Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын ерөнхий сайдын цалингийн хэмжээг гэргий нь өмөөрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сингапурын ерөнхий сайдын цалинтай холбоотой маргаанд гэргий нь тайлбар хийжээ.

Тус улсын ерөнхий сайд Ли Сян Лүн жилийн 2.2 сая сингапур долларын ($1.6 сая) цалинтай. Шагнал урамшуулал нь бүрэн багтсан тул ерөнхий сайдын жилийн орлого үүнээс илүү гардаггүй гэсэн үг.

Саяхан Сингапурын нэгэн сайтад Ли Сян Лүний цалинг дэлхийн бусад орнуудын удирдагч нарын цалин хангамжтай харьцуулж, өндөр байгааг шүүмжилсэн нийтлэл гарч байв.

Харьцуулбал АНУ-ын ерөнхийлөгчийн жилийн цалин $400,000 байдаг.

Тэгвэл өчигдөр ерөнхий сайдын гэргий Хо Чинь фэйсбүүк хуудсандаа нөхрийнхөө цалингийн хэмжээг өмгөөлсөн тайлбар бичжээ.

“Дэлхийн ихэнх орны удирдагчид цалингаас гадна олон янзын тусгай хангамж эдэлдэг, жишээ нь туслах, хамгаалалт, үсчин, агаараар үнэгүй зорчих, гэр бүлээрээ үнэгүй амрах гэх мэт. Албан тушаалаасаа буусны дараа ч гэсэн олон хангамж улсаас эдэлдэг. Харин Сингапурын ерөнхий сайдын хувьд цалингаас өөр ямар ч ямба эдэлдэггүй, албан тушаалаасаа буусны дараа хангамж байхгүй, тэтгэвэр ч авдаггүй онцлогтой” гэж тэрээр бичсэн байна.

Дэлхийн улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын дотор Сингапурын удирдагч цалингийн хэмжээгээрээ хол тэргүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус хот улсын иргэдийн дунд баян, хоосны ялгаа нэмэгдэж, сайд түшмэдийн авдаг цалинд шүүмжлэлтэй хандах болсон юм.

Сингапурын засгийн газар сайд нарынхаа цалинг өндөр байдаг нь авлигаас сэргийлэх, мэдлэг чадвартай хүмүүсийг ажиллуулах зорилготой гэж тайлбарлаж байв.

Сүүлд ард иргэдийнхээ бухимдлыг дарахын тулд засгийн газар сайд нарынхаа цалинг ойрын хугацаанд нэмэхгүй гэсэн амлалт өгч байжээ.

Ерөнхий сайдын гэргий Хо Чинь нь тус улсын төрийн өмчит, хөрөнгө оруулалтын аварга компани Temasek Holdings-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Өмнө түүний цалин орлогын талаар шүүмжлэл гарч байсан. Британийн The Independent сонинд саяхан Хо Чинийг өдрийн 300,000 сингапур долларын ($216,000) орлоготой гэсэн мэдээлэл нийтлэгдэж байв.

Ерөнхий сайдыг шүүмжлэгч, төрсөн дүү нь болох Ли Сян Ян энэхүү мэдээллийг гарсны дараа Хо Чинийг цалин орлогоо нийтэд ил болгохыг уриалж байжээ.

Сингапурын компанийн тухай хуулинд төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин орлогыг нийтэд дэлгэх шаардлагагүй гэж заасан байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Bloomberg