Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Макрон нар Путиныг ирэх оны Их Долоогийн чуулганд урихаар тохиролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй Цагаан ордонд уулзахдаа Орос улсыг “Их Долоо”-гийн бүлэгт нэмж, “Их Найм” болгох сонирхолтойгоо ярьсан юм.

“Миний бодлоор энэ бүлэгт Орос улс нэмэгдэх нь илүү зохимжтой” гэж хэлсэн Трамп “Хэрвээ хэн нэгэн үүнийг санаачилбал би дэмжихэд бэлэн” гэжээ.

Трампын мэдэгдлийн дараа Цагаан ордны өндөр албан тушаалтан АНУ, Францын ерөнхийлөгч нар өчигдөр утсаар ярихдаа ирэх жилийн “Их Долоо”-гийн чуулганд Орос улсыг урихаар тохиролцсон тухай CNN сувагт мэдээлсэн байна.

Энэ долоо хоногийн сүүлээр “Их Долоо”-гийн 2019 оны чуулган Франц улсад болох юм. Чуулганы үеэр Трамп, Макрон нар санал оруулж, бусад гишүүн орнуудын удирдагчдаар хэлэлцүүлэх бололтой.

2020 оны “Их Долоо”-гийн чуулганыг АНУ зохион байгуулах юм. Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Францын ерөнхийлөгчийн зуны өргөөнд зочилсон.

Энэ үеэр Макрон, Путин нар Франц-Оросын харилцааг сайжруулах талаар ярилцсан байна. 2014 онд Украинаас Крымийн хойгийг салгаж, өөртөө нэгтгэсний дараа ОХУ-ыг “Их Найм”-аас хасаж байжээ. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр аж үйлдвэржсэн орнуудын бүлгийг “Их Долоо” гэж нэрлэх болсон.

Энэ шийдвэр нь бусад долоон гүрний хамтын шийдвэр байсан юм. Харин Трамп өчигдөр үүнийг тайлбарлахдаа өмнөх ерөнхийлөгч Барак Обама өөрөөс нь илүү ухаантай Путиныг холдуулах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж ярьж байв.

 

Эх сурвалж: CNN