Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: АН-аас ирүүлсэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналыг хүлээж авах боломжгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажил УИХ-д суудалтай намын бүлэг, зөвлөл дээр гацаад буй. 

Өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт эхэлсэн МАН-ын бүлгийн хурал өнөөдөр ч үргэлжлэв. Өнөөдөр 11:00 цагт зарлагдсан бүлгийн хурал удаан үргэлжлэлгүйгээр завсарласан юм. Харин АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмж тусгуулах саналаа МАН-ын бүлэг, зөвшилцлийн ажлын хэсэгт хүргүүлснээ өчигдөр мэдэгдсэн. 

Өнөөдрийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээс АН-тай зөвшилцөх шийдэл гарсан. Үүний дагуу зөвшилцөх ажил үргэлжилж байна. Өчигдөр АН-аас албан ёсоор 25 санал ирүүлсэн. Үүний 17-г нь хүлээж авах боломжтой, найм нь огт өргөн баригдаагүй учир хэлэлцэх боломжгүй гэж үзсэн

АН-аас байгалийн баялагтай холбоотой, парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд олон санал өгсөн. Эдгээр саналууд хөндөгдсөн учраас хүлээж авах боломжтой гэж үзсэн. 

Харин парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх, олон улсын шүүх байгуулах зэрэг саналуудыг хүлээж авах боломжгүй юм. 

Сонгуулийн тогтолцооны хувьд АН-аас холимог байх санал ирүүлсэн. Энэ дээр хоёр талаасаа ярилцаж байгаа. Мөн тус намаас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болъё гэдэг санал ирүүлсэн. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ асуудлыг шийдсэн. УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн тохиолдол эгүүлэн татдаг болъё гэдэг заалт орчихсон. Тиймээс АН-ын саналыг тусгасан гэж үзэж байгаа.  

Үүнээс гадна ахиад хэд хэдэн чиглэлд АН-ыг албан ёсоор байр сууриа илэрхийлээч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдана гэсэн.

АН-ын зөвлөлийн хуралдааны шийдийг хараад манай намыг бүлгийн хурал завсарлалаа. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зүйл байгаа. Энэ ажлууд өнөөдөр дуусах байх. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногийн Пүрэв гарагт чуулганаар хэлэлцэхийг зорьж байна” гэлээ.