Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Дагва: Үндсэн хуулийн шинэчлэлээр дамжуулан хотод захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг өгөх хэрэгтэй

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд тэнгэр бүүдгэр, хур ихтэй улаанбаатарчуудын хувьд тогтоол ус тойрч гарах, ус цацаж давхилдах машины араас бухимдах гээд олон таагүйтэй учирч байна. Харин таны өрөө-ний цонхоор харагдах төв талбай, төв талбайг тойрсон өндөр барилгуудыг харахаар яах аргагүй “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэдэг шиг л сэтгэгдэл төрмөөр. Гэхдээ таны бодлыг урьдчилж сонсоогүй атлаа дүр төрх талаас шууд дүгнэх нь таагүй хэрэг болно байх. Иймд энэ тухай өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу. Ер нь Улаанбаатар хотын иргэний хувиар таны амьдралд нийгмийн хандлага болоод дэд бүтцийн доголдолтой холбоотой бэрхшээл хэр их гарах юм?

-Санаа зовоож, сэтгэл чилээх асуудал олон байна.

Гэхдээ монгол хүний амны билэг гэж бий. Өнөөдөр сайхан өдөр болох байлгүй. Маргааш, нөгөөдөр ч сайхан байна гэдэгт итгэлтэй байгаа.

Бидний хойч үе, хүүхэд залуусын ирээдүй сайхан байна гэдэгт би эргэлздэггүй. Гэхдээ таны хэлсэнчлэн энэ цагийн байдлыг сайн уу, муу юу гэдэгт хүмүүс аль нэгийг нь хэлэх байх.

-Хангалттай сайн гэж лав хэлэхгүй байх.

-Би тантай санал нэг байна. Улаанбаатар хотын ажил, амьдралыг хэрхэн өөрчлөх ёстой юм, өнөөгийн нөхцөл байдал болж байна уу, үгүй юү гээд олон асуудал бий.

Улс, нийслэлийн төсөв гэсэн санхүүгийн хоёрхон эх үүсвэрээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг шинэ шатанд гаргана гэж байхгүй. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Бидэнд шинэ эх үүсвэр, амьдрах шинэ арга ухаан хэрэгтэй.

-Тэр нь ямар арга ухаан юм бэ?

-Хүн бүр, айл болгонд өөрсдийн гэсэн амьдрах арга ухаан байдаг биз дээ. Олж авсан боловсрол, эзэмшсэн мэргэжил, эцэг эхээс өвлөсөн амьдрах ухаанаа нийлүүлээд хүн бүр амьдрах ухаанаа тодорхойлдог. Үүнтэй ижил Улаанбаатар хотын цаашдын амьдрах ухаан ямар байх вэ гэдгийг бодох ёстой юм.

-Тэгвэл Улаанбаатар хотын амьдрах ухаан нь юу байх ёстой юм бэ. Хотын иргэний хувиар хотдоо ая тухтай, амар тайван амьдрах хүсэл хэн хүнд л байж таараа шүү дээ. Иймд тэдэнд өгөх таны хариулт юу вэ?

-Улаанбаатар хот жилийн турш татвар төлөгчдөөс орлого төвлөрүүлдэг. Гэтэл тэрийгээ Сангийн яаманд тушаачихдаг. Ингээд Сангийн яам багахан хувийг нь төсөв хэлбэрээр буцааж өгөөд тулгамдаж буй асуудлаа шийдэж, хотоо хөгжүүл гэдэг.

Гэтэл тэр санхүүжилтийн дийлэнх нь хотын аж ахуйн урсгал зардалд явчихдаг юм. Хэн ч байлаа ийм өчүүхэн хөрөнгөөр хотод тулгамдаж буй асуудлыг шийдэж, хотыг хөгжүүлж чадахгүй. Хангалттай биш.

Тиймээс л амьдрах арга ухааныг нь өөрчилж үзье гээд байгаа юм. Уг нь хотын хөгжлийн талаарх олон боть баримт бичиг бий. Түүн дотор өч төчнөөн зорилт тусгасан байдаг. Тэр бүхний ард ямар нэгэн санхүүжилт тавихгүй бол зүгээр л цаас. Тийм учраас хувийн хэвшлийнхнийг урья гэж байгаа юм. Тэдэнд санхүүгийн чадавх, боловсон хүчин гээд бүгд бий.

Бидэнд шинэ эх үүсвэр, амьдрах шинэ арга ухаан хэрэгтэй.

Цаасан дээр тунхагладаг төр-хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх арга замыг нь хайж олох хэрэгтэй байна. Хотын удирдлагын шуурхай гэж 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хурал болдог.

Тэр үеэр би хүмүүст “Ер нь Улаанбаатар хотыг хувийн хэвшлийнхний оролцоогүйгээр хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга байвал яг одоо гэртээ харь” гэдэг юм.

-Тийм бодолтой дарга нар байна уу, ер нь?

-Магадгүй дийлэнх нь.

-Харамсалтай хэрэг. Тэр дарга нарыг тэгээд яагаад НИТХ гэрт нь хариулахгүй байгаа юм бэ?

-Хэрэв гэрт нь хариулаад асуу-дал шийдэгддэг бол өнөөдөр ч хамаагүй гэрт нь хариулж болж байна.

Харамсалтай нь, дараа нь хэн ирэх вэ гэхээр дараагийн шинэ асуудал үүснэ. Аливаа асуудлыг шууд хөнгөн хуумгай, огцом түргэн шийдэхээсээ өмнө сайн бодож байж шийдэх хэрэгтэй л дээ. Иймд юун түрүүнд энэ хүмүүст эхний ээлжид ажлын байрных нь тодорхойлолтын мөн чанарыг ойлгуулах хэрэгтэй.

Олонх нь тэрхүү тодорхойлолт дахь эрх, үүргээ л биелүүлэхийг чухал-чилж байгаагаас бус цаашаа илүүг харж сэтгэхгүйд асуудал байгаа юм. Нөгөөтэйгүүр тэр хүмүүст эрх зүйн чадамж, санхүүгийн эрх мэдэл дутмаг гээд бэрхшээлтэй тал бас бий.

-Та хотыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхнийг оролцуулах хэрэгтэй гэж байна. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо байсаар ирсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Зөвхөн Улаанбаатар хотын төв талбайг тойрсон өндөр барилгуудыг гэхэд хувийн хэвшлийнхэн л барьсан. Энэ чинь өөрөө зүй ёсны оролцоо мөн биз дээ?

-Хувийн хэвшлийнхэн Улаанбаатар хоттой хамтарч ажиллаж байна уу гэвэл үгүй. Тэд өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд тэд хоттой хамтарч ажиллах сонирхолгүй байна.

-Яагаад?

-Ашиггүй учраас. Магадгүй дарамттай байгаа учраас бидэнтэй хамтарч ажиллах хүсэлгүй байж мэднэ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад оролцож барилга байшин барьж байгаа.

Тэгвэл цаашид Улаанбаатар хотод тулгамдсан асуудал бүрийг нэг нэгээр нь барьж аваад ямар нэгэн бизнес төсөл болгон, хамтын ажиллагаагаа ил тод шилэн байдлаар өргөжүүлэх хэрэгтэй юм.

Отгонжаргал та хотод тулгамдсан аль нэг бэрхшээлийг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр боловсруулж хамтран ажиллаад, түүнээсээ тодорхой хэмжээний ашиг хүртэж болно. Энэ эрх ашиг шударга зарчим. Үүнийг бүгд зөвшөөрөх хэрэгтэй.

Ямар ч бизнесмэн нэг төгрөгөөр хөрөнгө оруул аад төгрөг 20 мөнгө болгох гэдэг биз дээ. Үүнийг нь дэмжих хэрэгтэй. Тулгамдаж буй бэрхшээлийг бизнес төсөл болгоод иргэдийг ажилтай, орлоготой болгож түүнээсээ өгөөжөө хүртэж байх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Товчхондоо оролцогч талууд ямар нэгэн байдлаар өгөөж хүртэх л асуудал юм.

-Таны олж харж байгаагаар хотын захиргаа болон хувийн хэвшлийн хамтарсан ямар төрлийн бизнес төсөл Улаанбаатарын хөгжилд нэн зайлшгүй хэрэгтэй, чухал байна вэ. Барилгыг бол чамгүй сайн барьчихлаа шүү дээ?

-Барилга бол хөгжил биш л дээ. Ямар ч асуудлыг бизнес төсөл болгож болно. Тийм ухаан, ур чадвар хувийн хэвшлийнхэнд бий. Тэр боломжийг нь нээж өгөхгүй, тэгэх эрх зүйн чадамж нь хотод байхгүй учраас бид хоёр талд л яриад байгаа юм.

Ямар ч сайн, сайхан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж байхгүй бол ажил болохгүй. Тиймээс хотод захиргааны болон санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй. Цонхоор харагдаж байгаа Соёлын төв өргөөнөөс авахуулаад нийслэлд хоёр их наяд төгрөгийн өмч хөрөнгө бий.

Эдийн засгийн ямар ч эргэлтэд ордоггүй үхмэл хөрөнгө. Энэ хөрөнгийг таны төлсөн татвараар бүтээсэн боловч ямар нэгэн байдлаар танд үр өгөөжөө өгдөггүй. Тэгвэл энэ хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн боломж хотод өгөх хэрэгтэй.

Жил бүр хотоос татаж авдаг 300 орчим тэрбум төгрөгийг ч мөн хотод үлдээх хэрэгтэй. Хот нийтийн аж ахуйг сайжруулахад энэ хөрөнгийг зарцуулах ёстой байхгүй юу.

-Хотын дарга асан Э.Бат-Үүл Засгийн газраас улсын төсөвт хотын төвлөрүүлдэг орлогыг авч, тусдаа төсвийн бие даасан эрх мэдэлтэй болж байсан нь саяхны шийдвэр. Тэр хэрээр үр дүнд ч хүрсэн. Яагаад та бүхэн тэр сайн туршлагыг хэрэгжүүлж болохгүй гэж?

-Нэг удаа тийм юм болсон. 300 орчим тэрбум төгрөгөөсөө ихэнхийг нь авч, Засгийн газарт 15 тэрбум төгрөг өгч байсан. Одоогийн нөхцөлд харамсалтай нь эрх зүйн боломж нь байхгүй учраас бид чадахгүй байгаа юм.

Тухайн үед Засгийн газар тогтоол гаргаж, түүнийг хийсэн байдаг. Санхүүгийн эрх мэдлээс урьтаж захиргааны эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Захиргааны эрх мэдэлтэй болсон цагт хоёр их наяд төгрөгийн хөрөнгийг захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэнэ. Өөрийн удирдлагын боломж гэх юм уу даа.

-УИХ-д хотын төлөөлөл хангалттай олон бий. Хотын дарга та хоёр тэдэнтэй зөвлөлдөөд боогдмол байгаа боломжуудаа нээх лобби яагаад хийж болохгүй гэж?

-УИХ-ын гишүүд хотын өнөөгийн байдлыг ойлгодог. Монгол Улсын хүн амын 50 орчим ху вь нь аж төрж байгаа хотод нийт төсвийн 10 хүрэхгүй хувийг өгөх нь хангалттай биш гэдэг. Үүний хажуугаар яамдуудаар дамжуулан хотод хийгдэх ажлууд бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй энэ үед дээрх хоёр мэдлийн үзэл санааг тусгуулах санаатай үзэж тарж байна.

Ялангуяа 57.2 дугаар заалт байна. 1992 онд баталсан хуулийн тус заалтад “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн ганцхан өгүүлбэр л байгаа.

Өнгөрсөн хугацаанд бид тус заалтын үзэл санаагаар л амьдарч ирсэн. Энэ хугацаанд та бидний ажил, амьдралд хангалттай ашигтай байж чадсан уу гэвэл дундуурхан л гэж хэлэх байх. Энэ заалт тухайн цаг үедээ л үүргээ гүйцэтгэсэн байж магадгүй. Тиймээс цаашид тухайн заалтаар бүгдийг зохицуулах боломжгүй болоод байгаа юм. Захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг нээх үзэл санааг Үндсэн хуульд тусгуулах нэн шаардлагатай л гэх гээд байна л даа.

Хоттой холбогдолтой Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбогдуулан хийнэ. Тиймээс хүсээд байгаа зүйлээ Үндсэн хуулийн үзэл санаанд суулгахаар ажиллаж байна.

-Найдвар байна уу, тэгээд?

-Одоо “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын ...” гэсэн өгүүлбэр яваад байгаа. Өөрийн удирдлага гэдэгт юу орох вэ гэдгийг би гишүүдээс асууж байна.

Миний яриад байгаа захиргаа болон санхүүгийн эрх мэдэл багтах уу гэж асуухаар олонх нь “Дагва аа, чиний ярьж байгаа зүйл багтана. Үндсэн хуульд үүнээс илүү тодорхойлж тусгах боломжгүй” гэдэг. Үүнд хоёр, гурван санаа яваад байгаа юм л даа.

Нэгдүгээрт, улсын харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Хоёрт, улсын харьяалалтай хотын удирдлагын зарчмыг хуулиар тогтооно. Мөн улсын харьяалалтай хотын засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэсэн гурван санаа яваад байгаа юм.

Ямар ч байсан миний яриад байгаа хоёр эрх мэдэл үүнд сууж байна уу гэдгийн араас уйгагүй явна. Өнөөдөр (өчигдөр) үдээс хойш УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах санаатай сууж байна.

Алдартолгойн оройд эдийн засгийн чөлөөт бүсийн гэрэлт цамхаг босгох амбиц надад бий

-Таны амбиц ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл гэж ойлголоо. Зөв үү?

-Ерөөсөө наадах чинь л байхгүй юу.

-Ер нь та хэр амбицтай хүн бэ. Хотын хөгжил, үнэт зүйл эрх зүйн орчин, нөлөөллөөс яриагаа хөндийрүүлэх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Энэ асуултаас эхлээд. Асуудалгүй биз дээ?

-Асуудалгүй ээ. Хариулаад явахад татгалзах юм байхгүй. Харин амбицын тухайд надад бусад хүн шиг өндөр амбиц байхгүй. Бурхан юу гэж зурснаар ажиллаж, амьдарна гэж бодож явдаг.

-Бурхан таныг тэгвэл НИТХ-ын дарга гээд зурчихсан хэрэг үү?

-Бүү мэд.

Ямар ч байсан өнөөдөр энэ ажил, албан тушаалыг хашаад сууж байна. Гэхдээ би өмнө нь гурван удаа намын хамт олон, журмын нөхдийнхөө эрх ашгийн төлөө хойш ухарсан хүн.

Анх 2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын албан тушаалд томилогдох гэтэл нэг л эвэндээ орж өгдөггүй. Би алхам ухарч байж асуудал шийдэгдэж, түмний ажил жигдэрч байсан түүхтэй. Би юу ч үгүй, төлөөлөгчөөрөө л үлдсэн.

2012 онд мөн л Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болчихоод байхад Ардчилсан намынхан цагаан дээр хараар бичсэн хуулийг гишгэлээд, сонгогчдын өгсөн саналыг үл тоогоод бас л болгоогүй. Би нэг ч удаа гоншигноогүй. 2016 оны сонгуулийн дараа хотын орлогч болгоно гэцгээгээд байсан.

Яг цаг нь тулсан “Та биш ээ” л гэсэн. Би ч “За за” л гээд өнгөрсөн.

-Ингэж удаа дараа буулт хийсний дараа дотор хүнд тань ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Болсонгүй л гэж бодно.

-Улстөрч хүний дотор тийм гэгээн, тайван байсан гэдэгт итгэхэд хэцүү хариулт байна?

-Би улс төрийг эрхэмлэдэггүй. Одоогийн залуус ямар намд элсэх вэ, ямар багт явах вэ, би ямар амбицтай байх вэ гээд тооцоолдог байж магадгүй. Намайг төрийн ажил хийж байхад тухайн үеийн дарга нар, хамт ажиллаж байсан хүмүүс орон нутгийн сонгуульд нэр дэвш гэсэн чиглэл, үүрэг даалгавар өгөөд л улс төрд оруулсан.

Анхны 2008 оны сонгуульд надад штаб байтугай өрөө ч байгаагүй. Машиныхаа тээшинд хэдэн тараах материал, сонин хийчихээд эхнэр, хүүхдүүдээрээ л тараалгаж байсан. Тэгж эхэлсэн учраас надад тийм өндөр амбиц байхгүй.

Гэхдээ хийх ажлаа хийж, гаргах ёстой шийдвэрүүдээ гаргана гэсэн эр зориг бий. Түүнийг минь үнэлж надад үүрэг даалгавар өгвөл бий ёсолно. Намайг энэ албан тушаалд томилчихооч гэж улалзаж гүйдэг араншин, үйлдэл надаас гарч байгаагүй. Цаашдаа ч гарахгүй.

Би үүнийг хариуцлагатайгаар хэлье. НИТХ-ын дарга гээд энэ албан тушаалыг хашиж байх хугацаандаа хийх ёстойгоо харин хийнэ. Жишээ нь, нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө дуу хоолойг илэрхийлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хотод нэн чухал заалтыг тусгуулна.

Дээр хэлсэн захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг дагаад бидэнд гурван шинэчлэл хэрэгтэй байгаа. Улаанбаатар хотын ажил, амьдралыг сайжруулах бодлогын шинэчлэл, түүнийг дагасан үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй. Бид уламжлалт арга барилаа цааш явж болохгүй. Дараагийнх нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.

