Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос тагнуулын мэдээлэл Япон улстай хуваалцах гэрээгээ цуцаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар олж авсан тагнуулын мэдээллээ Япон улстай хуваалцах зорилгоор байгуулсан гэрээг цуцалж байгаагаа өчигдөр зарлажээ.

Ингэснээр Умард Солонгосын аюул заналаас сэргийлэхэд хамтран ажилладаг хөрш орнуудын хэлхээ холбоо тасалдаж байгаа юм. Өчигдөр өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл олон цагийн турш хуралдсаны дараа ийм шийдвэр гаргажээ.

Хоёр орны хооронд үйлчилдэг тагнуулын мэдээлэл солилцох гэрээний хугацаа Бямба гарагт дуусах ёстой бөгөөд аль нэг тал нь цуцлах санаачилга гаргаагүй бол автоматаар сунгагдах ёстой байжээ.

Японы засгийн газрын зүгээс Өмнөд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч, харилцан итгэлцэл байхгүй болсон нь гэрээг цуцлах үндэслэл болсныг тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэд дарга Ким Юү Гюн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын тал шийдвэрээ Бямба гарагаас өмнө Токиод албан ёсоор мэдэгдэх ажээ. Японы гадаад хэргийн сайд Өмнөд Солонгосын шийдвэрт ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

“Гэрээг цуцлах Өмнөд Солонгосын засгийн газрын шийдвэр нь бүс нутгийн аюулгүй байдлын өнөөдрийн нөхцөл байдлыг бүхэлд нь буруугаар үнэлсэн, хэтэрхий харамсалтай алхам гэж би хэлмээр байна” гэж Коно Таро мэдэгдэлдээ өгүүлжээ.

Токио дахь Өмнөд Солонгосын элчин сайдад албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээр болсныг тэр бас мэдэгдсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр хоёр орны гадаад хэргийн сайд нар Бээжинд уулзсан ч ямар нэг үр дүнд хүрээгүй юм. 

Ийнхүү худалдааны дайн хийж буй Өмнөд Солонгос, Япон улсуудын зөрчил аюулгүй байдлын хамтын ажиллагаанд нь нөлөөлж эхэллээ.

 

Эх сурвалж: Reuters