Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Нямдаваа: Монгол Улсад цацраг идэвхт үүл орж ирсэн эсвэл норм, түвшин ихэссэн зүйл ажиглагдаагүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-д хийсэн пуужингийн туршилттай холбоотойгоор манай улс руу цацраг идэвхт үүл орж ирлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад буй.

Иймд цацраг идэвхт бодист үүл манай улсад тарсан эсэх талаар бид Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваагаас тодрууллаа.

- Монгол Улсын хэмжээнд цацрагт идэвхийг хэрхэн хэмжиж байна вэ. Үнэхээр олон нийтийн яриад байгаачлан цацраг идэвхт үүл манай улсад орж ирсэн үү?

- Монгол Улсын хэмжээнд цацрагийн түвшинг хянаж, хэмжилт хийдэг 35 пост Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяанд ажилладаг. Нийслэл хот болон аймгуудын төвд байрлуулсан станцууд цацрагийн хэмжилтийг хийж гүйцэтгэдэг. Мөн Монгол Улсын хил дээр цацрагт материалыг илрүүлэгч төхөөрөмжүүд суурилуулсан байдаг. 

Өөрөөр хэлбэл, цацрагийн түвшин байгалийн зохист хэмжээнээсээ ихсэж байгаа эсэхийг байнга хянадаг гэсэн үг. ОХУ-д болсон пуужингийн туршилттай холбоотойгоор дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт бодисууд богино хугацаанд ихэссэн гэх мэдээлэл гарсан байсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор хэмжилтийн дүнгүүдийг бид байнга авч үзэж байгаа.

Монгол Улсад цацраг идэвхт үүл орж ирсэн ч юм уу, норм түвшин ихэссэн зүйл ажиглагдаагүй. Цацрагийн түвшин, хэмжээ хэвийн түвшинд байгаа.

Зарим сайт болон твиттэр хуудсаар яриад байгаа нь хэрэв тэнд дэлбэрэлт болсон бол цацраг идэвтх бодис ямар байдлаар тархах вэ гэдгийг компьютерын программаар хийж харуулсан зураглал, бичлэг төдий юм.

 

СTBTO гэх цөмийн туршилтыг хянадаг байгууллагаас твитерр хуудсаараа дамжуулан “Энэ бол компьютерын загвар, кодны бичлэг. Энэ нь цацраг идэвхт бодисын бодит тархалт, бодит хэмжилтийн дүн гэсэн үг биш” гэж мэдэгдэл хийсэн. 

Иймд олон нийт бодит бус мэдээлэлд автахгүй байж, албан ёсны мэдээллийг албан ёсны эх сурвалжаар дамжуулан авах хэрэгтэй. 

- Манай улсад Цацрагийн норм, стандарт хэмжээтэй холбоотой ямар баримт бичиг байдаг бол?

- Монгол Улсын хэмжээнд цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, цацрагийн аюулгүй ажиллагааны норм гэх мэт цацрагийн тун хэмжээтэй холбоотой стандартыг Цөмийн энергийн комиссоос батлан гаргасан байдаг.

Ингэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс гадна хоол хүнсний түвшинд хүртэл ямар байх ёстой зэргийг нарийвчлан зааж өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллагад цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар бас ажилладаг. Мөн цацрагийн хяналтын лаборатори бий. Ийнхүү хяналт шинжилгээг бүрэн хийдэг тул ард иргэд тайван байж болно.

- Магадгүй цацраг идэвхт бодисын түвшин ихэссэн нөхцөл байдал тулгарвал иргэд ямар арга хэмжээ авах вэ?

- Хэрвээ аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагаас албан ёсны мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэнэ. Ингэснээр албан ёсны эх сурвалжийн дагуу сэргийлэх арга хэмжээ авна. Тэгэхгүйгээр наана нь ямар нэгэн хамгаалах, сэргийлэх зүйл хийх шаардлагагүй.

Гадаад орчны цацрагийн хэмжилтийн цэгүүд /Дэлгэрэнгүйг энд дарж харна уу/

 

Цацрагийн хэмжилтийн дүн /Улаанбаатар хот, Дэлгэрэнгүйг энд дарж харна уу/