Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: Бичил хуванцартай ус уух нь одоохондоо аюулгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ундны усанд агуулагддаг бичил хуванцар нь хүний эрүүл мэндэд аюулгүй болохыг өнөөдрийн судалгааны түвшинд тогтоогоод байгааг анх удаа мэдэгджээ.

Бичил хуванцар буюу microplastic нь хүний үйл ажиллагаагаар бий болсон 5 мм хүрэхгүй хэмжээтэй хуванцрын хэлтэрхийнүүдийг хэлдэг. Шинжлэх ухааны үндэслэлтэй ямар нэг тодорхойлолт одоогоор байхгүй.

Сүүлийн жилүүдэд байгаль орчин, хүний хоол хүнс зэргээс хуванцрын бичил хэсгүүд ихээр илрэх болоод байгаа. Нийтийн түгээгүүрийн болон үйлдвэрт савласан ундны усанд ч хуванцрын бохирдол илэрдэг болсон юм.

“Ундны уснаас хуванцар илэрснээс болоод эрүүл мэндэд аюултай гэсэн дүгнэлтийг шууд хийж болохгүй. Бидэнд яг одоо мэдэгдэж байгаагаар бичил хуванцартай ус уух нь санаа зовоох асуудал биш” гэж ДЭМБ-ын ус, ариутгал хариуцсан координатор Брюс Гордон өчигдөр мэдэгджээ.

Гэхдээ өнөөдөр байгаа судалгааны баримт мэдээлэл нь хангалтгүй, цаашдаа гүнзгийрүүлэн судлах ёстойг тэр хүлээн зөвшөөрсөн байна. Мөн энэ дүгнэлтийн улмаас байгаль орчны бохирдолд санаа зовохоо больж, хуванцар хог хаягдалтай тэмцэх үйлсийг сулруулах ёсгүй гэдгийг Гордон анхааруулжээ.

ДЭМБ нь одоогоор ундны усан дахь хуванцрын бохирдлыг тогтмол хянаж байгаа юм байна. Гэхдээ уг үйл ажиллагааны үндсэн зорилго нь ундны усаар гэдэсний хижиг, булчин задрах тахал зэрэг өвчний бактер тарахаас сэргийлэхэд чиглэж байгаа ажээ. Харин хуванцрын бохирдлын асуудал хоёрдугаарт тавигдаж байна.

Дээр дурдсан халдварт өвчнүүд усаар тарвал олон сая хүнийг шууд үхүүлэх аюултай юм. 

 

Эх сурвалж: AFP