Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улс Гринландыг худалдахгүй гэж мэдэгдсэн тул Дональд Трамп айлчлалаа цуцалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 2-нд Данийн хатан хаан Маргарет II-ын урилгаар тус улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан юм.

Тэгвэл Трамп уг айлчлалаа цуцалж байгааг дөнгөж сая твиттер хуудсандаа зарлажээ. Цуцлах болсон шалтгаан нь Данийн засгийн газар Гринланд арлыг АНУ-д худалдах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой гэнэ.

Трампын мэдэгдэлд “Дани бол гайхамшигтай ард түмэнтэй, онцгой улс. Гэвч тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен Гринланд арлыг худалдах талаар хэлэлцэх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн тул би энэ айлчлалаа цуцалж, дараа тохиромжтой цагт хийхээр боллоо” гэсэн байна.

Дараа нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дани улсад хийх айлчлал цуцлагдсаныг баталсан юм.

Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр Дональд Трамп дэлхийн хамгийн том арал гэгддэг Гринландыг АНУ-д худалдаж авах талаар сонирхож байгааг хэвлэлүүд мэдээлж байв.

Трамп өөрөө энэ мэдээг үнэн болохыг баталж, Гринландыг авах талаар Дани улсын засгийн газартай ярилцах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Данийн тал уг санааг эрс эсэргүүцэж, тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен Гринландын талаар албан ёсны яриа хэлэлцээ болохгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Трамп зөвхөн энэ асуудлаас шалтгаалан айлчлалаа цуцалсан нь тэр Гринландыг худалдаж авахыг үнэхээр сонирхож байгааг харуулж байна.

Гринланд арал нь 56,000 хүн амтайн 90 хувь нь уугуул инуит угсаатнууд бөгөөд газар нутгийн 80 хувь нь мөсөөр хучигдсан байдаг.

Тус арал Дани улсын бүрэлдэхүүнд багтаж, өөртөө засах тусгай эрх эдэлдэг юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн уг арлыг $100 саятай тэнцэх алтаар худалдаж авах саналыг Данийн вант улсад тавьсан ч хүлээж аваагүй гэдэг. Одоо энэ арал дээр АНУ-ын армийн Thule агаарын бааз байрладаг юм.

Умард туйлын бүс нутаг дэлхийн их гүрнүүдийн анхаарлыг татаж байгаа энэ үед Гринланд арлын геополитикийн ач холбогдол нэмэгдэж байгаа.

 

Эх сурвалж: BBC