Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-аас 390 орчим төлөөлөгч Улаанбаатарт ирнэ"

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөөнд энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан билээ.

"Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр болсон тэрхүү гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцож, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулах талаар нэгдмэл ойлголтод хүрснээ зарлаж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дээрх төлөвлөгөөнд тусгагдсан соёлын цуврал арга хэмжээ есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга н.Баянжаргал "Соёлын цуврал арга хэмжээнд оролцохоор 390 орчим төлөөлөгч Улаанбаатарт ирнэ. Хүмүүнлэг, соёлын арга хэмжээ нь хоёр улсын найрамдлыг зузаатгаж, ард түмэн хоорондын ойлголцлыг бэхжүүлэх, ирээдүйд хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Хөтөлбөрт найман төрлийн 20 гаруй арга хэмжээ зохион байгуулагдахаар тусгагдсан. Үүнд урлагийн, цирк, ушугийн тоглолт, уран зураг болон гэрэл зургийн зургаан удаагийн үзэсгэлэн, спортын гэх мэт арга хэмжээ багтаж байгаа" хэмээн ярив.

"Хятад орныг танин мэдэх" уриатай зохион байгуулагдах соёлын цуврал арга хэмжээний хөтөлбөр:

  • VIII/30, 31-нд Соёлын төв өргөөнд "Найрамдлын солонго" урлагийн тоглолт,
     
  • IX/5-нд Монголын үндэсний циркт "Хайр бялхсан торгоны зам" цирк, ушугийн тоглолт,
     
  • IX/2-6-ны өдрүүдэд Монголын үндэсний уран зургийн галерейд "БНХАУ-ын 70 жил", "Манай найрамдал", "Түмэн газрын цайны зам" гэрэл зургийн үзэсгэлэн, "Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн", "Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн" тус тус гарна.
     
  • IX/5-нд Улаанбаатар их сургуульд Хятадын ном уншлагын өрөөний нээлт болон ном бэлэглэх арга хэмжээ,
     
  • IX/2-6-ны өдрүүдэд Тэнгис, Гэгээнтэн, Өргөө, Icinemaкино театруудад 10 киног үл төлбөргүй үзүүлэх,
     
  • IX/2-4-ний өдрүүдэд Новотель зочид буудалд Өвөр монгол, Хэбэй мужийн хоолны амталгаа, танилцуулга,
     
  • IX/3-нд Хятад Монголын аялал жуулчлалын харилцааг хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой танилцуулга,
     
  • IX/3-5-ныг дуустал гурван дүүргийн нэгдсэн эмнэлэгт Өвөр монголын олон улсын эмнэлгийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо /IX/3-нд БЗД-ийн эмнэлэгт, IX/4-нд ХУД-ийн эмнэлэгт, IX/5-нд ЧД-ийн эмнэлэгт/ зохион байгуулагдах юм байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Урлагийн тоглолтыг хариуцан ажиллаж буй мэргэжилтэн н.Мэргэн "Цуврал арга хэмжээний урлагийн тоглолтууд агуулгаар баялаг, мэргэжлийн түвшний, Монголын соёлын үндсэн бөгөөд олон талт онцлогийг харуулахаараа онцлог байна. Урлагийн тоглолтоор дамжуулан Монгол Хятад хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Гурван хэсэгтэй тоглолт нийт 14 үзүүлбэрээс бүрдэх бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад улсад үзэгчдийн халуун талархлыг хүлээж байгаа шилдэг бүтээлүүд гэж ойлгож болно" хэмээн танилцууллаа.