Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Албани улсын удирдагчид балмад иргэнээ шийтгэж, жуулчдаас уучлал гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Балканы хойгийн Албани улсад аялж явсан Испани улсын гэр бүлд тохиолдсон явдлын видео бичлэг өнгөрсөн долоо хоногт интернэт орчинд тарсан юм.

Гэр бүлээрээ аялж явсан испаничууд тус улсын өмнөд хэсэгт орших Порто Палермо хотын нэгэн ресторанд хооллохоор саатжээ. Гэтэл рестораны эзэн тэдэнтэй таагүй харилцаж эхэлсэн тул явахаас өөр аргагүй болсон байна.

Ингээд машиндаа суугаад явахад ууртай эзэн тэднийг зогсоохыг оролдож, салхины шилийг нь хагалжээ. Явж байгаа машины хамар дээр тэгнэж хэвтээд шилийг нь хагалахаар гарнаасаа цус гартал цохиж байгаа этгээд жуулчдыг нэлээд айлгасан байна.

Ингэж хэсэг явсны эцэст ууртай догшин эр машины хамар дээрээс бууж, хаалгыг нь нээхээр оролдох үед жуулчид хөтөчийн хамт зугтжээ.

Энэ явдлын дараа Албани улсын эрх баригчид улс орныхоо нэр хүндийг унагаж, жуулчдыг үргээхээс сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Ерөнхий сайд Эди Рама рестораны ууртай эзнийг олж шийтгэхээ амлаж байгааг фэйсбүүк хуудсандаа бичжээ.

“Манай испани найз нөхөд рүү довтолсон балмад этгээд Албанийн зочломтгой зан заншлыг эвдэж, бид бүгдийг ичгэвэртэй байдалд орууллаа. Бид испани найз нараасаа уучлал гуйж, дахин ирэхийг урьж байна” гэж тэр бичсэн байна.

Ерөнхий сайдын мэдэгдэлд тус улсын аялал жуулчлалын сайд испани жуулчидтай уулзан баглаа цэцэг барьж байгаа дүрс бичлэгийг хавсаргажээ.

Хэлмэгдсэн испаничууд “нэг хүн бүхэл бүтэн улсыг төлөөлөхгүй” гэж хэлээд Албани улсад дахин ирэх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр ярьсан байна.

Албани улс нь удаан хугацаанд коммунист дэглэмийн дор байхдаа гадаад ертөнцөд хаалттай орон байсан юм. Олон жилийн турш иргэд нь хил давах эрхгүй, гадаадын жуулчид энэ улсад нэвтрэх боломжгүй байжээ.

Харин сүүлийн жилүүдэд энэ улс Европын хамгийн сонирхолтой, танигдаагүй аялал жуулчлалын чиглэлд тооцогдох болсон юм.

 

Эх сурвалж: The Guardian