Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим Өртөө - МУИС-ийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлгийн II ээлжийн ялагчид тодорлоо

ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Цахим Өртөө Сүлжээ"-ний 20 жилийн ойг тохиолдуулан зарлагдсан Цахим Өртөө - Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит Монгол туургатан оюутны тэтгэлэг 2019-2024 хөтөлбөрт түрүүлсэн залуусын нэрийг зарлаж байна. 
 
Тэтгэлэгт хөтөлбөрт: 
 

  1. АМЕЕВА Ногала (ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяат халимаг);
  2. Батын БАРС (БНХАУ-ын Хөхнуур мужийн харьяат дээд монгол) нар шалгарлаа. 

 2019-2024 оны эрдмийн жилд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдыг тодруулахдаа сүүлийн шатанд шалгарсан 4 шилдэг сурагчдаас хичээл сурлага, нийгмийн тусч хөдөлмөрийн үйлст хэр өндөр амжилт үзүүлсэн болоод цаашид их дээд сургуульд хэр үр дүнтэй суралцах оюуны чадамж, манлайлагч байх чадварыг харгалзан үзэж, утсаар ярилцлага хийсний дүнд шүүгчдийн саналаар шигшин сонгосон билээ.
 
Тэтгэлгийн сан нь тус бүр 100 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнгээс бүрдэнэ. Үүнд 5 жилийн сургалтын төлбөр (5 жилд ойролцоогоор нийт 14,000 ам.доллар), оюутны дотуур байр (жил бүр 1,700 ам.доллар), стипенд (сар бүр 500,000 төгрөг), номын төлбөр, оюутны амьдарч буй орноос Монгол улсад ирэх болон буцах нэг удаагийн замын зардал багтаж буй болно. Хичээлийн жилийн төгсгөлд тэтгэлэгт оюутан нь тухайн жилд тус тэтгэлгийг авснаар ямар амжилт гаргасан тухай тайлан бичиж, хамтран ажилласан, хандив өгсөн байгууллага, хувь хүмүүст танилцуулах болзол хүлээнэ.
 
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
 

  • Ирээдүйд өөрийн улс орны удирдагчид, манлайлагчид болох хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч монгол туургатан залуусыг Монгол улсад суралцуулах;
  • Тэтгэлэгт шалгарсан залуусыг орчин үеийн Монгол улсын нийгэм, соёл, үнэт зүйлстэй танилцах боломжийг олгох;
  • Халимаг, Дээд монгол, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршид тус тусын улс орны Монгол угсаат ард зоныг Монголын ард түмэнтэй харилцан холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
  • Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн амжилт, хувь хүний хөгжлийг дэмжих.

Хэрэв та энэхүү төслийг дэмжиж буй бол Тэтгэлгийн санд хандив өргөнө үү. Бид тэтгэлэг олгосон хувь хүн, байгууллагуудад тэтгэлэгт хөтөлбөрийн явц, хүрч буй үр дүн, хандивын зарцуулалтын тайланг тогтмол мэдээлж байх болно.

Худалдаа хөгжлийн банк | Хүлээн авагч: Цахим өртөө холбоо ТББ | Данс: 499074950 Гүйлгээний утга: Оюутны тэтгэлэг – Овгийн эхний үсэг, нэр – Утасны дугаар
 
 
Оюутны тэтгэлгийн комисс

  • Цахим Өртөө Холбоо ТББ I Монгол Улсын Их Сургууль