хонг Конгийн дүүргүүдийг дамнасан урт хүн-гинж өнөөдөр үүсэх бололтой.

Мөн тэмцэгчид өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдээр Хонг Конгийн олон улсын нисэх буудал хүрэх замуудыг хааж, үйл ажиллагааг нь тасалдуулахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн хамгийн завгүй нисэх буудлуудын тоонд ордог Хонг Конгийн нисэх буудал өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр үйл ажиллагаагаа зогсооход хүрч байв.

Нисэх буудлын захиргаа өнөөдөр томоохон сонинуудын тал хуудас эзэлсэн уриалга гаргажээ. Уг уриалгад Хонг Конг хотод хайртай хүмүүст хандаж нисэх буудлын үйл ажиллагааг тасалдуулах ажиллагаанд оролцохгүй байхыг уриалсан байна.

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл бараг гурван сар үргэлжилж, дэлхийн санхүүгийн томоохон төв Хонг Конгийн эдийн засаг, ахуй амьдралыг хямраагаад байна.

Хонг Конгод зохион байгуулагдах байсан олон арга хэмжээ цуцлагдаад байгаа. Хамгийн сүүлд олон улсын үнэт эдлэлийн томоохон үзэсгэлэн худалдаа төлөвлөгдөж байсан боловч оролцогчдын 40 хувь нь Хонг Конгод ирэхээс татгалзсан тул хойшлоход хүрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters