Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улсын банк хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээ танилцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дани улсын томоохон банкнуудын нэг Jyske Bank өчигдөр саятнуудад зориулсан хасах хүүтэй хадгаламжийн үйлчилгээгээ зарлажээ.

Хэдхэн хоногийн өмнө энэ банк хасах хүүтэй орон сууцны зээл гаргаж байв.

Тус банканд 7.5 сая дани кроноос ($1.1 сая) дээш мөнгө хадгалуулбал жилийн хүү нь -0.6 хувь байх ажээ.

Энэ нь нэг сая ам.доллар хадгалуулбал жилийн дараа $6,600 хасагдана гэсэн үг юм.

Jyske Bank-ийн гүйцэтгэх захирал Андерс Дам “Данийн зах зээлд анхны хасах хүүтэй үйлчилгээ 2012 оны хавар бий болж, 2014 оноос хойш зогсож байсан түүхтэй. Харин одоо ийм нөхцөл байдал байнгын болох шинжтэй байна” гэж мэдэгджээ.

Түүний тайлбарлаж байгаагаар сүүлийн жилүүдэд Jyske Bank дахь хадгаламжийн хэмжээ ихээр нэмэгдэж, банк хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өсгөж чадахгүй болоод байгаа гэнэ.

Банкнууд харилцагчийнхаа хадгалуулсан мөнгийг зээл болгон гаргаж, хүүнээс нь ашиг олдог. Гэвч сүүлийн үед эдийн засгийн орчин хүндэрснээс ингэх боломжгүй болоод байгаа ажээ.

Хасах хүүтэй хадгаламж гаргах бас нэг учир шалтгаан нь иргэдийг мөнгөө банканд хадгалуулахын оронд зах зээлд буцаан эргэлдүүлэхийг дэмжиж, эдийн засгийн өсөлт бий болгоход чиглүүлэхэд оршдог гэнэ.

Ганц Дани улсад биш Европын бусад орнуудын банк ч хасах хүүтэй хадгаламж гаргаад байгаа. Швейцарийн аварга банк UBS хоёр сая швейцар франкаас дээш ($2 сая орчим) хадгаламжинд жилийн -0.75 хувийн хүү тооцох талаар судалж байгааг Ройтерс агентлаг энэ долоо хоногт мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider