Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбаяр: СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрт суралцсанаар нэг сумаар гурван туулай буудна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 24
iKon.MN

СЭЗИС нь дэлхийн шилдэг мэргэжлийн байгууллага болох ACCA буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны сургууль болжээ.

Их Британи улсад төвтэй ACCA нийгэмлэг нь нягтлан бодох бүртгэл, санхүү удирдлагын чиглэлээр мэргэжлийн цол зэрэг олгодог, 100 гаруй жилийн түүхтэй дэлхийн нэр хүндтэй байгууллага аж.
 

Энэ талаар Санхүү эдийн засгийн сургуулийн ректор Б.Мөнхбаяраас тодрууллаа.

-АССА нийгэмлэгт дэлхийн хэчнээн сургууль хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм бэ. Ямар шаардлага тавьдаг юм бол?

- СЭЗИС нь өөрийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн удирдлагын хөтөлбөрөө олон улсын мэргэшсэн зэргийн шалгуур, шаардлагад нийцүүлж ирсэн.

Тэр ч утгаараа 2006 оноос олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөрүүд болох АССА, СGMA, СFA-г хэрэгжүүлж эхэлсэн.

Мөн СЭЗИС 2012 онд анх удаа ACBSP /Бизнесийн сургууль хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл/-өөр магадлан итгэмжлэл хийлгэж байсан. Харин энэ жил АССА нийгэмлэгээр бүрэн хүлээн зөвшөөрөгдөөд байна.

АССА-д дэлхийн 239 сургууль хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ч хоорондоо харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл АССА-д хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бүр нь бүх түвшинг хангаж чаддаггүй.

Зарим нь нэгдүгээр түвшингээ хангаж байхад зарим нь хоёрдугаар түвшингээ хангадаг байх жишээтэй. 

Харин манай сургууль АССА нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн 239 сургууль дотроо нэг, хоёрдугаар түвшинг зэрэг хангасан цөөн сургуулийн нэг болж, чанарын баталгаажуулалтын Алтан статустай болсонд баяртай байна.

- АССА нийгэмлэгийн Алтан статусын болзлыг хэрхэн тодорхойлдог юм бол?

- Мэдээж оюутнуудын мэдлэгээр үнэлэгдэнэ. Бид оюутнууддаа хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулж, харин олон улсын нийгэмлэгүүд зохих шалгалтыг авдаг.

Харин ACCA хөтөлбөрөөр суралцаж байгаа манай оюутнуудын сурлагын дундаж дэлхийн дунджаас 10 хувиар илүү буюу 85 хувь байгаа нь бахархам үзүүлэлт. 

Энэ нь Монгол залуус дэлхийд үнэлэгдэх боломжийг харуулж буй хэрэг юм.

- АССА хөтөлбөрөөр суралцсанаар оюутнуудад ямар давуу талууд бий болох вэ?

- Санхүү, нягтлан бодох бүртгэлээр суралцаж бакалаврын зэрэг олохын тулд оюутнууд дөрвөн жил суралцдаг. Дараа нь олон улсын зэрэгтэй болохын тулд олон шалгалт өгч цааш суралцах хэрэгтэй болдог.

АССА, CGMA, CFA бол нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн том, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд юм.

Тухайлбал, АССА-гийн олон улсын мэргэжлийн нягтлан бодогч цол зэрэг гурван шатлалтай байдаг. Энэ хүндхэн шалгуурыг давж байж олон улсын зэрэгтэй болсноор дэлхийн 180 гаруй оронд энэ мэргэжлээрээ ажиллах боломжтой болдог. 

СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрт суралцсанаар нэг сумаар гурван туулай буудаж буй хэрэг.

Бакалаврын зэрэг эзэмшихээс гадна АССА нийгэмлэгийн гурван түвшний хоёрыг нь алгасах боломжтой буюу нийт 15-н шалгалтын есөөс чөлөөлөгдөх юм.

Мөн олон улсын CGMA нийгэмлэгийн нийт 15 шалгалтын долоогоос нь чөлөөлөгдөнө гэсэн үг.  

Мэргэжлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдэнэ гэдэг нь зөвхөн боловсролын магадлан итгэмжлэлтэй харьцуулхааргүй том хэмжээний ахиц. 

Ингэснээр хүүхдүүд АССА болон CGMA-ийн зэрэг цол аваад олон улсын түвшинд ажиллахад илүү хялбар, цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой болж байна.

Энэ хоёр байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага дэлхий дээр харьцангуй цөөн. Тиймээс бусад улс орноос манайхыг зорьж суралцах оюутнуудын тоо нэмэгдэж байна.

Одоогоор СЭЗИС-д БНХАУ, АНУ, ОХУ, Энэтхэг, Бангладеш, Герман, Бахрейн, БНСУ, Казакстан, ӨАБНАУ /Өмнөд Африк/-аас 100 гаруй оюутан ирж  суралцаж байна.

- Танай сургуулийг сонгон суралцсанаар өөр ямар боломжууд нээлттэй байдаг вэ?

- Манай бизнес санхүүгийн байгууллагууд олон улсын зэрэг хангасан хүмүүсийг илүү чухалчилж үздэг болсон байна.

Монгол залуус АССА, CGMA, CFA зэргийг авахын тулд гадагшаа явж зардал чирэгдэл их гаргадаг байсан.

Харин өнгөрсөн жилээс эхлэн манай сургууль АССА, CFA шалгалтын төвөөр ажиллах эрхтэй болж, олон улсын байгууллагуудын стандартын шаардлага хангасан шалгалтыг зохион байгуулж байна.

- Танай сургуулийн хувьд элсэгчийн тоо жилээс жилд хэчнээн нэмэгдэж байна вэ?

-Манай сургууль элсэлтийн тоогоо нэмэгдүүлэх биш тогтсон түвшиндээ бариад сургалтын чанараа сайжруулах бодлого барин ажилладаг. Жил бүр манай бакалаврын хөтөлбөрөөс 600 орчим оюутан төгсдөг.

Бид төгсөгчдөө олон улсын түвшинд дүйцэхүйц боловсрол эзэмшүүлэхийг зорьж байна.

Мэдээж ирээдүй болсон залуустаа чанартай боловсрол эзэмшүүлж байж улс орныхоо хөгжилд тодорхой өөрчлөлтийг авчирна шүү дээ.

Нэг ёсондоо аливаа ажил хэрэгт олон улсын стандарт гэж бий. Тэрхүү стандартад нийцсэн хүмүүс л ижилхэн “хэл”-ээр хоорондоо харилцаж чадна . 

Олон улсын түвшинд ажиллаж чаддаг мэргэжилтнүүдтэй байж манай улс дэлхийн бизнес эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжтой.

Бидний дэлхийн зах зээлийг харж, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, дэлхийн жишгийг Монголдоо бий болгохоор ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.