-Хувийн хэвшлийнхэн төрд итгэх, эсэх нь өөрөө том асуудал. Хотын үе үеийн удирдлагын холбогдсон будилаантай асуудлууд дээр нэмэхэд өнөөдрийн МАН-ын нэр хүнд байна. Тодорхой хэмжээнд бодитоор үүсчихээд байгаа энэ үл итгэх хандлагыг та анзаарахгүй биш анзаарсан л байх. Энэ тохиолдолд хувийн хэвшлийн итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдгээ эхлээд яримаар, бас бодмоор юм биш үү?

-Төсвийн хүрээнд хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудад тендер зарладаг. Энэ бол хамтын ажиллагаа биш. Бидэнд илүү нээлттэй, бүх юм нь олон нийтэд нээлттэй хамтын ажиллагаа хэрэгтэй.

-Ямар ч ажлыг хийхэд итгэлцэл хэрэгтэй. Түүнийг бий болгохын тулд та ямар амлалт өгч чадах вэ гэдгийг л би асуугаад байгаа хэрэг л дээ, уг нь?

-Хуулийн шинэчлэл байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хангалттай хэмжээнд хамтарч ажиллах боломж байхгүй учраас хувийн хэвшлийнхэн идэвхгүй байгаа юм.

Хотын өмнөх удирдлагад эрх зүйн чадамж, санхүүгийн боломж нь байгаагүй учраас үүнийг хийж чадаагүй байх. Засгийн газрыг шүтсэн 27 жилийн гунигт амьдралаас Улаанбаатар хотыг яг одоо л салгах ёстой.

-Товчхондоо хувийн хэвшлийнхнийг шүтэж амьдрах хэрэгтэй гэж ойлгож болох уу?

-Би хувийн хэвшлийнхнийг нандигнаж, сайн найз, сайн түнш нь байна. Эрхэмлэнэ. Хүмүүс ярьдаг шүү дээ, Туул голоос урагш нэг Улаанбаатар, хойш нэг Улаанбаатар байна гэж. Тэднийг хэн, хэзээ яаж байгуулсан юм гэдэг шүү дээ.

-Та энэ албан бус бүсчлэлийн ялгааг нь яаж тодорхойлж байна?

-Туул голоос урагш барилга байшин нь өөр болоод, хувийн хэвшлийнхэн илүү их хөрөнгө оруулж өөрсдийнхөө амьдрах болон бизнесийн орчныг бүрдүүлж байгаа.

Харин Туул голоос хойших Улаанбаатарын амьдрал нийслэлийн төсвийн хөрөнгөөр явж байна. Удаан, өгөөж муутай байгаа. 2016 онд бид “Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоно” гээд хэлчихсэн.

Хот аз жаргалтай болно гэж юу байх вэ, тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэд аз жаргалтай байх тухай ойлголт шүү дээ.

Тэгэхээр хүн хэзээ аз жаргалтай болдог вэ гэдэг асуулт гарна. Найз нөхөдтэй яриад сууж байхад элэг бүтэн байвал аз жаргал юм биш үү, эрүүл байвал аз жаргал гээд л ярьдаг. Хотын нөхдүүдээс асуухаар гэр хороололд нийтийн байр барина, авто зам тавьж, гэрэлтүүлэг, камер суурилуулна, тэгэхээр иргэд аз жаргалтай болно гэдэг.

Орон сууцны гадна талыг будаж янзлаад, нийтийн эзэмшлийн талбайд нь зүлэг, мод тарихаар аз жаргалтай болно гэдэг юм. Тийм биш. Хүн амьжиргааны наад захын хэрэглээгээ хангаж чадахуйц хэмжээний тогтмол орлоготой болсон үедээ л тайван бөгөөд аз жаргалтай болдог. Ялангуяа өрх гэрийн төсөв бүрдүүлэгч эр хүн ийм үедээ л аз жаргалтай болдог.

Тэгэхээр цаашдаа хүмүүсийг орлоготой болгох асуудлыг бодох хэрэгтэй. Ингэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой юм. Тэгвэл тэр ажлын байрыг хувийн хэвшлийнхэн л бий болгодог. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжих нь зөв байгаа биз. Тэдэнд тушаа болж байгаа зүйлийг нь тэмтэрч мэдээд, шийдэж өгөх ёстой гэдгийг л хэлээд байгаа юм.

-Ажилтай байна гэдэг нь тодорхой хэмжээнд амьдралын баталгаа болох нь бий. Гэсэн ч хэчнээн ажиллаад ч Улаанбаатар хотын өртөгт орлого нь хүрэхгүй, амьдралын доод түвшин рүү хэзээ мөдгүй шилжиж мэдэхээр байгаа нөхцөлд яах юм бэ. Ажилтай хүний орлого ч Улаанбаатарын өртгийг дийлэхгүй болчихоод байна шүү дээ?

-Би асуудлыг хүний хорвоогийн жамаар харъя гэж боддог. Хууль, дүрэм журам ярьж, мэргэн цэцэн хүн болох гээд л яах вэ. Цонхоор харагдаж байгаа цагийн байдлыг зөв үнэлээд одоо хэрхэх вэ гэдэг шийдвэрийг хурдан гаргадаг чадвартай байх хэрэгтэй. Бидэнд тэр л дутагдаад байгаа юм.

Таны асууж байгаа зөв. Дүүргүүдийн хөдөлмөрийн биржид очихоор өчнөөн ажлын байр байдаг. Гэтэл гудамжид ажилгүй өчнөөн залуу алхаж яваа. Эд нар яагаад уулзаж, гар барихгүй байна вэ.

Харин БНСУ-д ажиллах хүч бүртгэнэ гэхээр залуус бүгдээрээ очдог. Юу хийх юм бэ гэхээр юу ч хамаагүй хийнэ л гэдэг. Ингээд эхнэр, хүүхдээ орхиод явдаг. Тэр залуус өндөр цалингийн хойноос явж байгаа. Төгрөгөөр тооцвол дунджаар гурван сая төгрөг авдаг. Тэгэхээр энэ мөнгө монгол залуусын амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадах мөнгөн орлого байгаа юм.

Дотоодын ажил олгогч нар хоёр сая төгрөгийн цалин амлавал манай залуус очно. Харамсалтай нь, ажил олгогч нар тэгж амлаж чадахгүй байна. Үүнд олон зүйл нөлөөлж байгаа байх. Ер нь залуу гэр бүлийн амьжиргааны өртөг өндөр байдаг юм.

Би хувийн хэвшлийнхнийг нандигнаж, сайн найз, сайн түнш нь байна. Эрхэмлэнэ.

Орон сууц, унах машин, сандал, ширээ гээд бүгдийг бүрдүүлэх хэрэгтэй болдог учраас тэр. Тавь гарсан хүмүүсийн өртөг нь арай бага, бидний ярьдгаар урсгал зардал л хэрэгтэй байдаг юм байна.

Тэгэхээр залуусыг л ажилтай болгох хэрэгтэй. Бидэнтэй хамтарч ажиллаад, ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшлийг магтан дуулах ёстой юм. Өөрийг тань орж ирэхийн өмнө би үүнийг бичсэн юм. “Төлбөрөө төлөөд орон сууцтай болцгооё” гээд. “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны бүртгэл саяхан дууслаа.

Хэдхэн хоногт НОСК-ийн сайт руу 160 мянга орчим хүн хандаж мэдээлэл авсан байгаа юм. 35,058 хүн бүртгүүлсэн байна. Түрээсийг нь төлөөд наад орон сууцанд чинь ормоор байна гэсэн хүсэлтэй хүн шүү дээ. Том зах зээл байгаа биз. Барилгын салбарынхан яагаад үүнийг олж харахгүй байгаа юм бэ.

Би “Монголын барилгачдын холбоо”, “Монголын барилгын ассоциаци”, “Улаанбаатар худалдааны танхим”, арилжааны банкууд, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний том компаниудын удирдлагатай уулзахаар хоёр өдөр утас цохиж байна. Энэ том зах зээлийг олж хараач ээ, бид газраа чөлөөлөөд, дэд бүтэц татаж өгье та бүхэн орон сууц бариач ээ гэж ярилцах гэж байгаа юм.

-Наадах тань харин ёстой зөв санаачилга шиг сонсогдож байна.

-Хот иргэдийнхээ эрх ашгийн төлөө ам.метрийнх нь өртөгт хязгаар тогтоож өгнө. Ам метр тутам нь 1.5 сая төгрөгөөс хэтрэхгүй байх ч юм уу. Гэхдээ түрээслээд өмчлөх, түрээсэлж суух хэлбэрийнх биш. Таван жилийн хугацаанд төлбөрөө хувааж төлөөд өмчтэй болох хэлбэрээр хамтарч ажиллая гэж ярилцах гээд л утас цохиж сууна.

Өчигдөр (уржигдар) хэсэг хүнтэй уулзсан юм. Тэгээд “Номин” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 500, цаашлаад 1,000 айлын орон сууц бариач гэж хэлье гэж яриандаа цухас дурдсан.

Улаанбаатар хот тэр чигтээ “Номин” компанийн зах зээл шүү дээ. Бид газрыг нь чөлөөлж, дэд бүтцийг нь татаж өгөөд тухайн компани санхүүжилтээ гаргаж барилга барьж яагаад болохгүй гэж. Гэхдээ бид тухайн компанийг алдагдалд оруулахгүй, бас тус байгууллага ашиг хүртэхгүй. Цаашлаад ийм бүтээн байгуулалтыг дагаад олон залуу ажилтай болно.

Хэрэв зээ ингэж орон сууц барьж өгөх юм бол би өдөр бүр “Номин”-г магтан дуулна.

Иргэдийнхээ өмнөөс удирдлагад нь ёсолж чадна. Ийм л хамтын ажиллагааг бодож олоод, уриалан дуудах хэрэгтэй юм. Уул уурхайн компаниудыг ч уриалж болно шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”-гоос авахуулаад. НОСК-д газрыг нь чөлөөлчихсөн гурав, дөрвөн байршил байна.

Хотын захиргаа өөрөө барилга барих гээд Хөгжлийн банкнаас авахуулаад зээл авахаар гүйх биш, авдраа уудлах л хэрэгтэй байгаа юм.

Гэр хорооллын авто зам дагуух иргэд газраа өндрөөр үнэлж, заримдаа бүтээн байгуулалтад тушаа болох нь бий. Тэгвэл дунд нь ороод үндэсний компаниудтай хамтраад асуудлыг шийдэж яагаад болохгүй гэж.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг компаниудад даатгачихсан. Газар чөлөөлөлтийг нь хүртэл шүү. Газрын эзэн өмчийн эзэн. Нөгөө барилга барих гэж байгаа компани ашгийн төлөө явж байгаа. Хоёулаа өмчийн эзэн учраас ойлголцохгүй байгаа юм. Концепц нь зөв боловч үйл ажиллагаа явуулж байгаа арга барил нь буруу байгаа биз.

-Таныг дүүргийн ИТХ-д сонгогдсоноос өнөөдрийг хүртэлх хугацаанд таны ярьж буйчлан чин сэтгэлээсээ ёсолчихмоор санал, санаачилга хэр их гарч байв. Бодит байдлаа үнэлж цэгнэхэд шүү дээ?

-Ховор доо. Бидний амьдарч байгаа арга ухаан хэвшмэл байдалд орчихсон байна. Арав гаруй жилийн өмнө гамшгийн хэмжээнд хүрсэн асуудал ганц агаарын бохирдол л байсан.

Хотын үе үеийн удирдлага хуваарилж өгсөн төсвөөр нь асуудлыг шийдэх гээд дор бүрнээ ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр асуудал улам олширчихпоо. Цаашид энэ байдлаараа яваад байвал дахиад л нэмэгдэнэ. Өвчнөөр бол хавдар шиг байгаа биз. Тэгэхээр нөгөө нь эрх зүйн шинэчлэл хэрэгтэй байгаа юм.

-Та хэлж байна л даа, тулгамдсан асуудал хавдрын шинжтэй боллоо гэж. Тэгвэл зөв оношилж байж эдгээх ёстой. Хотын энэ өвчлөл ер нь хэнээс, юунаас үүдэлтэй юм бэ. Нүүж ирж байгаа иргэдээс үү, хотын удирдлагаас уу гээд шалтгааныг нь та нэрлэж бас болох юм?

-Биш ээ. Хүмүүсийг ад үзэж, буруутгаж болохгүй. Хууль эрх зүйн орчин, төсөв санхүүгийн чадамж, түүнийг хуваарилж ажиллаж амьдарсан арга барилаас л үүдэл-тэй. Барилга байшин үнэт зүйл биш.

Үнэт зүйл чинь хүн, оршин суугчид юм. Бидэнд нэг давуу тал байна. Тэр нь хүн. Зах зээл гэсэн үг шүү дээ. Тиймээс ад үзэх биш, харин ч баярлах хэрэгтэй. Бид тэдний хүчээр яаж хөгжих вэ гэдэг арга ухаанаа л бодож олох хэрэгтэй. Ингэхийн тулд нөгөө л ажлын байрыг ярих ёстой юм.

-Тэгвэл МАН хотыг удирдаж буй энэ гурван жилийн хугацаанд хэр олон ажлын байр бий болгов?

-Би тоо хэлж чадахгүй.

-Яагаад?

-Мэдээж хангалттай биш. НИТХ-ын дарга Дагва “Ажлын байр бий болго” гэсэн гээд одоо байгаа төрийн албан хаагчдын тоог хоёр дахин нэмж болохгүй биз дээ.

Хувийн хэвшил хэр олон ажлын байр бий болгож вэ гэдэг эдийн засгийн чадамж макро түвшинд ямар байгаагаас хамаарна. Тэгэхээр Засгийн газар, УИХ-аас гарч буй шийдвэр нөлөөлнө.

Монгол Улсад орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь уул уурхайн салбар руу очиж байгаа юм. Улаанбаатар хотод орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт бараг алга. Тэд биднийг огт сонирхохгүй, бид тэдэнд таалагдахгүй байна. Тэгэхээр үүнийг яах ёстой вэ.

Миний харснаар бол Улаанбаатарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хэрэгтэй. Хөгжлөөр сулавтар бүс нутаг, хотынхоо дэргэд чөлөөт бүс байгуулах чиг хандлагатай байна, дэлхий нийтэд.

-Чөлөөт бүсийн асуудал хувь хүний хувьд болоод улстөрчийнхөө хувиар санаачилж, зүтгүүлж байгаа хамгийн том амбицтай төсөл байх тийм үү. Та чамгүй хугацаанд энэ сэдвийг ярилаа шүү дээ?

-Тийм ээ. Би Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах юмсан гэсэн хүсэл мөрөө-дөлтэй. Буянт-Ухаагийн цаана байдаг Алдартолгойн оройд эдийн засгийн чөлөөт бүсийн гэрэлт цамхгийг босгох юмсан гэж мөрөөдөж явдаг юм. Чөлөөт бүс байгуулах нь тухайн хотынхоо хөгжилд эерэг дам нөлөө ихтэй.

-Хот дагасан чөлөөт бүсийн сайн жишээтэй харьцуулж үзэхэд хэр их үр дүн харагдаж байна?

-Амжилттай. Хил дамнасан чөлөөт бүсээс дэлхий нийт чимээгүй татгалзаж эхэлсэн. Тэр тусгай бүс дотор төр-хувийн хэвшлийн түншлэл утгаараа хөгждөг юм. Одоо Улаанбаатар хот ойр болон дунд, урт хугацааны эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ юу гэж харж байгаа юм, аль салбараа яаж дэмжих юм бэ гэдгээ зөв харах хэрэгтэй.

-НИТХ-ын даргын албан тушаал тань чөлөөт бүс байгуулах энэ амбицаа дэмжүүлж, батлуулах боломж байх. Тийм үү?

-Нэг талаараа тэгж ойлгож болно. НИТХ-ын төлөөлөгчид бид үнэн хэрэгтээ тантай л адилхан хүмүүс шүү дээ. Би дэргэдээ эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн судалгааны төв байгуулж, хотын хөгжлийг юу гэж хардаг вэ гэдэг саналыг нь сонсох ёстой гэж боддог. Чөлөөт бүсийн асуудлаар би олон хүнтэй ярилцсан. Бүгд дэмжсэн байдаг. Монгол Улс 1995 онд чөлөөт бүсийн үзэл баримтлалыг баталж, 2002 онд хуультай болсон.

Ингээд 2003 онд хил дамнасан гурван чөлөөт бүс байгуулсан. Харамсалтай нь, сайн үр дүн авчирсангүй. Өнөөдөр Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах угтвар нөхцөл хэдийнээ бүрдчихээд байна. Монгол Улсын ДНБ-ий 67 хувийг Улаанбаатарт үйлдвэрлэж, нийт хүн ам буюу зах зээлийнх нь 50 хувь байнга оршин сууж байгаа нь чөлөөт бүс байгуулах эхний шалтгаан шүү.

-Хэдий хугацааны дараа таны санаачилга ажил хэрэг болох бол. Танд багцаа төлөвлөгөө бий юу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд л захиргаа болон санхүүгийн эрх мэдлийг гол үзэл санаа суучихвал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийнхаа хүрээнд цааш нь ярьж шийдэх юм. Тус хуулийг шинэчлэх анхны төслийг өргөн барьчихсан. Эхний хэлэлцүүлэг нь хийгдчихсэн. Тус шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлд “Улаанбаатар хот эдийн засгийн чөлөөт бүстэй байж болно” гэсэн заалт бий.

Түүнийг би нүдний цөцгий мэт харж, хандаж, хуулийн хэлэлцүүлэг болох гэж байна гэсэн газар бүрт гүйж очдог юм. Хэн юу гэж хэлэх нь вэ гээд л, жаахан хөндвөл үг хэлэх гээд л өндөлздөг юм. Байршил нь дэд бүтэц, усаа л дагах ёстой байдаг.

Бид шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот хүссэн хүсээгүй байгуулах болно. Ингэхдээ нисэх онгоцны шинэ буудлын чиглэлд л байгуулж таарна. Ямар статустай байхыг нь одоо зөв тооцох нь чухал.

Инчёоны чөлөөт бүсийн кэйс Улаанбаатарт тохирно. 17 жилийн өмнө бидэнтэй зэрэгцээд туузыг нь хайчилж байсан тус чөлөөт бүс өнөөдөр БНСУ-ын эдийн засагт ямар их эерэг дам нөлөө үзүүлж байгаа билээ.

Тэгэхээр бид төлөвлөлтөө одооноос хийж эхлэх хэрэгтэй. Минийхээр Буянт-Ухаа орчим аялал жуулчлалын зангилаа буюу энтертаймент хэсгийг тэнд байгуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэл аялал жуулчлал байх юм. Ингэж хувийн хэвшилтэй хамтрахдаа өндөр технологийн салбарыг нэвтрүүлэх ёстой.

-Ер нь НИТХ-ын дарга чөлөөт бүс байгуулах лобби хийхэд нөлөө бүхий албан тушаал мөн үү?

-Хангалттай биш. Гэхдээ ярьж болох субъект нь мөн.

-Энэ албан тушаалд томилогдсон даруйд танд чөлөөт бүс байгуулах итгэл улам төрсөн байх гэж бодож байна. Зөв үү?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бодол надаас огт салаагүй. Судалгаа хийж эхлээд яг хоёр, харин ярьж эхлээд нэг жил, зургаан cap болсон байна шүү.

-Таныг НИТХ-ын дарга болохоос өмнөх нийслэлийн МАН-ын уур амьсгал, хэвлэлийн мэдээ, мэдэгдлүүдээс харахад “халуунтай” гэмээр өдрүүд байсан. Тэр дундаас таныг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхэд зарим нь гайхаж, зарим нь зөв гэж бодсон байх. Анх ер нь хэн таны нэрийг дэвшүүлсэн юм бэ. Таныг томилогдсон гэдэг мэдээнд “Өрсөлдөгчгүйгээр НИТХ-ын дарга боллоо” гэсэн өгүүлбэр байдаг. Ардчилсан нийгэм болон НИТХ дарга болох сонирхолтой хүн нэгээр тогтохгүй олон байсан гэж бодохоор тэр өгүүлбэр яах аргагүй нүдэнд торсон. Тулгалт, захиргаадалт гэмээр?

-Зарим зүйлд нь өөр хүн хариулах байх. Намын Удирдах зөвлөлөөс намайг 100 хувийн саналаар дэмжсэн. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар намайг санал болгосон. Би анх хотын захиргаанд өөрөө ажлаа тайлагнадаг хүн байлаа.

Сүүлдээ тайланг сонсдог хүн боллоо. Сонгогдсон хугацааных нь огноо, дараалал, нас нь тохирсон байж магадгүй. Хамт олон минь бүгд дэмжсэн. Таны хэлсэнчлэн хоёр тал болж байсан хүмүүс миний томилгоон дээр нэгдсэн. Та бид хоёрын ярьсан шиг бурхны зурсан зураг байсан ч юм билүү. Магадгүй хамт олныхоо төлөө гурван удаа хойш ухарч байсныг ч хүмүүс бодсон байж мэднэ.

-Энэ удаад таныг ухраахаар шийдсэн бол та ухрах байсан уу?

-Үнэхээр болохгүй хад мөргөөд байвал би хажуу тийшээ нэг алхчихна. Саяхан болсон Улаанбаатарын хөрөнгө оруулалтын хурал дээр итгэл тавьсан юм. Хотын хөгжлийн ирээдүй, чөлөөт бүс байгуулах асуудлын талаар.

Тэгэх үеэрээ би хотод тулгамдаж буй асуудалд жаахан шүүмжлэлтэй хандаж, “Ингэж хэллээ гээд их сайндаа л намайг энэ албан тушаалаас минь огцруулна биз. Авбал авна биз” гээд хэлчихсэн.

-Хариу үйлдэл ирсэн үү?

-Үгүй. Хүмүүс дотроо юу бодож явдаг юм бүү мэд. Надад лав ямар нэгэн мэдэгдсэн зүйл алга. Хувь, хувьсгалын ямар ч ажлын бүтэх, амжилтад хүрэхийн 80 хувь харилцаа байдаг юм. Харилцааг би эрхэмлэдэг. Гэхдээ үзэл бодлынхоо төлөө зогсоно.

-Харилцааг зарим хүмүүс заль гэдэг.

-Магадгүй. Энэ чинь амьдрах арга ухаан шүү дээ. Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус л дийлдэг гэсэн үг байдаг шүү дээ.

-Та тэгэхээр ус гэсэн үг үү?

-Мэдэхгүй. Заавал мөргөлдөх гээд байх ямар хэрэгтэй юм бэ. Би харилцааг хурцатгадаг хүн биш. Болж өгөхгүй зүйлийг хооронд нь эвлүүлчих юмсан л гэж ярьж, зөвлөж явдаг.

НИТХ дотроо ч би ахмадынх нь тоонд орж байна шүү дээ.Тиймээс голыг нь олоод саналаа хэлчих нь зүйтэй гэсэн бодолтой л суудаг. Харин Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргачих юмсан гэдэг амбиц бий. Чөлөөт бүс байгуулах замаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шинэ шатанд гаргана гэдэгтээ огт эргэлздэггүй.

-Таны амбиц УИХ-ын гишүүн болох ёстой гэсэн бодолд хөтлөгдвөл?

-Одоогоор тэгж бодоогүй байна. Ямар ч байсан ажлаа хийхэд анхаарч байна. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Улаанбаатар хотод хэрэгтэй санааг суулгаад өгчих юмсан гэсэн ганц эрмэлзэлтэй л явна.

-Сонгинохайрхан дүүргийн МАН-ыг хотын МАН доторх толгой “мафи” болчихлоо гэж харах хүн цөөнгүй байна. Та НИТХ-ын дарга болсон нь тэр бүлэглэлийн тэргүүлэх гишүүн ч юм шиг. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намдаа эхлүүлсэн шинэчлэлд танай дүүргийн намын хороо хэт их идэвх гаргасан нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байлаа л даа?

-Нийслэлийн МАН-ын хорооны дарга нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, НИТХ-ын дарга нь мөн л тус дүүргээс сонгогдсон төлөөлөгч байна, улмаар манлайлж байна л гэж харж байгаа болов уу. Д.Сумъяабазар сайд бид хоёр улс төрийн хамтрагчид.

2012 оноос хойш бүх сонгуульд ялагдаж үзээгүй л явна. Багаа хэрхэн удирдаж, хүмүүсээ зөв зохион байгуулж, ямар итгэл, үнэмшил төрүүлэх нь манлайлж буй хүмүүсээс харагдана шүү дээ.

Хамгийн зөрчилгүй, цулаараа байгаа намын баг одоогоор Сонгинохайрхан дүүрэгт л байна. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гээд эв нэгдэлтэй баг бий.

-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Сонгинохайрхан дүүрэгт очихоос өмнө та уг нь дүүргийнхээ намд хүчин зүтгээд эхэлчихсэн байсан байх аа? 

-Тийм. 2012 онд Д.Сумъяабазар гишүүн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. 2012 онд бид бүх түвшинд ялагдаж, Ардчилсан нам тухайн үед аймаг, нийслэл ч ялалт байгуулсан шүү дээ. Сонгуулийн дараахан би нийслэлд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон ганц төлөөлөгч байлаа. Нэлээд сүүлд хоёулаа болсон. Тэгээд дүүргүүдийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж байхад нь Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэгт МАН ялсан байдаг юм.

-Улстөрийн арга барил талаа-саа та бүхэн зөрчилдөхгүй байгаа шалтгааныг та юу гэж боддог вэ. Бусад хүмүүст “будаа идэж” болохуйц давуу талаасаа дурдаач?

-Хүнд ч юм уу, баг хамт олонд ч юм уу нэг үнэт зүйл байх ёстой. Тунхаг төдий юм ярих нь гэж бүү бодоорой. Үнэт зүйл нь юу гэхээр эв нэгдэл. Энэ үгийг хүн бүр хэлдэг л дээ. Энэ бол залуусын амбицад тулгуурласан эв нэгдэл юм. Залуусын амбицыг мөргөлдүүлж болохгүй.

Тэр зөв хуваарилалтыг Д.Сумъяабазар сайд хийдэг юм. Ярилцаж суухдаа л нөгөө хүнээ чиглүүлж, амбицыг нь зөрүүлдэг юм. Би 2016 оны сонгуулийн үеэр залууст “Ах нь сонгуулийн дараа эндээс явна аа” гэж хэлсэн.

Хурлын дарга ч юм уу, Засаг дарга ч юм уу болохгүй, та бүхэн амбицаа эвтэй тааруулах хэрэгтэй гэсэн л санаа шүү дээ. Тэгэхээр залуус Дагва ах л ирж “шавар хаахгүй нь” гэж ойлгоно. Ингэж хэлээд би сонгуулийн дараа хоёр жил ажилгүй байсан.

-Гэхдээ ИТХ-ын төлөөлөгч байна гэдэг нөлөө, эрх ашиг юм биш үү. Улирал тутамдаа сая сая төгрөгийн урамшуулал авдаг гэх мэт мэдээлэл сонсогддог?

-Хүмүүс ингэж буруу ойлгодог юм. Цалин хөлс байхгүй, нам нь ямар нэгэн албан тушаалд томилохгүй бол ажилгүй л байна шүү дээ.

-Хоёр жилийн хугацаанд тэгээд та юу хийв. Хувийн бизнес эрхэлсэн үү?

-Хувийн бизнес хийгээд шалих юм байхгүй ээ. Ёстой чөлөөт бүсээ судлаад л явж байлаа.

-НИТХ дотроо нас намбаараа та ахмаддаа орж байгаа гэдгээ сая хэлсэн. Мөн гурван удаа төлөөллийн байгууллагад сонгогд-сон туршлагатай. Таны улс төрийн намтраас үүдээд дүгнэхэд Сонгинохайрханаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн одоогийн дүр зураг их сонин л доо. Д.Сумъяа-базар, Х.Нямбаатар, Н.Учрал гээд бүгд залуус. Уг нь энэ хүмүүсийн хэн хэн нь улс төрийн туршлагаа бодвол дараа оноос ч юм уу, магадгүй хоёр сонгуул ь өнгөрүүлж байж улстөрчийн карьераа хууль тогтоох засаглал руу зурж болмоор. Ингээд харахаар таныг яагаад УИХ-ын гишүүн болох сонголт, шийдвэрийг гаргаж байгаагүй юм бэ гэж асууя. Яагаад та энэ залуусын ард үлдчихсэн юм. Яагаад тэдэнд зам тавьж өгөв гэх мэтээр... Эсвэл намаас тань улс төрийн дэмжлэг байгаагүй юм уу?

-Намын том дэмжлэг байгаагүй гэсэн магадлал бий. Хэн нэгэн том хүн намайг чангааж гаргаагүй. Би МҮОНРТ-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтнээс алхам алхмаар урагшилж яваад бусдын хүсэл сонирхлоор улс төрд орсон юм. Намайг ажлаа өгөөд орон нутгийн сонгуульд нэр дэвш гэхэд хэчнээн дургүй байсан гээч.

-Хэн тэгсэн юм бэ?

-Тухайн үеийн хотын удирдлага. Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт гээд л... Ажлаа өгөөд орон нутгийн сонгуульд нэр дэвш гэхээр нь их гайхсан. Анх ингэж л учраа ч олохгүй нэр дэвшсэн. Одоогийн залуус шиг амбиц бодож нэр дэвшээгүй ээ, хувь төөрөг байсан юм уу, бүү мэд. Ингээд гурван ч удаа сонгогдлоо. Ардын нам ялж, ялагдах алинд ч сонгогдож байв.

Д.Сумъяабазар гишүүн намайг их дэмждэг. Хүмүүсийн өрөөний хаалгыг татаж яваагүй нь алдаа болсон уу, надад айхавтар том дэмжлэг байгаагүй ээ. Дараагийн нэг том шалтгаант нөхцөл нь юу вэ гэхээр, 2012 онд УИХ-ын сонгууль том тойргоор буюу Сонгинохайрхан дүүргийг бүхэлд нь нэг тойрог болгоод дөрвөн гишүүн гаргана гэж байсан. 32 хорооноос УИХ-д нэр дэвшинэ гэхээр их зардал хэрэгтэй юм билээ. Тэр зардал нь надад байгаагүй. Д.Сумъяабазар гишүүн уг нь надаас асууж л байсан.

Айх, ичих, баярлах булчирхай минь ажиллахгүй болчихвий гэхээс их эмээдэг
Гэрэл зургийг mpa.mn

-Товчхон асуухад мөнгөтэй залууст зай тавьж өгөх чинь харамсалтай биш үү?

-Ажил, албан тушаалыг шүтдэггүй болохоор харамсалтай санагдахгүй байна. Зорьсон зүйлээ хэрэгжүүлэхийн тулд цаашид яах ёстой юм бэ гэдгээ бодож тооцож байгаа. Намаас НИТХ-ын даргаар тавьсан болохоор та цаашид яах гэж байна гэж асууж лавлаж байгаа зүйл бий. Зарим тохиолдолд таны саналыг асуухгүй, үүрэг өгнө, та биелүүлэх ёстой л гэж байгаа.

-Тэгэхээр 2020 онд үүрэг авч магадгүй байх нь.

-Магадгүй.

-Сонгуулийн зардлаа яах болж байна?

-Наадах чинь харин их том зовлон байна. Тухайн үед нь л шийднэ дээ.

-Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор НИТХ-ыг Д.Сумъяабазар, Засаг даргаа Д.Амарбаясгалан авчихлаа гэж харах хүмүүс байдаг. Энэ зөв үү?

-Буруу. С.Амарсайхан дарга бид дөрөв тойрч сууж байгаад л бүх л ажлаа ярьдаг юм ш дээ.

-Сонгинохайрхан дүүргийн МАН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх, төрөө цэвэрлэх зорилгод нөлөө бүхий манлайллын үүрэг гүйцэтгэсэн тухай танаас дахин асууя. Түүний үр дүнд та НИТХ-ын дарга болоод сууж байгаа нь тодорхой санагддаг?

-Би ингэж бодож үзээгүй юм байна. Нам дотроо ч тэр, ажлын байр сууринаас ч тэр зарчим ярихыг ёстой би хүлээн зөвшөөрдөг. Ёс зүйтэй байх нь чухал. Төрийн ачааг үүрсэн хүн зарим тохиолдолд өөрийгөө гээх хэрэгтэй байдаг юм.

Өөрийнхөө хүсэл эрмэлзлийг ч арынхаа халаасанд хийгээд мартах хэрэгтэй. Адын сэтгэлдээ дандаа хөтлөгдвөл хүн биш болно. Тийм хүний замнал мэдээж хол явахгүй байх. Тэгэхээр хүн тайван байж, адгахгүй байх ёстой юм.

-Адын сэтгэл гэдгийг та хэрхэн тодорхойлж байна вэ. Хүссэн хүсээгүй танд төрийн тамга бий. Ямар адын сэтгэлтэй хүн үүнийг барьж болохгүй байгаа юм бэ?

-Бид хүн гэдэг бодгаль шүү дээ. Тэр амьтны анатоми нь адилхан учраас бүгдэд нь адын сэтгэл байдаг. Албан тушаал, эд хөрөнгө гээд янз бүрийн зүйл дээр тэр нь гарна л даа.

Ямар нэгэн юманд шунаж, зүтгэхийг л адын сэтгэл гээд байгаа юм. Би алдаа гаргахыг хүсдэггүй, өндөр амбицгүй. Гэхдээ эр хүн намтартай амьдрах хэрэгтэй гэдэг зарчмыг зөвшөөрдөг.

Монгол хүнд өрхийн тэргүүнээ эрхэмлэдэг, цайныхаа дээжийг түрүүлээд аягалаад өгчихдөг эрхэм ёс байна шүү дээ. Муу зүйл биш. Тиймээс эр хүн үр хүүхдэдээ үлдээх намтартай, хийморийн дарцаг шиг дарцаглаж амьдрах хэрэгтэй гэж захидаг юм. Сайн аавын нэрийг гурав худалдаж ид гэдэг үг байдаг шүү дээ.

-Та өөрийгөө тийм аав байж чаддаг гэж боддог уу. Та гурван хүүхэдтэй юм билээ.

-Хичээж л явна. Хүүхдүүд том болсон. Бүгдээрээ л мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Том охин Төрийн банканд мэргэжилтэн, дунд хүү “Эрдэнэс тавантолгой”-д мэргэжилтэн, бага хүү архитектор болсон. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй нэг төсөлд мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа.

-Хүүхдүүд тань карьер хөөх шинж байна уу?

-Бурхны зурсан зургаар явах байх.

Хүүхдүүдийнхээ бодол санааг сонсдог л доо. Бүгдийнх нь араншин өөр байна. Том охин даруухан байна. Гэр орон, нөхөр, хүүхдийнхээ төлөө зүтгэдэг байлгүй. Дунд хүү улс төрд сонирхолгүй. Харин бага хүү сонирхолтой юм шиг санагддаг.

Зөв явж, цагийн байдлыг зөв мэдэрч, хэзээ юуны төлөө зүтгэх вэ гэдгээ бод, ухаангүй явбал ургаа хад өмнө чинь байж байдаг юм, тэр цаг хугацаа чинийх биш байсан бол хүлээн зөвшөөрч сур л гэж хүүхдүүддээ захидаг юм.

-Аль болох эвдрэлцэхгүйгээр зохицох гэсэн харилцааг нь ашиглах гэсэн оролдлого ер нь гарч байв уу?

-Заримдаа олзлогдох гээд байдаг тал бий. Мэдрэмжтэй л байх хэрэгтэй юм даа. Гутлынхаа өсгийний шороог арчдаг хүн их мэдрэмжтэй байдаг юм. Одоо цагт мэдрэмжтэй байна гэдэг их чухал юм байна л гэж би ойлгодог. Хүнд хэдэн булчирхай байдаг юм, бүү мэд. Айдаг, ичдэг, баярладаг, гомддог, уйлдаг гээд хэд байдгийг мэдэхгүй. Гэхдээ тэр бүх булчирхай ажилладаг байх ёстой гэж боддог.

-Дарга нарын айж, ичих булчирхай ажиллахаа больчихдог гэх шүүмжлэл байдаг. Таных хэр ажиллаж байна?

-Тэр аймшигтай. Булчирхай минь ажиллахгүй болчихвий гэхээс би айдаг. Тийм болохоор булчирхайгаа байнга ажиллуулах гэж оролддог шүү.

-НИТХ-ын даргын албыг хашиж, үүрэг хүлээхэд ямар булчирхай илүү ажилладаг юм бэ?

-Хийж чадахгүй, чадаагүй гэдэг нэртэй үлдэх бий вий гэсэн айх булчирхай л илүү зовоож байна даа.

-Зориг орж байна уу?

-Мэдрэгдэж байгаа. Гэхдээ аархал биш. Хурлын дарга учраас бодсон, санаснаа ярьж байна. Өөрийн байр суурийг илэрхийлэх боломж илүү олдож байгаа нь сайхан санагдаж байгаа.

Хүний амьдрал их утга учиртай, тан тунг нь тааруулж амьдрах юм бол зөөлөн зөөлөн замбуулин байдаг юм байна. Тийм учраас Улаанбаатар хотын ажил, амьдралыг зөв дүгнээд горимыг нь зөв голдрилд оруулах юмсан гэсэн бодол байна.

-Таныг хүний амьдрал, харилцаа гэж яриад байгаа болохоор асуучихмаар санагдаад байгаа нэг асуулт байна аа?

-Асуудалгүй ээ, асуу, асуу.

-Хүн талаас нь харвал Хотын Засаг дарга асан Су.Батболдыг танай намынхан их муухай, бас л тэвчихийн аргагүйгээр чичилж байж явуулсан. Ц.Сандуй даргыг мөн л ялгаагүй. Хоёр гараараа хийгээд нүдийг нь ухалгүй яаж сохолж болох вэ гэдэг шиг л дайралтууд үргэлжилсэн. Энэ үед танд эмзэглэл төрж байв уу?

-Байлгүй яах вэ. Бид бүгд хүн, журмын нөхөд, хамт л байсан хүмүүс. Ажил, албан тушаалаас болж нэгнийгээ газар дор ортол чичнэ гэдэг аймшигтай. Нэг төрлийн гамшиг. Бидний ёс суртахууны хэмжүүр цензургүй болсон байна.

Хүний хувийн амьдрал руу орно гэдэг бүр байж болохгүй зүйл. Тэр бол ёс суртахууны хамгийн доод хэмжүүр дээр ирсэн байна гэсэн үг. Ц.Сандуй даргыг хамт олныхоо төлөө л явсан хүн юм болов уу боддог.

-НИТХ-ын даргынх нь ажлыг үргэлжлүүлээд явахад хувь хүнийх нь дэвшүүлсэн санаа, олзуурхууштай зүйл хэр байх юм?

-Сонгуулийн дараа Ц.Сандуй маань НИТХ-ын дарга болоод энэ дөрвөн жил Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэх үе, алтан боломж юм гэсэн. УИХ-ын дарга нь М.Энхболд байсан шүү дээ.

Хотын даргын албыг олон жил хашсан хүн спикер болчихлоо. Ардын нам УИХ, хотын хуралд олонх болчихлоо, тиймээс эрх зүйн шинэчлэлийг хийх жил гэж ярьж байсан. Би түүнийг нь үргэлжлүүлж байна. Тухайн үедээ ч би энэ бодлыг нь дэмждэг байсан.

-Тухайн цаг үед ажил, алба хашиж, тамга барьж байгаа хүмүүс эргээд шинэ үедээ юм уу, дараагийн хүндээ адлагдах энэ бүх увайгүйтлээс ямар ч хүн сургамж авч таараа. Та үүнээс эмээж байна уу. Ирээдүйд таныг яллах хангалттай олон дүгнэлтийг хэн нэгэн хүн гаргаж ирэхэд ямар ч асуудалгүй болж байна шүү дээ?

-Тийм болгоомж бий. Нэр хичээнээ гэдэг шиг алхам бүрээ хянах үе бий. Хүний хорвоо шүү дээ. Тэгэхээр аль болох хамтарч ажиллах л хэрэгтэй болов уу. Тухайн цаг үедээ үзэл бодол нь зөрж таарсан юм байна аа гэх мэтчилэн хүмүүсийг зөвшөөрч бодох хэрэгтэй. Энэ хүний боломж ийм байж, цаг үе нь ингэж таарч гэж бодох ёстой.

Миний эсрэг үйлдэл хийсэн хүнийг “Ингэсэн нь өөрт нь ашигтай байж дээ” л гэж боддог юм. Өнгөрсөн жилүүдэд тийм үйлдэл хийсэн хүн бий, бий. Би өөрийгөө буян хийжээ л гэж боддог юм.

-Та эмээтэйгээ өссөн, эмээгийн хүүхэд юм билээ. Хувийн тань амьдралын тухай мэдээлэл хайж яваад ганц л мэдээлэл олсон нь энэ. Яриаг тань сонсоод сууж байхдаа эмээтэйгээ өссөн болоод ингэж их буян, нүгэл ярьдаг юм болов уу гэж бодогдсон. Эсвэл суурь мөн чанар тань ерөөсөө энэ хэрэг үү?

-Магадгүй. Би Долоон буудалд өссөн. Би 1974 онд нэгдүгээр ангид орсон юм. Тэгэхэд миний эмээ 60 хүрч явсан. Бид хоёр үнээ маллана. Хашаа хороогоо шүүрдэнэ, усаа авна, 40-ийн бидонтой ус тэргэн дээр тавиад л гүйнэ.

Эмээгээ байхгүйд хоёр үнээгээ шувтарна. Тэгээд саасан сүүгээ хөөрүүлээд өрөм загсаачихна. Маргааш нь өрмөө хамж аваад сүүгээрээ тараг бүрчихнэ. Эмээ л намайг ажил хийлгэж сургасан хэрэг.

Намар болохоор Долоон буудлын морин тэрэгтэй өвөө нар хадланд явна. Шаргаморьт, Хандгайт, Их, Багабаяны ам эзгүй байлаа шүү дээ. Ойн цоорхой, модны хаяа хадна. Хоёр үхэртээ хадлан авна. Бас айлын өвсийг олон жил хадаж өгсөн. Хоёр нүдийг минь боочихсон ч би одоо хадлан бэлтгэнэ шүү. Шаардлага гарвал үнээний дэлэн ч шувтарчихна. Надад ёстой асуудал биш.

Тухайн цаг үедээ үзэл бодол нь зөрж таарсан юм байна аа гэх мэтчилэн хүмүүсийг зөвшөөрч бодох хэрэгтэй.

Дээр үед арван төгрөгийн дэрсэн шүүр байсан даа. Туучуурын өвсөнд морин тэрэгтэй өвөө нартай явна. Очоод өвсийг нь зулгаана. Хоёр гар өвсөнд зүсэгдээд, цус гоожно. Гурав, дөрөв хоног өвсөнд нь яваад буцаж ирээд туучуураа хийхэд нь тусална даа.

Ажлын хөлс болгож өвөө нар хоёр ширхэг шүүр өгдөг байсан юм. Нэгийг нь эмээдээ өгөөд нөгөөг нь өвөө нарт өгөөд зах дээр очиж шүүрээ зарахдаа хамт зараад өгөөч гэж гуйна. Тэд шүүрийг минь зараад 10 төгрөг авчирч өгнө. Бас л эмээдээ өгнө. Хүүхэд байхад өлсөж байсан үе ч байсан.

-Эмээтэйгээ байхад уу?

-Тэр үед наранцэцгийн тосыг хотын төвийнхөн л хэрэглэдэг байсан байх. 1980-аад оны эхэн үе дээ. Эмээ бид хоёрын амьдрал ядуу. Max бага иднэ. Тэр үед хоолыг их хийгээд, тогоондоо хонуулаад маргааш нь халааж иддэг байлаа.

Хоносон хоолны шөлөн дээр тос тогтдог шүү дээ. Тэр тосыг нь хамж аваад хуурга хийхдээ ашигладаг байсан. Тийм айл олон байсан шүү. Max бага хэрэглэхээр тос гарахгүй. Тухайн үед морин тэрэгтэй өвөө нар жамц давс шуудайлж зардаг байсан.

Гурав, дөрвөн шанагыг худалдаж авна аа. Нуль шороо, юу авчирч зардаг байсан юм бүү мэд. Шанаганд хийгээд ус гоожуулаад л амьхандаа цэвэрлэнэ. Тэгээд л нүдээд хоолондоо хийнэ.

Гамбир хайрах гэхээр тос байхгүй, усанд хайрна. Бодвол өнөөх жамц давсаараа л гурилаа зуурдаг байсан байх. Усанд хайрна ч гэж дээ түлж байгаа юм л даа. Хурдан хурдан эргүүлэхгүй бол нүүрс болчих гээд эвгүй. Жаахан борлоход нь гаргаж ирнэ. Зарим газраараа түлэгдчих гээд болохгүй ээ. Ураад идэхээр гол жонхуу байна.

Ийм амьдрал туулсан үе бий. Аав, ээж тусдаа. Намайг их залуудаа гаргасан юм. Яагаад ч юм эмээд өгчихсөн. Аав минь тээврийн жолооч, ээж минь нярав байсан. Би найман хүүхэдтэй айлын том нь. Дүү нар ээж, аавтай тусдаа Долоонбуудалд амьдардаг байсан.

-Одоо дүү нар чинь юу хийж байх юм.

-Дор бүрнээ л өөрсдийн ажлаа хийнэ. Зарим нь БНСУ-д ажилладаг. Нэг нь миний жолооч хийгээд, цалин авмаар аядаад надад туслаад байж байна.

-Та хувийн бизнестэй юу. Гэр бүлийн хүн тань юу хийдэг вэ?

-Хувийн компанид л ажиллаж байгаа даа.

-Хотын даргатай таныг харьцуулж харж байна л даа. Хувийн бизнесгүй хүн яаж НИТХ-ын дарга болчихдог юм бэ гээд л?

-Байхгүй. 1989, 1990 онд ганзагын наймаа их хийсэн. 1994 он хүртэл явсан. Алтан үе гэж ярьдаг шүү дээ. Тэр үед “солиорч” байсан, мөнгө их олсон. Түүний улбаа байгаа.

-Их мөнгө олохоор хүн ер нь хэр их өөрчлөгдөх юм?

-Дэлгүүрт ороод юмны үнэ харахаа л больчихдог юм билээ.

Москвад “Гүүм”, “Цүүм” гээд хоёр л том дэлгүүр байдаг байсан юм. Голдуу Европын үнэтэй бараа зардаг. Тийм дэлгүүрт ороод л юм худалдан авна. Анхандаа гарын арван хуруунд багтахаар ганзагын наймаачид байсан юм. Тэр үед төрийн ажил хийдэг байсан хүмүүс ажлаасаа гараад ганзагын наймаанд явсан.

Би ч мөн тэдний адил Улсын киноны ерөнхий газарт ажиллаж байгаад ажлаа орхиод эгчийгээ дагаад Москва, Бээжингийн хооронд наймаа хийсэн. Мөнгийг ч олсон шүү. Орон гэртэй, унах унаатай болж, үр хүүхдээ хоолтой болгосон.

Тэр үед дэлгүүрийн лангуу хоосон байхад Москвагаас молоко, хатаасан хиам гээд юу байдаг юм наймаа хийгээд л буцахдаа хоёр цүнх хүнс авчирдаг байсан. 

-Тэгээд яагаад бизнесээ больчихсон юм бэ?

-Миний хүслээр болоогүй. 1999 онд би айхавтар өвдсөн юм. Гурван жил хэвтэрт байсан. 2001 онд хүнд хагалгаанд орсон. Түүнээс хойш бие сайжирч өгөхгүй гурван жил болсон юм. Ерөнхийдөө зургаан жил гаруйн хугацаанд хэвтэрт байсан.

Би өрх гэрийн төсөв бүрдүүлэгч шүү дээ. Төсөв бүрдүүлэгч хэвтэрт орчихоор хүнд байдалд ордог юм билээ. Ёстой задгай мөнгө тоолсон. Үүгээр талх авна, үүгээр оо авна гээд л. Тэгээд л ажил хийж, эхнэр, хүүхдэдээ талх авч өгөх цалинтай байя л гэж ажилд орсон юм.

-Та энэ үеэ уналтын үе гэж боддог уу?

-Бараг л тийм дээ. Өвчин зовлонд бууж өгөхгүй тэвчээд гарсандаа өөртөө ч, гэрийнхэндээ ч бас их баярладаг юм. Хүний нөөцийн албанд нь ахлахаар ажиллах болсон. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаад, МҮОНРТ-ийнхэн шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж болсон. Боролдойн С.Мягмар захирал захирлаар нь ажиллах болсон.

Дараа Н.Наранбаатар захирал томилогдож эхэлсэн. Хоёулантай нь хамтарч ажилласан байдаг юм. Дараа нь албаны дарга болсон. Хотын дарга асан Ц.Батбаяр хотын захиргаа татаж, хэвлэлийн албаныхаа даргаар томилсон.

-Та тэгвэл “60 тэрбум”-ын гэгддэг хүмүүсийн дэмжлэгээр наашаа ирсэн байх нь ээ?

-Зарим хүний бодлоор тэгж хэлж болох л байх. Ямар ч байсан миний хувьд бүгдтэй нь хамт ажиллаж байсан. Би бодлого гаргадаг хүн байгаагүй шүү дээ.

-Явж явж бодлого гаргадаггүй хүн НИТХ-ын дарга болчихно гэхээр ёстой л таны хэлдгээр аз ч юм шиг. Та аз одонд хэр найддаг вэ?

-Үгүй ээ. Би харилцааг эрхэмлэдэг. Би хүүхдүүддээ таван зүйл хэлдэг юм аа.

Эхнийх нь “Чи бусдад хэн болж харагдах гээд байгаагаас чинь бүх зүйл эхэлнэ” гэж. Өөрийн гэсэн үндсэн имижтэй байна гэсэн үг шүү дээ. Ямар хүнтэй юу ярилцаж байна гээд олон зүйл хамаарна.

Хоёрт нь, “Бусдад таалагдаж ажиллаж, амьдарч явна гэдэг өөрөө их том урлаг юм байна. Энэ урлагт суралц” гэж хэлдэг. Энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн рүү гүйж очиж, бялдуучил гэсэн үг биш. Найзуудынхаа дунд дарга шиг байж болохгүй. Ах дүүсийнхээ дунд орчихоод пээдийгээд яах юм бэ.

Гурав дахь нь саяны хэлдэг харилцааг эрхэмлэ гэдэг үг.

Дөрөвт нь, номын ном гэж бий. Бага, дунд, ахлах, дээд сургууль гээд хүн олон ном сурдаг. Номын номыг ямар ч хүн сурдаг. Гэтэл түүний дээр хүний ном гэж айхавтар том зүйл бий. Хүний номтой явах ухааны тан тунг тааруулж амьдрахыг хүүхдүүддээ сургадаг юм.

Тав дахь шүтээнтэй байх. Хүн бүрт эрхэм, нандин шүтээн байх хэрэгтэй. Тэгээд түүндээ залбирч эрч хүч, итгэл үнэмшил авдаг байх хэрэгтэй. Тэр нь юу ч байж болно шүү дээ. Бурхан, уул ус, нутаг, овоо, аав ээж чинь ч байж болно. Хүн тийм үнэт зүйлтэй байх хэрэгтэй гэж сургадаг юм.

-Та залбирал их үйлддэг юмаа даа?

-Би энүүхэнд, Тавантолгойн ойролцоо нэг жижиг овоонд очиж золгодог юм.

Монгол төрийн Хар сүлдийг тахидаг уулнуудын наахна, бараг хүн очдоггүй жижиг овоо байдаг юм. Хааяа сэтгэл сэмэрсэн үед очдог юм. Яагаад тэнд очдог болсноо мэддэггүй. Арав гаруй жилийн өмнөөс л очдог болсон.

Нүдэнд, сэтгэлд туссан хэрэг байх. Идээний дээж гэж бодсон зүйлээ авч очоод хангай дэлхийдээ өргөчихнө. Тэгээд хэсэг сууна, хааяа хашхирмаар санагдвал хашхирчихна.

Өнчин гэхэд хаашаа юм, над шиг өөрийнхөөрөө явж байгаа хүмүүс ойлгох байх аа. Өглөө босоод л би хамгийн чухал санагдсан зүйлээ хийж эхэлдэг. Өөрийнхөө мэдрэмж, булчирхайнд илүү итгэдэг. Тэр бүхнийхээ хүчинд л өдий дайтай яваа гэж боддог доо.

Зураг