Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Асардарь: Театрын тайзан дээр алдах эрх байдаггүй

Б.Должинжав, Зууны мэдээ
2019 оны 8 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Зохиолч О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” зохиолыг залуу найруулагч соёлын тэргүүний ажилтан А.Чингүн уянгын драмын жүжиг болгон  ирэх сарын 6-нд тайзнаа тоглох гэж байна. Жүжгийн гол дүрд тоглож буй УДЭТ-ын залуу жүжигчин Д.Асардарийг “Өөр зочин” буландаа урилаа.

-Анхны гол дүрээ бүтээх гэж байгаад нь баяр хүргэе. Догдолж байна уу?

-Хоёр жил студийн жүжигчнээр ажиллаад өмнөх жилийн зургаадугаар сард шалгалтаа өгч УДЭТ-ын үндсэн жүжигчин болсон.

Нэг жилийн босгон дээр анхны гол дүрээ авлаа. Үнэхээр их догдолж байна.  Гол дүрд тоглох болсноо сонсоод баярлахын сацуу их үүрэг хариуцлага ногдож байгаа гэдгийг ойлгосон.

Надад итгэж  гол дүрд тоглох боломж олгосон найруулагч Чингүн ахдаа маш их баярлалаа. “Надтай үлдээч” бол одоогийн нийгмийн дүр төрхийг залуусын хайр сэтгэл дээр тулгуурлаж харуулах романтик драмын жүжиг.

Бид олон нийтийн сүлжээнд  хэт автсанаас болоод үнэн зүйлд итгэхгүй, бидэнд итгүүлэхийг хүссэн зүйлд итгээд гэмгүй хэн нэгнийг амьдралыг нь сүйрүүлээд байна.

-Амьд харилцаа үгүй болсноос эцэг эхчүүд, хүүхэд хоёрын хооронд зөрчил үүсээд байх шиг байна?

-Тийм. Энэ жүжгийг үзээд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ амьд харилцаатай байж чадаж байгаа юу, хүүхдээ хажуудаа байлгаад хайрлаад байгаа гэсэн атлаа хүсэл мөрөөдлийг сонсож чадаж байгаа юу гэдгээ эргэцүүлж хүүхэдтэйгээ ярилцаасай гэж хүсэж байна.

Нисэх цаг нь болоод далавч нь ургачихсан байхад  хүүхдээ хажуудаа хориод байгаа эцэг эхчүүд бий. Хосбаярын дүрд тоглож байгаа Шинэбаяр бид хоёр  гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшийн шавь. Хамгийн анх  хос болж тоглож байгаа жүжиг  нь энэ. Өмнө нь “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдорж, Пунцаг хоёрын  дүрд тоглож байсан.

-Австралид бүжигчнээр ажилладаг бүсгүйн дүр учраас сэтгэлгээ, бодол санааны хувьд судлах зүйл их байсан уу?

-Зургаадугаар сард дүрээ аваад зуны турш судалгаа хийлээ. Гадаадаас ирсэн найз нөхөд, бүжигчний мэргэжлээр гадаадад сурч байсан охидтой уулзлаа. Биднээс тэс өөр сэтгэхүйтэй байдаг юм байна.

Монгол хүн хэн нэгнийг гомдоочихвий гээд санасан бодсоноо дотроо нуугаад өөрөө шаналаад яваад байдаг. Гэтэл гадаадад ажилладаг хүмүүс юу хүсээд байгаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг, үргэлж болно, бүтнэ гэж ярьдаг өнөөдрийг аз жаргалтай өнгөрүүлэхийн төлөө хичээдэг, өөдрөг сэтгэхүйтэй  байдаг юм билээ.

-Гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх жүжиг гэж сонссон. Гэр бүлийн үнэ цэнэ юун дээр тогтдог юм бол?

