Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр эрэн хайх, аврах салбар байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 21 аймгийн 55 сум, нийслэлийн 9 дүүрэгт нийт 67 гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаа явуулж байна.

Бусад 275 суманд гарсан гал түймэр, гамшиг осол дээр Онцгой байдлын байгууллага шуурхай хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө, хүрээлэн буй байгаль орчинд их хэмжээний хохирол учрах эрсдэл гарч байна.

Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн саналын дагуу хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, нягтрал ихтэй:

  • Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги,
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр,
  • Хэнтий аймгийн Баян-Адарга,
  • Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар,
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сум,
  • Өвөрхангай аймгийн Хужирт сум,
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлэх тогтоолын төсөл Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжигдлээ.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 5,498 иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 2,191 иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 2,453 иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 1,914 иргэнд, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 8 сумын 3,613 иргэнд, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 6,888 иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 2,011 иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм.

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулахдаа тухайн аймаг, сумын газарзүйн онцлог, хүн амын нягтрал, сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын давтамж зэргийг харгалзан үздэг байна.

Мөн 4,000-аас дээш хүн ам тутамд 1 Гал түймэр унтраах, аврах анги, 10,000 хүн ам тутамд эсвэл алслагдсан орон нутаг, суурин газарт 6000-аас дээш хүн ам тутамд 1 Эрэн хайх, аврах нэгжийг байгуулах стандартын дагуу тухайн орон нутагт байгуулагдах салбар нэгжүүдийн үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээ болон хүн амын тоо зэрэг шаардлагыг үндэслэн аймаг, орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан шинээр анги, салбаруудыг байгуулж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилтыг биелүүлэн ажиллаж байна.

Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд 40,770 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2,124 хүний амь нас эрсдэн, 13.8 сая толгой мал хоргодон улсад 1 их наяд төгрөгийн хохирол учирсан байна. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 14,259 иргэний амь нас, 215.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.