Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах тухай асуудалд би огт оролцохгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил удаашрах тусам Засгийн газрыг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд төлөвлөн, гарын үсэг цуглуулах гэж байна гэх яриа дуулдах болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодрууллаа. 

-Нэр бүхий гишүүдийг Засгийн газрыг огцруулах бичиг төлөвлөн, гарын үсэг цуглуулж байна гэх мэдээлэл сошиалд тараад байна. Энэ дээр та ямар мэдээлэлтэй байна вэ? 

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэж байна гэж баахан хүний нэр зоогоод эхэллээ. Үүнийг манай нам дотроосоо явуулж байна гэж харж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан 27 гишүүнийг элдэвлэж эхэлж байна уу даа гэж хардаж байна. 

Ямар ч утгаар бодсон одоо Засгийн газрыг огцруулдаг цаг хугацаа мөн үү. Өвөл боллоо, төсөв хэлэлцэнэ. Ингээд 6-7хон сарын дараа сонгууль боллоо. Ийм цаг тулсан үед Засгийн газрыг огцруулаад ямар ашиг гарах юм. Юуг, яах гэж бид Засгийн газрыг огцруулах юм. За яахав муугаар бодоод засаг уналаа гэхэд бид Засгийн газраа байгуулж чадахгүй байсаар сонгуульд ороод, засаг ч үгүй, нам ч үгүй, сонгуульд нам тавиулаад дуусна. Үүнийг бодож сэтгэдэггүй улстөрч гэж байхгүй шүү дээ. 

Тиймээс бидний нэрийг хавчуулж, засаг унагах нь гэсэн мэдээлэл явуулаад байгаа хүмүүст “Наад хариуцлагагүй, худал мэдээллээ одоо зогсоо” гэж хэлмээр байна. 

Хоёрдугаарт, одоо засаг огцруулах тухай ямар нэгэн асуудал хөндөгдвөл би түүнд оролцохгүй. Би Засгийн газрыг огцруулах тухай асуудалд огт оролцохгүй. 

Яагаад гэвэл энэ цаг хугацаа нь биш. Аливаа юм цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөлтэй байдаг. Одоо энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. Ийм зүйлээр нам дотроо чулуу шидэлцэж байгаагаа болих болсон. 

-19 аж ахуйн нэгжийн, 23 тусгай зөвшөөрлийг цуцлах болсныг өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн. Гэтэл орой нь уул уурхайтай холбоотой нэр бүхий хүмүүс цугласан байна. Тэр дунд таныг байна гэх мэдээлэл фэйсбүүкийн зарим пэйжээр явж эхэлсэн. Үүний хариулыг та тэр дор нь өгөх шиг болсон? 

-Би тийм уулзалтад ороогүй. Надад уул уурхайнхныг онцгойлон өмгөөлж, хамгаалаад байх шалтгаан байхгүй. Би Ерөнхий сайдын уул уурхайг хариуцлагажуулахыг зорьж байгааг дэмжинэ. Гагцхүү авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хуулийн хүрээнд байх ёстой. 

Дотоодынхоо алдааг засна гэж байгаад гадны хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл өгчихвөл манай бизнес эрхлэгчид болон Монгол Улсад эргээд халтай юм. Ийм байж болохгүй гэж би “Ийгл” телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн. Үүнээс болоод надтай холбоотой худал хуурмаг яриа гаргаад байх шиг байна. 

Тийм учраас би өчигдөр орой гэртээ байж байгаад амьдралдаа анх удаа богинохон хэмжээний лайв хийсэн юм. Ямар ч байсан би тийм юманд оролцоогүй гэдгээ л хэлсэн. 

Сошиалд худал гүтгэлэг явуулаад, түүнийгээ олон түмэнд үнэн мэтээр ойлгуулж, нэгнийгээ хараалгуулж, зүхүүлдэг юманд манайхан их гаршиж байна. Энийг увайгүй, буруу арга гэж бодож байна.