-Миний бодлоор гэр бүлийн үнэ цэнэ итгэлцэл, хайран дээр тогтдог. Итгэл гэдэг бүх юмны тулгуур юм шиг санагддаг. Ээж аав нь хүүхдэдээ итгэнэ. Итгэл хүлээлгэсэн хүүхэд нь итгэлийг нь алдахгүй байхыг хичээнэ. Тиймээс итгэл маш чухал зүйл.

Гэр бүл батлуулж байгаа залуус бодлоготой байгаасай гэж би хүсдэг. Сэтгэлийн хөөрлөөр бие биеэ шохоорхоод  үүнийгээ хайртай эндүүрч хамт амьдардаг. Гэтэл өнөөх нь хайр биш байсныг  хүүхэдтэй болчихсон хойноо ухаараад дунд нь хүүхэд өнчирч үлддэг асуудал  өнөөгийн нийгэмд их байна. Тиймээс залуучууд бие биеэ сайн таних хэрэгтэй.

Надад үнэнч, хэлсэндээ хүрдэг хүмүүс таалагддаг. Хэлсэндээ хүрдэг  хүн итгэл даана, ямар ч зүйлд хариуцлагатай хандаж чадна. Итгэл байхгүй бол хайр, хүндлэл бүх юм байхгүй шүү дээ.

-“Бүсгүйн зурвас” жүжгийн Номингийн дүрд тоглосон. Нандингийн дүр Номингоос их ялгаатай юм шиг байна?

-Бүсгүйн зурвас жүжгийн Архай сайдын охин Номингийн дүр дээр ажилласан. Номин бол аав ээж нь бүх зүйлийг нь  бэлдээд өгчихдөг амьдрал мэддэггүй, баян айлын эрх танхи охин.  Харин Нандин маш их юм боддог, хүнийг хайрлах сэтгэлтэй, өрөвч зөөлөн цагаан тагтаа шиг хир буртаг толбо байхгүй гэнэн итгэмтгий биеэ даасан охины дүр.

-Саяхан жүжгийн зохиол бичиж уралдаанд оролцсон гэж сонссон?

-“Ялагчдын цуваа” моно жүжгийн наадамд “Хар, цагаан,саарал” гэсэн моно жүжгээр оролцсон. Энэ зохиолыг хайртай хүндээ зориулж бичсэн. Дурлахаар, гуниглаж шаналахаар хүнээс уран бүтээл төрдөг.

Мөн хайрын тухай кино зохиол бичээд эхэлчихсэн байгаа. Хүн ялагч болсон болоогүй ямар нэгэн тэмцээнд оролцож өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Учир нь энэ нь асар их туршлага болдог. Мөн оюутан байхдаа  шаргуу хөдөлмөрлө, олон дүр дээр өөрийгөө сорь.

Оюутан байхад чинь хэн ч чамайг буруутгахгүй учраас  хүссэн дүрээ бүтээ. Ном уншиж, зохиол дээр ажиллаж, дүр голохгүйгээр зүтгэх хэрэгтэй.

-Театрт анх ороод ямар дүр бүтээж байсан бэ?

-Хамгийн анх найруулагч Ч.Түвшингийн “Жаргаагүй нар” жүжгийн Пунцагийн дүр дээр ажилласан. Театрт тэнцэх шалгалтаа Ц.Балдоржийн “Надаар тоглосон хайр” жүжгийн Цолмонтамирын дүр дээр ажиллаж өгч байсан. Цолмонтамирын хувьд гэнэн томоогүй, хүнд итгэмтгий, гэгээхэн охины дүр.

-Үзэгчдийн суудлаас үзэх, өөрөө тайзан дээр жүжиглэх хоёр их ялгаатай байгаа биз?

-Үзэгчийн суудлаас жүжиг үзэхдээ жүжигчин дүр дээрээ  хэрхэн ажилласан нарийн ширийнийг мэдэхгүй ямар гоё юм бэ гэж боддог байсан. Харин өөрөө жүжигчин болоод үзэгчдийг бишрүүлсэн гайхалтай дүрийг бүтээхийн тулд жүжигчнээс маш их хичээл зүтгэл, судалгаа шаарддаг гэдгийг ойлгосон.

