Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу орж ирэн, төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан БНХАУ-ын иргэдийн бичиг баримтыг иргэн Л.Өнөрчимэг болон “Гүрэнт Монгол” гэх ТББ-ынхан хураан авсан тухайгаа сошиалд мэдэгдсэн.

Тэд нийт 51 хятад иргэний зөрчилтэй бичиг баримт хураан авсан тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэхийн зэрэгцээ “Монголд байгаа бүх хятад иргэнийг хөөж гаргая” хэмээн олон нийтийг уриалаад байгаа билээ. 

Тэгвэл хэн нэгэн иргэн болон төрийн бус байгууллага гадаадын иргэний бичиг баримтыг шалгаж, хурааж авах эрхтэй байдаг эсэхийг хуулийн байгууллагаас тодрууллаа. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Юуны өмнө тэдгээр иргэн, төрийн байгууллагын хийсэн үйлдэлд цагдаагийн байгууллага ямар ч холбогдолгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт, аливаа иргэний бичиг баримтыг зөвхөн төрийн эрх бүхий байгууллага шалгах эрхтэй. Гадаадын иргэн, визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж, шийдвэрлэх ёстой. 

Гадаадын иргэдтэй холбоотой зөрчилтэй зүйл байвал иргэн, ТББ үүнийг хуулийн байгууллагад мэдээллэх л үүрэгтэй. Гэтэл төрийн захиргааны байгууллагын нэрийг барьж, янз бүрийн үйл ажиллагаа явуулах нь хууль, тогтоомж зөрчиж байгаа хэрэг. Тиймээс Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтыг хийж байгаа” гэлээ. 

Харин Гадаадын иргэн харьяатын газрын эрх бүхий албан тушаалтнаас энэ асуудалд хэрхэн хандаж байгааг тодруулахад “51 хятад иргэн бичиг баримтыг зөрчилтэйгээр Монголд байгаа мэтээр нэр бүхий иргэн сошиалд мэдээлэл тараасан. Үүнийг манай байгууллагаас шалгасан. Ингэхэд Налайх дүүрэгт үйл ажиллагааг явуулдаг “Эс Ди Ти Эм” компани 51 хятад иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөлтэйгээр ажиллуулж байсан.

Тэдгээр иргэдийн хөдөлмөрийн гэрээ, оршин суух зөвшөөрлийн хугацаа 2019 оны аравдугаар сарын 1-нд дуусах юм билээ. Тэд бичиг баримтын ямар нэг зөрчилгүй байсан” гэсэн мэдээллийг өглөө. 

Ямартай ч Налайх дүүрэг дэх төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж буй 51 хятад иргэн бичиг баримтын зөрчилгүй байсныг холбогдох байгууллагынхан тогтоосон байна. 

Харин олон нийтийн сүлжээ ашиглан, дур зоргоороо авирласан иргэн, ТББ-ын гэм буруутай эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох юм байна.