Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд 66 шинэ сөнөөгч онгоц худалдах гэрээг АНУ-ын засгийн газар батлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Тайваньд нийт $8 тэрбумын үнэтэй 66 ширхэг шинэ F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх наймааг Трампын засаг захиргаа өчигдөр албан ёсоор баталжээ.

Энэ алхам нь худалдааны дайн хийж буй Америк, Хятад хоёр орны харилцааг муутгах бас нэг шалтгаан болж байна.

Онгоц нийлүүлэх асуудал яригдаж эхлэх үеэр Хятадын гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлж байв. “Тайваний асуудал бол Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой. Хэрвээ зэвсэг нийлүүлэхээ зогсоохгүй бол гарах бүх үр дагаварыг АНУ-ын тал хүлээх болно” гэж уг эсэргүүцэлд өгүүлж байжээ.

Тайваньд онгоц нийлүүлэх гэрээг Конгресс дахь хоёр намын төлөөлөл хүчтэй дэмжсэн байна.

АНУ нь “Нэг Хятад” зарчмыг дэмжиж, Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ 40 жилийн өмнө батлагдсан Тайваньтай Харилцах Хуулийн хүрээнд зэвсэг техник нийлүүлсээр ирсэн түүхтэй.

Өнгөрсөн сард Трампын засаг захиргаа 108 ширхэг M1A2T Абрамс танк, нисэх онгоц сөнөөх Стингер зөөврийн пуужин харвагч зэрэг нийт $2.2 тэрбумын зэвсэг Тайваньд нийлүүлэх гэрээг баталсан юм.

Дээрх зэвсгүүдийг Тайваний талын хүсэлтээр нийлүүлж байгаа бөгөөд эх газрын Хятадын түрэмгийллийг эсэргүүцэхэд зайлшгүй шаардлагатай гэж тайлбарласан байна.

2010 оноос хойш АНУ-ын засгийн газар Тайваньд нийт $15 тэрбум орчмын дүнтэй зэвсэг нийлүүлсэн байдаг. Өчигдөр батлагдсан гэрээ нь үнийн дүнгээр сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн том наймаанд тооцогдож байна.

 

Эх сурвалж: CNN