Театрын жүжигчин тайзан дээр гарсан бол алдах эрх байхгүй. Дүрийнхээ улаан шугамыг алдчих юм бол жүжгийг үзэгчид ойлгохгүй болчихно. Тиймээс өөрийгөө маш сайн дайчилж, анхаарлаа төвлөрүүлж  бүх  зүйлийг төгс хийх ёстой.

-СУИС-ийн дуулаачийн ангид нь тэнцсэн гэж сонссон. Яагаад жүжигчний ангийг сонгосон юм бэ?

-Би арван жилээ төгстөлөө сэтгэл судлаач болно гэж боддог байлаа. Арван жилээ төгсөх үедээ үндэсний телевизийн олон ангит киноны олны хэсэгт  тоглосон чинь яагаад ч юм жүжигчний мэргэжил гоё санагдсан.

СУИС-ийн эстрад дуулаач, жүжигчний ангид бүртгүүлээд хоёуланд нь тэнцсэн ч жүжигчин хүн дуулж болдог гэж бодоод жүжигчний ангийг сонгосон. Бүжиглэх, дуулах дуртай учраас  чөлөөт цагаараа  дуулах, бүжиглэх авьяасаа давхар хөгжүүлээд явж байгаа.

-Ур чадвараа нэмэгдүүлэх тал дээр яаж анхаардаг вэ?

-Дэмидбаатар багш маань “Жүжигчин бол маш хурдан зэвэрдэг мэргэжил. Гоё кино үзээд уйл, гоё өгүүллэг, шүлэг сонсож сэтгэлээ байнга хөгтэй байлга. Тэгэхгүй бол сэтгэл чинь хөдлөхөө болино” гэж байнга хэлдэг байсан. Тиймээс сэтгэлээ байнга хөгтэй байлгах гэж хичээдэг. Театрт ажиллаж байгаа хүн болгоноос туршлага судлаад суралцаад явж байна.

-Өөрт тань хамгийн их ухаарал өгсөн жүжиг юу вэ?

-Ерөнхий найруулагч Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжиг үнэхээр гайхалтай жүжиг гэж боддог. Эх орон гэдэг зүйл хайр сэтгэлээс илүү тавигдах ёстой энэ үед хэзээ ч хуучрахгүй Монгол хүн бүрийн заавал үзэх жүжиг.

Хөшиг нээгдээд жүжиг эхлээд дуустал сэтгэл булгилаад, хамрын самсаа шархираад омогшоод гардаг. Жүжигчид бол үзэгчдийн алга ташилтаар тэжээгдэж, урмын үгээр нь өнгө орж жавхааждаг хүмүүс. Тиймдээ ч үзэгчдээс нижигнэсэн алга ташилтыг авахын тулд маш их хөдөлмөрлөдөг.

Алдаж явж байгаа нэг нь театрт ирээд жүжиг үзээд ямар нэг юмыг ойлгоод ухаарал аваад амьдрал нь тэгширдэг,  хайртай хүнээ ингэж хайрлах сан, эсвэл ингэж дурлахсан гэсэн сайн сайхан бодол тээдэг нь жүжигчин мэргэжлийн хамгийн сайхан нь болов уу.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Өөрийн ур чадвараа ахиулаад үзэгчдийн хайрлаж хүндэлж явдаг, үзэхийг зориод ирдэг үнэ цэнэтэй жүжигчин байхыг хүсэж байна. Уран бүтээлч хүн хүмүүсийг сайн сайхан зүйлд уриалах ёстой. Тиймээс миний хамгийн том мөрөөдөл бол урлагаар дамжуулж хүүхдийн сэтгэл санааг эмчилдэг уран бүтээлийн сантай болох юм.

Зураг